М.Энхболд: Л.Болд гишүүнд "Бодь" цамхагийнх нь газрыг би өгсөн шүү

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Eрөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тус хуралдаанаар УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үгийг хүргэж байна. 

"Сүүлийн үед нэг хүн рүү, тухайлбал над руу дайрах, давшлах, гүтгэх, гүжирдэх явдал хэмжээнээсээ хэтэрлээ. Надаар ч зогсохгүй гэр бүл, үр хүүхдүүд рүү минь дайрч давшилж байна. Гэхдээ төрийн аливаа ажил хуулийн хүрээнд явагдах ёстой гэж үздэг. Энэ бүх зүйлийг үнэн худал нь тогтоогдож, олон түмэнд бодит мэдээлэл очих цаг ирэх байх найдаж байна. 

УИХ-ын 40 гишүүн намайг огцрохыг шаардаж, гарын үсэг зурсан. Би үүнийг нь хууль зүйн үндэслэлтэй эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Харин байнгын хороо уг асуудлыг судалж үзээд, хуульд УИХ-ын даргыг огцруулах таван үндэслэлийн дунд УИХ-ын гишүүдийн тавьж байгаа шаардлага нийцэхгүй байна гэж үзсэн. Энэ нь уг гишүүдийн шаардлага хуульд үндэслэгдээгүй байгааг нотолж байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль ч энэ 40 гишүүний өргөн барьсан асуудлыг хуулийн хүрээнд болгож байгаа гэж ойлгож байгаа. 

Сүүлийн үед хууль хяналтын бүх байгууллагыг нэг хүн удирдаж байгаа мэтээр ор үндэслэлгүй яриаг тарааж байгаа. Хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа хэн нэгэн албан тушаалтнаас хараат бус байх ёстой гэж би боддог. УЕП өнгөрсөн арваннэгдүгээр сард Хууль зүйн байнгын хороо дээр мэдээллээ хийсэн. Хуулийн байгууллагууд өөрсдийн шалгах ёстой зүйлсээ хийгээд явах байх. Ингэх нь ч зүйтэй. Ямар нэгэн хуулийн байгууллагын даргыг би санаачилж, санал болгосон зүйл байхгүй. Энэ хүмүүсийг хуулийн дагуу Ерөнхийлөгч санал болгож, зөвшилцөж, цэцийн гишүүд баталдаг. 

Мөн сая уул уурхайн салбарын тухай хөндөгдлөө. Би 2017 онд ДНБ-ий таваас дээш хувийн орлогыг олж болох хэмжээний 49 орд газрыг стратегийн орд болгоё гэж УИХ-д өргөн барьж байсан. Харамсалтай нь тухайн үед Ц.Нямдоржоор удирдуулж байсан УИХ 15-ыг нь батлаад, бусдыг нь стратегийн орд газар болгох шаардлагагүй гэж үзсэн. Сая Батзандан гишүүний дурдсан Асгатын ордыг өргөн барьж байсан. Хэрэв тухайн үед шийдэгдэж чадсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй байсан байх. 

Эрдэнэт үйлдвэрийн тухай ярилаа. Энэ асуудлаар хоёр удаа ажлын хэсэг байгуулж байсан. 49 хувийг худалдсан талаарх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгээс оруулж ирсэн хуулийн тогтоолыг УИХ-аар оруулж батлуулсан. Би өөрөө дэмжиж батлуулсан. Анх 49 хувийг худалдсан гэх мэдээг сонсоод 2016 оны зургадугаар сарын 28-нд сонгуульд олонхи болж чадвал үүнийг шалгах болно гэж би үүрэг даалгавар өгч байсан. 

Улаанбаатар хотын удирдлагаар 5-6 жил ажиллахдаа намайг газар зарсан, наймаалсан гэж ярьж байгаа. Үнэхээр баримт нотолгоотой зүйл байгаа бол гаргаж ирээд шалгах хэрэгтэй. Үүнийг шалгах эрхтэй цагдаа, тагнуул, прокурор, Засгийн газар нь байна. Би газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу батлагдсан хэмжээнд нь газрыг нь олгож, олон ажлын байр бий болгож, хотын өнгө үзэмжийг нэмэхэд хувь нэмрээ оруулсан.

Одоо тэр жагсаал цуглааныг зохион байгуулаад байгаа Л.Болд гишүүнд Бодь цамхгийг барих газрыг би өгсөн. Л.Болд гишүүн тэр газрыг юугаар авснаа хэл л дээ. Өнөөдөр өөрөө тэнд заларч л суугаа шүү дээ. УИХ-ын даргын хувьд дараад хойшлуулаад байгаа асуудал надад огт байхгүй шүү. Би Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг дэмжиж байгаа. Зөв гэж бодож байгаа" гэлээ.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen