УИХ-ын гурван гишүүнийг эрэн сурвалжлах тогтоол гаргаж болзошгүй

УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн нэрээр зээл авсан хэмээн буруутгаж яллагдагчаар татан шалгахаар болоод буй. Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ хуулийн дагуу УИХ-д хүргүүлсэн ч Халдашгүй байдлын дэд болон Хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн авч үлдсэн билээ.

 

Тэгэхдээ “Мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй тул шалгалтаа дуусгатал түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан гишүүд дуудсан цагт нь нэг удаа АТГ-т очиж мэдүүлэг өгсөн, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулаагүй” 

хэмээн дүгнэсэн. УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Г.Солтан нар өөрсдөө ч АТГ-ын дуудсан цагт очиж мэдүүлэг байцаалтаа өгнө хэмээн чуулганы танхимд хэлж байсныг үзэгчид цэнхэр дэлгэцээрээ харсан.

Б.УНДАРМАА ЯЛЛАГДАГЧААР ТООЦОХ ТОГТООЛТОЙ ТАНИЛЦЖЭЭ

Чуулганы танхимд, “ангийн” нөхдийнхөө нүүрэн дээр, ард түмнийг зурагтаар харсаар байхад “Дуудсан цагт нь очно” хэмээн өгүүлж байсан дээрх дөрвөн гишүүний гурав нь хууль сахиулах байгууллагаас явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй нь тодорхой болов. АТГ, НПГ-аас дээрх дөрвөн гишүүнийг яллагдагчаар тооцохоор болж, тогтоолыг нь гишүүдэд танилцуулахаар дуудсан боловч утсаа салгаж, алга болсон байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр гишүүн Б.Ундармаа “Доктор МЭИК” гэх компаниараа дамжуулж ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт шалгуулж байгаа бөгөөд тэрбээр энэ долоо хоногийн эхээр очиж яллагдагчаар тооцох тогтоолтой танилцсан байна. Яллагдагчаар татагдсанаа хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцахгүй, мөрдөгчийн мэдэгдэх хуудас болон прокурорын зарлан дуудах хуудсыг авахгүй байгаа гэнэ. Уг нь яллагдагчаар татах прокурорын тогтоолыг даруй танилцуулах хуультай бөгөөд ингэхийн тулд АТГ-ын мөрдөгч нар дээрх гишүүдийн өөрсдийнх нь утас, гэрийн хаягаар болон туслах, өмгөөлөгч, УИХ-ын Тамгын газраар дамжуулж зарлан дуудах хуудас өгсөн юм байна. Хариуд нь Д.Дамба-Очирын туслах нь “гишүүн ОХУ-д ажлаар явж байгаа” гэсэн бол бусад нь ямар ч хариу өгөхгүй байгаа аж. Л.Энхболд, Г.Солтан нар эх орондоо бий боловч албан ёсны хаягтаа байхгүй хэмээж буй нь хуулийн байгууллагын үйл ажиллагаанаас зайлсхийж байгаа хэлбэр хэмээн мөрдөгчид хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир өөрийнхөө компанийг дүүгийнхээ нэр дээр шилжүүлэн тус компанид барьцаагүй зээл авч өгсөн. Ингэхдээ хэд хэдэн хууль журам зөрчсөн. Бусад аж ахуйн нэгж барьцаа тавьж байхад Д.Дамба-Очир барьцаагүй зээл авсан. Дүү нь иргэн М-тэй нийлж, уул уурхайн хайгуул хийх, гөлтгөний үйлдвэр барих тоног төхөөрөмж авна гэсэн нэрээр зээл авч, тал хувийг нь уул уурхайн компанидаа шилжүүлэн, үлдсэнийг нь нэр бүхий зээлдэгч нар хувьдаа авсан нь шалгалтаар нотлогдоод байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Солтаны хувьд ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” компанид ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргасны дагуу уг мөнгийг авсан байдаг. Мөрдөн шалгалтын явцад Г.Солтан нь малын тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх төсөл бичиж, УИХ-ын гишүүний 2018 оны дөрөвдүгээр сарын 16-нд 4081 дугаартай албан бичгээр “Төслийг дэмжиж ЖДҮХС-аас хөнгөлөлттэй зээл олгож өгөхийг хүсье” гэсэн нь тогтоогдсон. Хүүгийнх нь нэр дээрх компани жижиг, дунд үйлдвэрээр бүртгүүлээгүй талаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан билээ.

УИХ-ын гишүүн Л.Энхболд бусдад төлөх өрөө барагдуулахын тулд “Х” тайлан гаргадаг байсан, автомашинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр үүсгэн байгуулсан иргэн О-ийн компанийг Ч гэх хүнд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч, мах боловсруулах “Дэлгэр говь” төсөл бичүүлэн, 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд төслийг дэмжихийг хүссэн албан бичиг ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хүргүүлэн, ЖДҮХС-гаас 950 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбоотой. Түүнийг энэ сарын 15-ны 18.00 цагт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирж, тогтоолтой танилцах тогтоол хүргүүлсэн ч хүлээн аваагүй юм байна. Улмаар 16-ны 09.00 цагт ирэхийг мэдэгдсэн бичиг өгсөн ч бас л хаягтаа байхгүй, утас нь холбогдохгүй байснаас мөрдөгчид гардуулан өгч чадаагүй гэнэ. Эцэстээ УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонд хүргүүлэхэд боломжгүй гэсэн хариу өгсөн аж.

НЭР БҮХИЙ ГИШҮҮН АТГ-ЫНХНЫГ ХЭЛ АМААР ДОРОМЖИЛЖЭЭ

Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганд оруулах үеэрээ “Одоо бидний яриад байгаа хүмүүсийн оруулж ирсэн төсөл анхны шүүлтүүрээр буюу 1041 төслөөс л хасагдах төслүүд байсан. Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны үндсэн дээр тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг прокурор нягтлаад үндэслэлтэй гэж үзсэн. Өөр гишүүдийг ч шалгаж байгаа. Шаардлагатай бол бас оруулж ирнэ” хэмээн мэдэгдсэн. Энэ үеэр ч ЖДҮХС-гаас зээл авсан гэх дуулианд холбогдсон зарим гишүүн хэл амаар доромжилж буйг хэлсэн билээ. Тэгвэл өчигдөр зарим цахим хуудсанд “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид УИХ-ын 23 гишүүнийг яллагдагчаар татан шалгах саналыг Прокурорын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байгаа” хэмээн мэдээлсэн байв.

Харин прокурор, АТГ-ын эх сурвалжууд энэ мэдээлэл ташаа гэдгийг хэлсэн юм. Гэхдээ нэр бүхий хэд хэдэн гишүүнийг шалгаж буй ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа. Тэдний дунд прокурор, АТГ-ын мөрдөгчдийг хэл амаар доромжилж “Ажилгүй болгоно, ална, хална” гэх мэтээр дайрсан нэгэн эрхэм байгаа юм билээ.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд саад учруулж, дуудсан цагт ирэхгүй байгаа дээрх гурван гишүүнийг хэрхэх талаар прокурорын байгууллагын эх сурвалжуудаас лавлахад “Нэр бүхий гурван гишүүн өөрсдийн үндсэн хаягтаа байхгүй, гар утсаа салгаад олдохгүй байгаа учраас улс даяар, цаашлаад олон улсад ч эрэн сурвалжлах тогтоол үйлдэн эрэн сурвалжлуулна” хэмээж байгаа аж.

unuudur.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen