Төрийн өмчийг “Пума Империал” компанийнх болгосон Д.Бямба-Очирын илбэ-2
“УБДС” ТӨК-ийн Д.Бямба-Очир төрийн өмчид байх ёстой дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг “Пума Империал” компанид шилжүүлснээ Засгийн газрын тогтоол, ТӨХ-ны тогтоолын дагуу хийсэн гэдэг. Гэтэл тэр нь төрийн буюу нийтийн өмчийг хувийн хэвшилд өгсөн ийм л үйлдэл. Төрийн болоод нийтийн эрх ашгийг ноцтой зөрчсөн нэг ёсны “дээрэм” юм. Үүнийгээ “Би ажлаа хийсэн” гэх юм уу, “Төрийн албаны үүргээ биелүүлчихлээ” гэж болохгүй л дээ.
Энд хоёр асуудал байна. Нэгдүгээрт, төрийн мэдлийн, дээр нь нийслэлийн төв хэсэгт байгаа цорын ганц дулаанаар хангах үүрэг бүхий станц. Хуульд зааснаар ойролцоох бүхий л хэрэглэгчдийг дулаанаар хангах үүрэгтэй. Хоёрдугаарт, төрийн мэдлийн цахилгаан, дулааны станцууд улсын онцгой обьектод тооцогдох ёстой. Энэ бол “Пума Империал” компани юм уу, өөр хэн нэгэн хувийн өмч болгоод авчихаж болохгүй гэсэн үг.
Ийм станцтай болоход хэцүү. Халаалтын тоног төхөөрөмж оруулж ирэхэд ч хүндрэлтэй. Манайхан мундагтаа чадчихсан ч юм биш. Ер нь бол Азийн хөгжлийн банк, “КОЙКО” олон улсын байгууллагын зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын хэмжээнд дулаан дахин дамжуулах төвүүд барьсан байдаг юм билээ. Түүний нэг болох Улаанбаатар хотын топ байршил дахь дулааны станцын тоног төхөөрөмжийг Д.Бямба-Очир “Пума Империал” компанид өгчихсөн, ийм л асуудал. Учир иймээс хоёр талын хооронд байгуулсан гээд буй гэрээ хэлцлийг шүүх хүчингүй болохыг нь тогтоочихоод байна. Энэ эхний асуудал.
Дараагийнх нь “Пума Империал” компани тус станцыг авангуутаа нийслэлийн төв хэсэгт монополь эрх тогтоох гэсэн явдал. Тухайлбал, тус компани дулааны станцыг өөрийн мэдэлд шилжүүлэн авсаны дараа хаяа залгаа Хүмүүнлэгийн ухааны их сургууль буюу Эрдмийн их сургуулиас нэгэн гомдол шүүхэд очжээ. Учир нь “Пума Империал” компани дулааны станцыг худалдаж аваад хаяа залгаа хөрш байгууллагынхаа дулааны шугамыг тасалсан байна.
Хичээлийн байр нь халаалтгүй болсон учрыг асууж, тайлбарыг нь сонссоны дараа тус сургуулийн захиргаа төрийн өмчийг хувьдаа авчихаад бойкот хийж буй хөршөө шүүхэд өгчээ. “Пума Империал” компанийн үйлдэл “ Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т “Стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангагдах” эрхийг зөрчсөн. Мөн Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлж, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалтттай нийцэхгүй байгааг Эрдмийн их сургууль шүүхэд гаргасан гомдолдоо дурджээ.
Ер нь бол цахилгаан, дулаанаар хангах үүрэг нь төрийн өмчийн компанид байна. Эсвэл энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий компани ийм эрх бүхий юм. Тэгвэл “Пума Империал” компани халаалтын төхөөрөмжийг хувьдаа худалдаж аваад ашиг олох гэсэн нь шударга бус үйлдэл болох нь харагдана.
Энэ бол ганц л жишээ. Төрийн өмчийг хувийн компанид шилжүүлсэн дээрх үйлдлийн ард авлига авсан, өгсөн явдал байна уу эсвэл өөр сонирхол байна уу. Биш бол түүгээр дамжуулан хамтарч ашиг олох гэсэн хэлцэл байв уу гэдгийг АТГ болон хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох биз ээ.
Ер нь бол Монголыг хэрсэн авлигын сүлжээнд Төрийн өмчийн хороо, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨК, Мэргэжлийн хяналтын байгууллагууд толгой цохидог. Хэзээнээсээ ийм байсан. Тэгвэл төрийн өмчийг “Пума Империал” компанийнх болгосон Д.Бямба-Очирын үйлдэл анхных биш гэсэн үг юм. Түүний нэр дурдагддаг, 2009, 2010 оны үеэс Төрийн өмчийн хороо, Дулааны цахилгаан станцтай холбоотой яригдаж байсан асуудлууд ч бий. Жишээ нь Зайсанг байшингаар дүүргэсэн хувийн компаниудын дулаан, цахилгааны урьдчилсан нөхцлийг авлига аваад шийдэж өгөөд байсан гэлцдэг. Тухайн үеэс эхлээд Зайсангийн амыг хэрсэн орон сууцны хорооллууд бол хот төлөвлөлтөд ороогүй дур мэдэж барьсан байшингууд шүү дээ. Гэтэл дулаан, цахилгааны асуудлыг нь шийдэж өгөөд байсан байдаг.
Тухайн үед тэдгээр орон сууцны хорооллыг дулааны шугам сүлжээнд холбох юм бол Зайсангийн амныхан, цаашилбал Хан-Уул дүүргийнхэн ташраараа халах тухай ойлголт байхгүй мөсөн хонгил болох бүрхэг ирээдүй хүлээж байгааг хэвлэлүүд хөндөж байв. Бодит байдал тийм байсан. Тэгвэл ерөнхий шугамд холбох дулааны сүлжээг Зайсанг байшингаар дүүргэсэн барилгын компаниудын оройд заларсан “Сөүл” группын эзэн, “Зайсангийн тэргүүн хатагтай” нэр аваад байсан Д.Өнөрболорын эзэмшлийн “Мантууш” компани өөрсдөө хулгайгаар хийж, тэр нь юу юугүй холбоход бэлэн болчихсон гэсэн мэдээлэл гарч байсан юм. Тухайн үед “УБДС” ТӨК-ийн захирлаар мань Д.Бямба-Очир ажиллаж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.ДАМДИН-ОЧИР