Төрийн өмчийг “Пума Империал” компанийнх болгосон Д.Бямба-Очирын илбэ

Төрийн өмчийг “Пума Империал” компанийнх болгосон Д.Бямба-Очирын илбэ

 

Б.ДАМДИН-ОЧИР

Ер нь Монголын төр өмчөө хэнд хариуцуулахаа сайтар судлах, албан тушаалд очиж байгаа хүнийг хэн бэ гэдгийг мэдэж томилох ёстой юм гэдгийг ЖДҮХС-гийн зээл тойрсон хэрэг маш тодорхой харууллаа.

Тэгвэл 500 төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх “УБДС” ХК-ийн захирал Д.Бямба-Очиртой холбоотой бас нэг ноцтой асуудал босч ирлээ. Тэрээр ийм мөнгө аваагүй гэ жзарим хэвлэлээр залруулга мэдээ гаргасан.

Харин энд өгүүлэх мэдээлэл бол баримттай. Бүр нэг хөгийн үйлдэл байгаа юм.

Д.Бямба-Очир “Пума Империал” компанийн захирал С.Энхтуяатай 2012 оны тавдугаар сарын 8-ны өдөр Дулаан хангамжийн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгөх, хүлээн авах 2012/03 дугаартай гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээг нэг талаас “УБДС” ХК-ийн дэд захирал Р.Хайдав, “Пума Империал” компанийн ня-бо Б.Цэрэндулам нар Засгийн газрын 2008 оны 148 дугаар тогтоол, ТӨХ-ны 2011 оны 61 дүгээр тогтоолыг үндэслэн байгуулсан гэжээ.

Энэ нь Азийн хөгжлийн банкны урт хугацаатай зээлийн санхүүжилтээр “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж, төрийн өмчийн бус хуулийн этгээдйн барилга байгууламжид суурилуулсан дулаан хангамжийн тоног төхөөрөмжүүдийг уг хуулийн этгээдэд хүлээлгэн өгч, тоног төхөөрөмжийн үнийг гаргуулан Сангийн яаманд төвлөрүүлэх агуулга бүхий гэрээ юм. Өөрөөр хэлбэл, уг гэрээний хавсралтаар Тоног төхөөрөмжийг шилжүүлэх акт үйлдэж 62 912 297 төгрөгийн үлдэх өртөг бүхий “ТК415” Халаалтын цогц төхөөрөмж болон хими ус цэвэрлэгээний ком тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.

Ингээд харахаар Засгийн газрын тогтоол, ТӨХ-ны тогтоолыг тус тус үндэслэсэн тунчиг өө сэвгүй гэрээ харагдана.

Гэвч ийм үгээр халхавчлан, ингэж худлаа бичээд төрийн өмчийг “Пума Империал” компани руу “гулгуулсан” болохыг шүүх тогтоочихсон байна.

Азийн хөгжлийн банкны урт хугацаат зээлийн хөрөнгөөр суурилуулсан “ТК415” Халаалтын цогц төхөөрөмжийг“Пума Империал” компани руу шилжүүлэхээр “УБДС” ХК-ийн захирал Д.Бямба-Очир, тус компанийн захирал С.Энхтуяа хоёрын гэрээ байгуулахдаа үндэслэсэн Засгийн газрын тогтоол, ТӨХ-ны тогтоол нь шал өөр утга агуулгатай байсан байгаа юм.

2008 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 148 дугаар тогтоолд “…Төрийн өмчийн бүртгэл, хяналт шалгалтыг сайжруулахтай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежерийн саналыг үндэслэн хэрэгжүүлж байхыг ТӨХ-ны дарга Д.Сугарт даалгасугай” гэсэн байна. Үүнд дээрх  “ТК415” Халаалтын цогц төхөөрөмжийг“Пума Империал” компани руу шилжүүлэх тухай нэг үг, үсэг ч алга.

Харин Засгийн газрын 2009 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 284 дүгээр тогтоолд “…Азийн хөгжлийн банкны урт хугацаатай зээлийн санхүүжилтээр “Дулааны үр ашгийн төсөл”-ийн хүрээнд бий болсон хөрөнгийн зарим хэсгийг эзэмшиж байгаа Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа орон сууц нийтийн аж ахуйн компаниудтай шинээр гэрээ байгуулж, уг зээлийг төлүүлэх арга хэмжээг авахыг Сангийн сайд С.Баярцогт, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга Г.Мөнхбаяр нарт даалгасугай” гэжээ. Бас л  “ТК415” Халаалтын цогц төхөөрөмжийг“Пума Империал” компани руу шилжүүл гэсэн үг алга.

Ингээд ТӨХ-ноос Засгийн газрын дэрх тогтоолыг үндэслэн 2011 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Хөрөнгө, зээл, зээлийн хүүгийн төлбөр шилжүүлэх тухай 61 дүгээр тогтоолыг гаргасан байгаа юм. Түүндээ “…Нийслэлийн өмчлөлд 2 883 706 233 төгрөгийн балансын үнэ бүхий хөрөнгийг зээл, зээлийн хүүгийн төлбөрийн хамт нэгдүгээр хавсралт ёсоор шилжүүлэх, тогтоолын 1/а дахь заалтад дурьдсан хөрөнгийг нийслэлийн өмчлөлд бүртгэх,  холбогдох урт хугацаат зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 284 дүгээр тогтоолын 2 дахь үаалтыг хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээг авч ажиллахыг НӨХГ-ын дарга Ч.Однасанд үүүрэг болгосугай” гэсэн байна.

Уг тогтоолын Нэгдүгээр хавсралтад  “ТК415” Халаалтын цогц төхөөрөмжийг Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа орон сууц нийтийн аж ахуйн компанид шинээр гэрээ байгуулж шилжүүлэн өгүүлэхээр оруулсан байгаа юм.

Гэтэл Д.Бямба-Очир “Пума Империал” компанитай гэрээ байгуулж, түүндээ дээрх Засгийн газрын тогтоол, ТӨХ-ны тогтоолын дугаарыг тавьж байгаад шилжүүлчихсэн байна.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen