Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй байна

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  өнөөдөр “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах МОН-8 төслийн Удирдах хороог хуралдуулж, барилгын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.
Удирдах хорооны хурлаар төслийн хэрэгжилтийн хүрээнд тулгамдсан асуудлуудтай танилцан дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Монгол Улсын Засгийн Газрын хүлээх үүргийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлж ажиллах, Эмнэлгийн мэдээллийн систем, зайн оношилгооны асуудлаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж, нэгдсэн нэг програм хангамжтай болгох ажлыг зохион байгуулахыг төслийн удирдах хороо ажил хариуцсан нэгжид даалгав.

190 нэр төрлийн 1580 тоног төхөөрөмж суурилуулахад бэлэн болоод байна.

 Төслийн удирдах хорооноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захиргаа болон Төсөл хэрэгжүүлэх нэгжид Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөхийг үүрэг болгов.
Уг төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа өндөр хүчин чадал бүхий хавдрыг эрт үед нь оношилдог орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд болон алсын зайн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, програм хангамжтай, сургалтанд хамрагдаж мэргэшсэн эмч мэргэжилтнүүд бүхий иж бүрэн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтанд орно.

Мөн төслийн Монгол талын хөрөнгөөр санхүүжих хэсэгт Эмчийн хөгжлийн төвийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэхүү төв ашиглалтад орсноор Резидент эмч, мэргэжилтнүүдийн дадлага хийх, манекан дээр ажиллах, сурах орчинг сайжруулах таатай нөхцөл бололцоо үүсэх юм.

Одоогийн байдлаар барилгын ажил 93 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа бөгөөд Эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн хувьд 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэгдэхээс Монгол Улсад 190 нэр төрлийн 1580 тоног төхөөрөмжүүд суурилуулахад бэлэн болоод байна.

Мөн Бүгд найрамдах солонгос улс болон Монгол Улсад сургалтад хамрагдан бэлтгэгдэх эмч, мэргэжилтнүүд БНСУ-ын Ёнсей эмнэлэгийн сургалтад хамрагдан сүүлийн ээлжний 8 хүн энэ сарын 14-ний өдөр БНСУ-ыг зорих бөгөөд Монгол Улсад зохион байгуулах сургалтууд эмнэлэг ашиглалтад орох үеийн туршилт шалгалтын үед хийгдэх юм. 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. 

Орчин үеийн шаардлага, стандартад нийцсэн Үндэсний оношилгоо эмчилгээний төвийн үндсэн 103  ортой, 15,468 м2 талбайтай барилга болон туслах барилга байгууламжууд, тэдгээрийн гадна шугам сүлжээ, зам талбай, тохижилтыг бүтээн байгуулалтыг хийж байна.  Мөн эрүүл мэндийн нарийн мэргэжлийн болон нэгдсэн эмнэлгүүдэд зайн оношилгооны систем, 5 бүсийн оношилгоо эмчилгээний төвд зайн оношилгооны тусгай зориулалт бүхий автомашин болон зайн оношилгооны системийг нийлүүлэх  бөгөөд зайн оношилгооны систем суурилагдах эмнэлгүүд хоорондоо холбоотой ажиллах юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen