"Хризо праза групп"-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцална
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд (2026.03.21) ажиллажээ.
Засгийн газрын шийдвэрийн дагуу хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг таслан зогсоох, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг мөн Бугант суманд ажиллажээ.
Тус суманд үйл ажиллагаа явуулж буй долоон ААН-ийн үйл ажиллагааг цуцлах боллоо. Тухайлбал, Монгол Улсын хууль журмыг үл тоон үйл ажиллагаа эрхэлсэн "Хризо праза групп" ХХК-ийн уурхайн талбайд ажиллаж, БОУАӨЯ-аас гаргасан дүгнэлтийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг АМГТГ-т үүрэг болголоо.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням "Ашигт малтмалын салбар бол Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал салбар. Байгалийн баялаг бол төр, ард түмний өмч. Иймд төрөөс хууль ёсны үйл ажиллагааг дэмжинэ. Харин хууль бусаар алт олборлогчдод хатуу арга хэмжээ авна" гэлээ.
Ашигт малтмалыг хууль бусаар олборлох нь байгаль орчинд экологийн ноцтой хор хохирол учруулж, тухайн бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал алдагдах, татвар төлбөрөөс зугтаах, мөнгө угаах, далд эдийн засгийг бий болгох зэрэг сөрөг нөлөөтэй.
Иймд, хууль бусаар ашигт малтмал олборлох, газрын хэвлий хөндөх зэрэг хууль бус үйл ажиллагаатай хатуу тэмцэхээ салбарын сайд илэрхийлээ. Ажлын хэсэгт АҮЭБЯ, БОУАӨЯ, ЦЕГ, Экологийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг байгууллагуудын албан хаагчид багтжээ.



