Хятад улс авлигын эсрэг нэг сая гаруй өндөр албан тушаалтанд хатуу шийтгэл хүлээлгэжээ

БНХАУ энэ мягмар гаригт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас нээлттэй эдийн засагт шилжсэний 40 жилийн ойг тэмдэглэлээ. БНХАУ-ын Коммунист намын тэргүүн, БНХАУ-ын дарга Си Зиньпин энэхүү үйл явдлыг тохиолдуулан Ардын Их Хурлын ордонд 3000 гаруй зочид, намын зүтгэлтний өмнө 01.30 цагийн илтгэл тавьж, энэ хугацаанд Хятад улс хэрхэн хөгжин цэцэглэж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болсон тухай өгүүлсэн юм.

Тэрээр илтгэлдээ эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулж ядуурлаас гаргах болоод нам төрд буглаж буй авлига хээл хахуулийг үгүй хийх тухай голчлон дурджээ.

Эдийн засгийн хүрээнд

“Бид эвлэн нэгдэж, чадварлаг манлайлагчидтай хамтран ажилласаар энэ богино хугацаанд түүхэн хөгжлийг улс орондоо авчирч чадлаа. Цаашдаа ч энэ хэвээр зогсолтгүй хөгжин ямар ч том гүрний нөлөөнд авталгүй улс орныхоо эдийн засгийг хөгжүүлж, дэлхий нийтэд улам нээлттэй болгоно”  хэмээн өгүүлжээ. Гэсэн ч тэрээр цаашид эдийн засгаа хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа огтхон ч дурдаагүй байна. Шинжээчид түүний энэхүү үгийг АНУ-руу шууд чиглэсэн хэмээн үзсэн бөгөөд хоёр улсын хоорондох худалдааны сөргөлдөөнтэй холбоотой хэмээн дүгнэжээ. Гэсэн ч зарим судлаачид Си Зиньпиний энэхүү илтгэлд олон улсын хөрөнгө оруулагчид “сэтгэл дундуур” байна гэж үзжээ. Хөгжлийн тодорхой бодлогоо олон нийтэд ил болгохгүй байх нь зах зээлийн эдийн засагт хөрөнгө оруулах итгэл буурах юм хэмээн Economist Intelligence Unit-ийн Хятад судлаач Том Рафферти өгүүлжээ.

АНУ, БНХАУ хоёр улсын худалдааны зөрчилдөөн олон хөрөнгө оруулалт, хамтарсан бизнесүүдийг царцааж, уналтад оруулах хандлагатай байгааг мөн дурджээ. Энэхүү илтгэлийн дараа олон улсын хөрөнгийн бирж дээр Хятадын томоохон компани, төрийн өмчид бондуудын хувьцаа 0.8-3 хүртэлх хувиар унасан нь шинжээчдийн энэхүү таамгийг баталж байгаа юм.

Олон улсын шинжээчид Си Зиньпинийг “үлгэрийн мэт амлалт өгсөн ч яаж бодит болгохоо өгүүлсэнгүй” хэмээн үзжээ.

Авлига хээл хахуулийн тухайд

Си Зиньпин 2013 онд БНХАУ-ын даргаар сонгогдсон цагаасаа авлига хээл хахуультай хүчтэй тэмцэж, олон төрлийн кампанит ажил зохион байгуулсаар иржээ. Түүний эхлүүлсэн Коммунист намын гишүүдийг хууль ёсыг чандлан сахиулах кампанит ажлын хүрээнд нэг сая гаруй төрийн албан хаагчид, намын өндөр албан тушаалтнуудад хатуу шийтгэл хүлээлгэсэн юм. Тэрээр энэхүү кампанит ажил цаашдаа ч хэрэгжинэ гэж амлаад “Намын улс төрийн дотоод орчинг цэвэрлэх, зарчимч байдлыг чанд сахих, формализм, хүнд суртал, үрэлгэн байдалтай бүхий л хүчин чадлаараа тэмцэж, авлига хээл хахуультай тэмцэх байр суурийг бид хатуу баримтлах болно” гэжээ.

Ядуурлыг бууруулах тухайд

БНХАУ-ын Коммунист нам 40 жилийн өмнө Дэн Сяопины санаачилгаар эдийн засгийн “өөрчлөлт шинэчлэлтийн бодлого”-ыг  хэрэгжүүлж эхэлснээс хойш эдийн засгаа тасралтгүй хөгжүүлж, нэг хүнд ногдох ДНБ-ээ 200 дахин нэмэгдүүлж чадсан болохоо дурдаж, цаашдаа ч энэхүү тоогоо өсгөнө хэмээв. Мөн “Хятадын ард түмний дунд мянган мянган жилийн турш оршсоор ирсэн өлсгөлөн, гачаал бүхэн ард үлдсэн” гэв.

 

Itoim.mn

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen