130 жилийн өмнө цахилгаан машин бүтээжээ

130 жилийн өмнө цахилгаан машин бүтээжээ

 

Ихэнх хүн АНУ-ын  автомашин үйлдвэрлэгч “Тесла” компаниар үйлчлүүлдэг. Гэсэн ч бусад орон энэ загварын машиныг  үйлдвэрлэж хөгжүүлэхэд анхаарч ирсэн байна. Тухайлбал, ОХУ ирэх жил  цахилгаан машин бүтээснийхээ 130 жилийн ойг тэмдэглэх гэж байна.  “Дижитал мотор” сэтгүүлд  нийтлэлч Сергей Корнеев  “Оросын цахилгаан машины түүх орос зохион бүтээгч Борис Якоби  дэлхийн анхны цахилгаан хөдөлгүүрийг  бүтээснээр 1834 онд эхэлдэг” гэж бичжээ. Харин энэ бүтээлийг  зүтгүүрийн хөдөлгүүрийг бүтээх хүртэл хэрэглэсэн ажээ. 1889 онд төмөр замын инженер Ипполит Романов Оросын анхны цахилгаан машиныг бүтээсэн байна. Түүний гаргасан загварын дагуу задгай, битүү гэсэн хоёр  машин угсарчээ. Босоо  байрлуулсан аккумлятор нь машины бусад эд ангиас  хөнгөн нимгэн хавтангаараа ялгардаг байсан байна.

Харин аккумляторын хайрцгийг  жолоочийн суудал дор байрлуулдаг байжээ. Инженер Ипполит Романовын зураг төслөөр бүтээсэн хоёр тусдаа хөдөлгүүр нь  4.4 квт хүчин чадалтай, цагт 39 км хурдалдаг байсан аж.  Харин модон дугуйтай энэ машинд пүрш суулгаснаар доргиог  зөөллөдөг байсан байна. Үүнээс гадна 720 кг жинтэй байснаас аккумлятор нь 350 кг татдаг байсан гэнэ.

Гэвч анхны орос цахилгаан машиныг нийтэд зориулж үйлдвэрлэх боломжгүй байсан гэж сэтгүүлд бичсэн байна. Харин 1899 онд хоёр хөдөлгүүртэй, цагт 19 км хурдалж 60 км газар туулах чадвартай,1600 кг, 15 хүний багтаамжтай цахилгаан автобус  бүтээжээ.  Үүний дараа 1902 онд Москвагийн “Дукс” үйлдвэрт зочид буудлын үйлчилгээнд ашиглах зориулалттай  20 хүн  багтах жижиг хийлдэг дугуйтайгаараа өмнөх машинаас ялгаатай цахилгаан автобус  угсарсан байна.  Харин 1935 онд анхны ЗХУ-ын ГАЗ-А цахилгаан машиныг угсарснаас гадна ЗИС 5 дээр суурилсан 1800 кг хог зөөвөрлөх даацтай цахилгаан хогны машин бүтээжээ. Дээд хурд нь цагт 24 км байсан байна. Мөн 1970 онд “Лада” машины үйлдвэрлэлд тулгуурласан  цахилгаан машин бүтээх анхны оролдлогыг хийж олон удаа туршжээ. Гэвч энэ машиныг бүтээхэд тулгарсан хамгийн том бэрхшээл нь  өвөл машиныг эрчим хүч ашиглаж дотроос нь дулаацуулах асуудал байсан байна. 1980 онд Москвад болсон олимпийн тэмцээний шүүгч  нарт үйлчлэхэд ашигласан “РАФ 2910” машиныг  жилийн өмнө Рига хот дахь автомашины үйлдвэрт угсарч  гаргажээ. Энэ цахилгааны машин нь цагт  дунджаар 30 км хурдалж,100 км газар туулах хүчин чадалтай  байсан ажээ. Гэвч энэ машинд тулгарч байсан гол асуудал нь шийдэгдээгүй хэвээр байсан нь хөнгөхөн, хар тугалган аккумлятороос хамаагүй хүчин чадалтай  аккумлятор бүтээх байв. Зохион бүтээгчид үүнийг шийдвэрлэхийн тулд нарны эрчим хүчээр ажил­ладаг хавтанг бүтээжээ.

Харин одоо ОХУ  цахилгаан машиныг идэвхтэй хөгжүүлж байгаа юм. Ялангуяа,  “Калаш­ников” консорциум энэ салбарт тэргүүлэгч  бусад  компанийг ардаа орхих зорилгоор супер цахилгаан машин бүтээхээр ажиллаж байна.  Мөн Москва  2021 оноос  одоо нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусыг цахилгаан автобусаар солихоор  төлөвлөжээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Х.ОЮУНБОЛД

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen