Улаанбурханаар өвчилсөн 6 хүний бие хүнд байна

Улаанбурханаар өвчилсөн 6 хүний бие хүнд байна

 

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр (2026.03.25) ээлжит мэдээллээ танилцууллаа. Тус мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд найман шинэ тохиолдол батлагдаж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 14,435-д хүрээд байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь Улаанбаатар хотод, нэг нь орон нутагт бүртгэгджээ.

Одоогийн байдлаар улаанбурхан өвчний дэгдэлт 379 дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд нийт 15 хүн уг өвчний улмаас нас бараад байна.

Энэ нь өвчний тархалт удаан хугацаанд буурахгүй байгааг илтгэж буй. Эрсдэл өндөр хэвээр байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байгаа юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн хувьд 43 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 24 нь нийслэлд, 19 нь орон нутагт байна. Өвчтөнүүдийн биеийн байдлыг ангилбал зургаан хүн хүнд, 34 хүн дунд зэрэг, гурван хүн хөнгөн оноштойгоор эмчлүүлж байгаа бол зургаан иргэн гэрийн нөхцөлд хяналтад байгаа аж.

Мөн халдварын тархалтыг судлахад насны хувьд бага насны хүүхдүүд, ялангуяа 0–14 насныхны дунд өвчлөл өндөр хувь эзэлж байгаа нь дархлаажуулалтын хамрагдалттай шууд холбоотой байж болзошгүйг илтгэж байна.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ товлолт вакцинд бүрэн хамруулах, мөн вакцин хийлгэсэн эсэх мэдээллээ өрх болон сумын эрүүл мэндийн төвд баталгаажуулан цахим бүртгэлд оруулах шаардлагатайг зөвлөлөө.

Улаанбурхан нь агаараар дамжин халдварладаг, халдварлах чадвар маш өндөртэй ч вакцинжуулалтаар бүрэн сэргийлэх боломжтой өвчин юм. Иймээс иргэд халдвар хамгааллын дэглэмийг сахих, олон нийтийн газраар явахдаа амны хаалт хэрэглэх, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлах, эмнэлэгт яаралтай хандах нь чухал байна.

Эрүүл мэндийн байгууллагуудаас халдварын тархалтыг бууруулахын тулд иргэдийн оролцоо, хариуцлага хамгийн чухал гэдгийг дахин сануулж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen