Махны үнэ өссөн нь “хужаагийн” буруу

Мах магнаг болжээ. Хүчит шонхор зах дээр ямааны мах 6,700, хонины мах 7,800 төгрөг байна гэнэ. Нийслэлд махны үнийг хамгийн багаар барьдаг ганц зах. Захын лангуунууд эзгүйрч, лангуу түрээслэгчид нь махаа бөөндөж чадахгүй лангуугаа хааж эхэлсэн гэнэ. 60 сая малтай монголчууд мах идэж чадахгүй байгаад бас л “хужаа нар” буруутай. Эмээлтэд ирсэн мал, махыг хятадууд бөөнөөр нь үнэ цохиж авч нядлаад урагшаа гаргаж байгаа тул нийслэлчүүд ийнхүү махны гачаалд оржээ. Нядалсан малынхаа толгой шийр, гэдэс дотрыг хөдөө хээр гаргаж ил задгай хаядгаас гуу жалга сэг зэмээр дүүрч, зэрлэг ноход нь дийлдэхээ больжээ. Мал нядалж буй хятадуудаас ядарсан, зүдэрсэн улс толгой, цувдай гуйхад нь өгдөггүй, бөөнөөр нь овоолж, өт шавхайнд бариулж байгаад хүн байтугай нохой тоохооргүй болсон хойно нь хог дээр хаядаг л гэнэ. Ингээд бидний ээлжит сэдэв эхэллээ дээ. Одоо бол утаа юу юм, тийм биз дээ? 60 тэрбум ЖДҮ юу юм, идэх махгүй байхад. Муусайн хужаа нар...

Мартсанаас мал мэнд үү? гэгчээр 2016 оны сонгуульд охохдоо МАН юу гэлээ? “21:100” хөтөлбөр дэвшүүлж аймаг болгонд махны үйлдвэр барина аа гэсэн. Сонгуулийн дараа Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрт суулгасан. Гэтэл сонгуулийн жил хоёр дахь хагасынхаа талд орчихаад байхад 100 байтугай нэг ч үйлдвэр байгуулсангүй. Аймаг болгонд махны үйлдвэр барьдаггүй юм гэхэд нийслэлдээ ганцыг барьчихаагүй. Гэтэл Эмээлт зах 18 махны үйлдвэртэй. Үйлдвэр ч гэж дээ, мал нядалгааны газар. Бүгд хятад эзэнтэй. Түүгээр дамжин Монголын “буян” урагшилж буй хэрэг. Харин бид “Мах магнаг боллоо” хэмээн толгойгоо дуу дуугаа авалцаад үлдлээ.

Жилийн жилд л “Махны үнэ тэнгэрт хадлаа” хэмээн дээр дооргүй шаагиж, төсвөөс мөнгө гаргаж “нөөцийн мах” бэлддэг. Энэ жил бүр тэр нь ч байхгүй бололтой юм. ХХААХҮ-ийн дэд сайд Д.Сауле өнгөрсөн хавар нийлүүлсэн махаа ярьснаас биш энэ жил хэдийг бэлтгэснээ хэлсэнгүй. Арга ч үгүй биз дээ, сайд нь ЖДҮ-ийн зээлийн хэргээр дээлээ нөмрөхдөө тулаад байгаа. Мах магнаг болсныг сая анзаарсан ХХААХҮЯ-ны нөхөд “Үнэ өссөн шалтгааныг судлах ажлыг хэсэг байгуулсан” гэнэ. Бас л том тэнэгтэж байгаа юм шүү. Хүчит шонхор дээр мах зарж, авч байгаа захын наймаачин “Хятадад гахайн өвчин гарсан учраас манайхаас мах ихээр зөөгөөд байна аа” гээд ярьж байна шүү дээ. Мэргэжлийн хяналтынхан ч үүнийг нь баталсан.

Улсад нь гахайн өвчин гарлаа гээд Монголоос махаа зөөж байгаа хятад иргэд ямар “эх оронч” вэ. Харин ямар ч гай гамшиг, өвчин тахал болоогүй байхад бэлчээрт байгаа малаа тууж авчираад тогоондоо хийчихэж чаддаггүй монголчууд ямар өрөвдөлтэй вэ? Байг гэхэд ЖДҮ-гээс тэрбум тэрбумаар нь зээл авсан манай гишүүд тойрогтоо нэг нэг махны үйлдвэр байгуулчихаад “Би улсад хэрэгтэй юм хийсэн” гэж хуцвал бас болох гээд байна шүү дээ. (Ингэхэд тэд зээлсэн мөнгөөрөө яг юу хийснийг гурван сар хөөгөөд мөшгөөд хэлж чадахгүй байгаа манай хуулийнхан бүр л “супер” ш дээ)

Б.Заяа

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen