Уран уургач, бугуйлчдын тэмцээнд Айраг сумын адуучин Т.Түвшин-Эрдэнэ түрүүллээ

Уран уургач, бугуйлчдын тэмцээнд Айраг сумын адуучин Т.Түвшин-Эрдэнэ түрүүллээ

 

Сайншанд сумын ЗДТГ-аас санаачилж МҮОНТ-ийн спортын сувагтай хамтран хоёрдугаар сарын 24-нд зохион байгуулсан “Адуучин” тэмцээнд Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий,Сүхбаатар, Өмнөговь аймаг, нийслэлийн 44 шилдэг адуучин уурга шүүрэх, морьтой уургалах, явган шургуулж уургалах, эмнэг булгиулах зэрэг төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Монгол Улсын аварга малчин, спортын мастер, улсын гурван удаагийн аварга уургач Мараахайн Чинбатын нэрэмжит  тэмцээний тэргүүн байрт Дорноговь аймгийн Айраг сумын адуучин Т.Түвшин-Эрдэнэ, дэд байрт  Дорноговь аймгийн Мандах сумын адуучин Г.Минийбиш, гутгаар байрт Хэнтий аймгийн адуучин П.Мягмар-Эрдэнэ, дөрөвдүгээр байрт Говьсүмбэр аймгийн адуучин О.Ням, тавдугаар байрт Дундговь аймгийн адуучин П.Энх-Отгон нар тус тус шалгарав.

Тэмцээний шүүгчээр Монгол Улсын хүлэгч, уран уургач Н.Шаравдорж, улсын аварга адууч Ц.Хишигсүрэн, Үндэсний сурын спортын мастер, морины зүтгэлтэн н.Дорж  нар ажилласан юм.

Чинбат гуай  гахайн жилийн сар шинийн босгон  дээр улсын аварга малчин болсон бөгөөд  мал аж ахуйн салбарт 38 жил ажиллахдаа  мал сүргээ таван төрлөөр нь гарз, хорогдолгүй өсгөн бойжуулж отор нүүдлийг тогтмол хийхийн сацуу 1990 онд сумын сайн малчин болж байжээ.

Харин 2004 онд аймгийн алдарт уяач, 2004 онд морин спортын төрөлд Монгол Улсын Спортын мастер цол, 2008 онд мянгат малчин, 2010 онд аймгийн аварга малчин, 2010 онд Монголын морин спорт, уралдааны үндэсний холбооны шагнал “Шилдэг хүлэгч” шагналыг тус тус хүртсэн.

 

Дорноговь /МОНЦАМЭ/. 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen