“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ
“Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг тооцохдоо тухайн компани эдийн засагт орсон болон оролцоогүй хоёр загварыг харьцуулж, гарсан зөрүүгээр үржүүлэгчийн нөлөөг тодорхойлжээ.
Үндэсний статистикийн хорооноос салбар хоорондын тэнцлийг таван жил тутам байгуулдаг. 2010, 2015, 2019 онуудад шинэчилжээ. 2020 он нь Ковид-19 цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд онцгой өөрчлөлт орсон жил байсан учраас хэвийн жилийн буюу 2019 оны гүйцэтгэлээр байгуулсан юм.
“Оюу толгой” 2013 оноос зэсийн баяжмал үйлдвэрлэж, экспортод гаргаж эхэлсэн учраас 2015 оны салбар хоорондын тэнцлийн мэдээлэлд үндэслэн “Оюу толгой” компанийн 2015-2018 оны, 2019 оны салбар хоорондын тэнцлийн мэдээлэлд үндэслэн 2020-2024 оны шууд, шууд бус, өдөөгдсөн болон нийт үржүүлэгчийн коэффициентыг тооцжээ.
Цаашид “Оюу толгой” эдийн засгийн аравны нэгийг бүрдүүлэхээр байна.
Ийнхүү тооцоход 2015 онд нийт үржүүлэгчийн коэффициент 1.261 байжээ. Энэ нь “Оюу толгой” -н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл Монгол Улсын эдийн засагт 261.3 сая төгрөгийн эрэлтийг нэмэлтээр бий болгож байсныг харуулав.
Харин 2024 онд нийт үржүүлэгчийн коэффициент 1.623 болж, нийт үржүүлэгчийн нөлөөгөөр бий болсон нэмэлт эрэлт 623.4 сая төгрөг болж, 2.4 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 2015-2024 оны хоорондох “Оюу толгой” -н нийт эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь 2.4 дахин нэмэгджээ.
Нийт эдийн засагт үзүүлж буй нөлөөний дотор шууд бус нөлөөний үржүүлэгч хоёр дахин нэмэгдсэн бол өдөөгдсөн нөлөөний үржүүлэгч гурав дахин нэмэгджээ.
Энэ хугацаанд “Оюу толгой”-н ханган нийлүүлэгчид, гэрээт компаниудын үйл ажиллагааны үр нөлөө хоёр дахин, “Оюу толгой”, ханган нийлүүлэгчид, гэрээт компаниудын ажиллагчдын цалин орлогын нөлөөгөөр бий болох үр нөлөө гурав дахин нэмэгджээ. “Оюу толгой” компанийн шууд бус нөлөөнөөс илүүтэй өдөөгдсөн нөлөө, тодруулбал дотоодын болон орон нутгийн бизнест үзүүлэх нөлөө илүү өндөр байна.
Үржүүлэгчийн нөлөөгөөр “Оюу толгой” 2016 онд Монгол Улсын эдийн засгийн 1/3-ийг бүрдүүлж байсан бол 2022 онд гүний уурхайг ашиглалтад оруулснаар эдийн засгийн тал хувийг бүрдүүлжээ.
2023 оноос хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил дууссанаар үйлдвэрлэлийн хэмжээ тогтворжиж, эдийн засагт 9.4%-9.7%-ийг эзлэх болжээ. Цаашид “Оюу толгой” эдийн засгийн аравны нэгийг бүрдүүлэхээр байна.
Эх сурвалж: MMCG, "Монгол Улсын эдийн засаг, нийгэмд “Оюутолгой” ХХК-ийн оруулж буй хувь нэмэр судалгаа"-наас



