“Гахайн гурван тооройны гайхамшгийг бүтээсэн үлгэр" Харшийн сүлд модны наадам эхэллээ
Олон Улсын Хүүхдийн Найрамдал Цогцолборт жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг харшийн сүлд модны наадам хүүхэд багачуудын дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн амжилттай эхэллээ. Тус наадам 12-р сарын 20-26-ны өдрүүдэд Найрамдал цогцолборт зохион байгуулагдаж байгаа бөгөөд эрхэм хүүхэд багачууддаа цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн,баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилж хүүхдүүд нэг өдрийн аз жаргалаар дүүрэн өнгөөрөөж байна.
1981 оноос өнөөг хүртэл 40 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү наадамд тухайн жилд зохиогдсон олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулан оролцуулдагаараа бусад ижил төстэй сүлд модны наадмаас онцлогтой юм.
Тус харшийн наадмыг дэд захирал, МУСТА Б.Отгонбат зохиолыг бичиж найруулсан бөгөөд энэ удаа "Гахайн гурван тооройны гайхамшгийг бүтээсэн үлгэр” нэртэйгээр тоглогдож байна.Тоглолтонд Улаанбаатар хот, Сэлэнгэ, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор,Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймгуудын 100 гаруй урлагийн авъяаслаг хүүхдүүд уран бүтээлчид оролцож байна.