Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай тэнгэртээ морджээ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай тэнгэртээ морджээ

 

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай бурханы оронд заларчээ. Энэхүү гунигт мэдээг Ө.Пүрэвсүрэн фэйсбүүктэй оруулсан байна.  Нэрт зохиолч, яруу найрагчийн гэр бүлд  гүн эмгэнэл илэрхийлье.

Шаазгай шиг шагшираад муу мэдээ зарлаад байх ч хэцүү л юм. Гэхдээ харуусахгүй, сэтгэлийн зул өргөхгүй байхын арга алга. Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай маань тэнгэртээ морджээ. Барааг нь харж, заримыг нь бараадаж өссөн уран зохиолын сүмбэрүүдийг минь буцах цагийн будан биднээс булааж одох нь юутай уйтай. Монголын утга зохиолд яасан ч хариг, хатуу жил вэ. Тэнгэрийн хүү, тэнгэрлиг найрагч тэндээ амгалан амирлиг дээ.

Ум ма ни бад ми хум.

Ш.Сүрэнжав 1938 оны  гуравдугаар сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн. МУИС, ОХУ-ын Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утгазохиолын дээд сургуулийг төгссөн. Түүний “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Шөнө өргөсөн цэцэг” найраглал нь олон түмний дунд түгэн дэлгэрчээ. “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран”сайхны киноны зохиолыг бичсэн. 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртсэн дахин давтагдашгүй авьяастан байсан юм. 

Төрийн шагналт, Монгол Улсын Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав

"Тэнгэрийн хүү"

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан

Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн

Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж

Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан

Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч

Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч

Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч

Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан

Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь

Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан

Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин

Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан

Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан

Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан

Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан

Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан

Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур

Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм

Сэрэхтэй нь зэрэг би явна

Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж

Морин толгойтой хууранд тань

Монгол аялгууг хоршин дуулж сууна

Хүмүүс минь ээ

Газрыхан минь ээ

Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй

Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна

Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Гантиг чулуу минь чи

Ганцхан энэ мөрийг минь

Гайгүй сайн тогтоож аваарай

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм.

https://www.facebook.com/photo.php?fbid=2286960311336619&set=a.636939033005430&type=3&theater

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen