Эрх баригчид 4 ЖДҮ-чин гишүүнээ авч үлдэж чадлаа
Өчигдөр чуулганы хуралдаанаар УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуралдаан бүтэн өдөр шөнийг хамарч хуралдсан бөгөөд эцсийн дүндээ ЖДҮ-чид бүрэн эрхтэй үлдсэн юм.
Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулсан. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, дөрвөн гишүүнийг огцруулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Мөн Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороо хуралдаж дэд хорооны саналыг дэмжсэн байдаг. Ийнхүү олны хүчээр ЖДҮ-чдээ эрх баригч намынхан хамгаалан авч үлдлээ.
Харин тэднийг прокурор ямар ямар үндэслэлээр эргүүлэн татах санал оруулсанг сонирхуулъя.
УИХ-ын гишүүн Л.ЭНХБОЛД
УИХ-ын гишүүн Л.Энхболдын хувьд охиныхоо нэр дээр ЖДҮХ сангаас зээл авсан байдаг. Тодруулбал, өөрийн охин Мандухайн нэр дээрх "Мийт Экспорт Интернэшнл" 1 тэрбум 300 сая тэрбум төгрөгийн зээлийг 2016 оны 12 дугаар сард авсан. Улмаар 2017 оны 11 дүгээр сард "Мийт Экспорт Интернэшнл" компанийн хувьцааг Э.Чагнаасүрэнд шилжүүлжээ. Харин Э.Чагнаасүрэнгийн эзэмшилд дэх "Хас Говь Транс" компани ЖДҮХ сангаас өнгөрсөн оны зургаадугаар сард 950 сая төгрөгийг зээл авсан байна. Э.Чагнаасүрэнгийн хувьд Л.Энхболд гишүүний туслахаар ажилладаг. Мөн ЖДҮХ сангаас Жаргалант Харвест 1.2 тэрбум зээл авсан байгаа бөгөөд үүнийг ч Л.Энхболд гишүүний хамааралтай хэмээж байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Энхболд ЖДҮХ сангаас авсан зээлийн хөрөнгөөр бусдаас авсан зээлээ төлсөн байдаг байна.
УИХ-ын гишүүн Б.УНДАРМАА
УИХ-ын гишүүн, бизнесмен хатагтай Б.Ундармаа нь 2017 онд ЖДҮХ сангаас “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийг зээлсэн байдаг. Мөн өөрийнх нь 99.98 хувийг нь эзэмшдэг “Капитал” банк нь жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮХ сангаас авсан байдаг. Тодруулбал, “Капитал” банк нь ЖДҮХ сантай гэрээ байгуулан 2011, 2016 онуудад зээл авсан байдаг. Улмаар 2017 оны 10 сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны гүйцэтгэх захирал гурав хамтарсан гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээ нь 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги гэж хоёр тэрбум төгрөг нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жилээр чөлөөлөгдөх, алданги нь 0.014 хувь байх гэрээ ил болсон. Мөн тус гэрээний хамгийн эхэнд төсвийн тухай хуулийн 38.1.10, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 сарын 3-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн гэж бичсэн байгаа. Гэтэл тэр 43 дугаар тэмдэглэл дээр нь энэ гэрээний талаар огт дурдаагүй байна.
Тэгвэл Б.Ундармаа гишүүний “Доктор МЭИК” ЖДҮХ сангаас зээл авах нэрсээс хасагдсан байсан байна. Гэвч УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдын алдарт тушаалаар зээлийн жагсаалтад багтаж чадсан байгаа юм.
УИХ-ын гишүүн Г.СОЛТАН
УИХ-ын гишүүн Г.Солтан нь ЖДҮХ сангаас “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. Г.Солтан гишүүний хувьд "Монгол шаазан" компаниар зээл авахаар материал өгсөн ч зээлийн шаардлага хангаагүй тухай прокурор үндэслэлдээ дурьджээ. Мөн материалаа баталгаажуулаагүй байсныг тогтоосон байна. Хамгийн ноцтой зүйл бол ЖДҮХ сангаас авсан мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн гэсэн.
УИХ-ын гишүүн Д.ДАМБА-ОЧИР
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын хувьд “Сапфир стоун” ХХК-ийн ЖДҮХ сангаас зээл авсан асуудалтай нэр холбогджээ. “Сапфир стоун” ХХК нь ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн тушаалаар 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. “Сапфир стоун” ХХК-ийг Мянганбаярын Бат гэх хүний мэдэлд байдаг аж. Мөн тус компани нь үйл ажиллагаа, хөрөнгө орлогын талаарх мэдээлэл тун бүрхэг бөгөөд зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн тодорхойгүй байгаа юм.
Тэгвэл прокурорын түдгэлзүүлэх үндэслэлд Д.Дамба-Очир барьцаагүй зээл авсан байна. Ингэхдээ Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авчээ. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хувааж авсан байдаг байна.