Тэнгэрт хадсан махны үнэ
Нийслэлийн зах, худалдааны төвүүдэд махны үнэ огцом өссөн нь иргэдийн дунд хамгийн халуун сэдэв болоод байна. Өдөр тутмын хүнс болох мах ийнхүү “тансаг хэрэглээ” мэт үнэтэй болсон нь айл өрхийн амьдралд бодит дарамт учруулж буйг зах дээрх уур амьсгал илтгэнэ. Өнөөдөр Улаанбаатар хотод хонины болон үхрийн махны үнэ 20–25 мянган төгрөгөөс давж, зарим зах дээр 30 мянгыг ч шүргэж байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад мэдэгдэхүйц өсөлт юм. Энэ нь зөвхөн албан ёсны статистикаар бус, зах зээлийн бодит байдлаас тод харагдаж байна. Гэвч иргэдийн бухимдал зөвхөн үнэ өссөнд бус, үнийг тогтворжуулах ёстой төрийн бодлого бодит амьдрал дээр хэрэгжихгүй байгаад илүүтэй чиглэж байв.
Бид Баянгол, Баянзүрх дүүргийн томоохон зах, худалдааны төвүүдээр явж махны үнийг газар дээр нь сурвалжиллаа. Тухайлбал:
- Барс худалдааны төвд хонины мах 21–22 мянган төгрөг, үхрийн мах 27–31 мянган төгрөг
- Баянзүрх захад хонины мах 24 мянга, үхрийн мах 26.5–31 мянган төгрөг
- Бөмбөгөр худалдааны төвд хонины мах 22 мянга, үхрийн мах 26–30 мянган төгрөг
- Хархорин захад хонины мах 18.5–22 мянга, үхрийн мах 24–28 мянган төгрөг
- Харин Хүчит Шонхор захад хонины мах 20 мянга, үхрийн мах 25–28 мянган төгрөгийн үнэтэй байна.
Эдгээр үнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хонины мах дунджаар 7,000–7,300 төгрөгөөр, үхрийн мах 11,000–12,000 төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ижил төрлийн мах зах бүрт ингэтлээ зөрүүтэй үнэтэй байгаа нь өмнөх жилүүдэд бараг ажиглагддаггүй байсан бөгөөд энэ нь иргэдийн дунд илүү их эргэлзээ, бухимдлыг төрүүлж байв.
Зах дээр мах авахаар явж байсан иргэдийн нэг “Өмнө нь кг мах авахдаа ингэж боддоггүй байсан. Одоо бол лангуун дээрх үнийг харахаас айдаг болчихлоо. Нэг удаа мах авахад л цалин дуусах нь. Өдөр тутмын хүнс нь ийм өндөр үнэтэй байхад цалин яаж хүрэлцэх вэ. Махнаас өөр өчнөөн хэрэглээ байгаа шүү дээ. Махны үнэ ингэж өссөн нь худалдагч нар амандаа орсон үнээ хэлдэгтэй холбоотой гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар зах ер нь эзэнгүй, ил хуль, худалдан авалт ч маш бага харагдаж байна” хэмээн ярив.
Харин “Go to” маркетын махны тасгийн худалдаачин махны үнийн өсөлтийг дараах байдлаар тайлбарлав. Тэрбээр “Малчдын зах нээгдсэнээс хойш малчид сайн, муу мах ялгалгүй нэг л үнэ хэлдэг болсон. Бид тэр үнээр нь л авч байна. Өмнө нь худалдагчид мах авахдаа тарга тэвээрэг, чанараас нь хамаараад үнийг нь ялгаж авдаг байсан. Харин одоо малчид өөрсдөө шууд зарж борлуулж байгаа учраас ямар ч шалгуур алга. Миний хувьд Дэнжийн мянгаас махаа авч эндээ эвдэж, шулаад зардаг. Гэтэл Дэнжийн мянгын зарим худалдагч, малчид ирмэгц бүх махыг нь шууд авчихдаг, тэгээд бидэнд авсан үнээсээ нэмээд зарна. Бид ч мөн эндээ авч ирээд тодорхой хэмжээний мөнгө нэмж борлуулдаг. Үүн дээр нэмээд сүүлийн үед гадаадынханд хувиараа их хэмжээний мах нийлүүлэх явдал нэмэгдсэн нь ч зах зээлд хомсдол үүсгэж байна” гэж ярилаа.

Иргэдийн хувьд энэхүү үнийн өсөлт нь дарамт болоод байна. Дөрвөн ам бүлтэй нэг өрх сард дунджаар 16–22 кг мах хэрэглэдэг гэж тооцвол зөвхөн хонины маханд 352,000–484,000 төгрөг зарцуулж байгаа нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792,000 төгрөгтэй харьцуулахад өндөр дүн юм. Энэ нь өрхийн орлогын дийлэнх хэсэг зөвхөн маханд зарцуулагдаж байгааг харуулж байна.
Нийлүүлэлт яагаад бодитоор нэмэгдэхгүй байна вэ гэвэл 2025 оны эцсийн урьдчилсан мал тооллогоор улсын хэмжээнд 58.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 0.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан ч энэ өсөлт зах зээл дээр огт мэдрэгдэхгүй байна. Зуд, өвөлжилтийн хүндрэл, тээвэр, шатахууны өртөг, хадгалалтын боломж хомс, улирлын шинжтэй мал төллөлт, ноолуур самналт зэрэг олон хүчин зүйл давхардаж, нийлүүлэлтийг хумиж, үнийг өсгөж байгаа аж. Мөн гадаад зах зээл, тэр дундаа Хятадын худалдан авалт нөлөөлж буй тухай яриа зах зээлд түгээмэл байна.
Үнийн өсөлт, хомсдолоос иргэдийг хамгаалах ёстой нөөцийн махны хувьд энэ жил есөн аж ахуйн нэгжээс 5,016 тонн махыг нийслэлийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгэсэн гэх мэдээлэл бий. Гэвч бодит байдал дээр иргэд нөөцийн махыг олж авч чаддаггүй хэвээр байна. Албан ёсны мэдээллээр нөөцийн махыг кг нь 10–13 мянган төгрөгөөр борлуулж байгаа ч хаана, ямар байршилд худалдаалж буй нь тодорхой бус, олж очоод авсан ч хөлдүү, эвгүй үнэртэй, яс ихтэй, чанахад шөл гардаггүй гэх гомдол тасрахгүй. Ийм шалтгаанаар иргэд нөөцийн махыг хэрэглэхээс татгалзах нь элбэг.

Монгол Улс жилд дунджаар 5–15 мянган тонн махыг нөөцөлдөг бол нийслэлийн жилийн махны хэрэглээ 120–130 мянган тонн орчим байдаг. Өөрөөр хэлбэл нөөц мах нийт хэрэглээний 10 хувьд ч хүрдэггүй нь үнийн өсөлтийг бодитоор тогтворжуулах боломжгүй байгааг харуулж байна. Ийм нөхцөлд махны хомсдол, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд малчдаас шууд худалдан авалт хийдэг төрийн болон хоршооны цэгүүдийг бий болгох, хоршоодод хотын зах зээлд шууд нийлүүлэх эрх олгох, зах, худалдааны төвүүдэд зуучлагчийн тоо, ашигт бодит хяналт тавих шаардлагатай байна. Мөн дотоодын хэрэгцээг бүрэн хангасны дараа экспорт нээх, экспортын квотыг улирлаар болон үнийн индексэд тулгуурлан тогтоох, үнийн огцом өсөлттэй үед экспортод түр хугацаанд хязгаарлалт тавих бодлого зайлшгүй хэрэгтэй.
Махны үнэ бол байгалийн жам ёсны өсөлт бус, бодлогын алдаа, зохицуулалтын сул орчны үр дүн юм. Нөөц мах бодит интервенц болж чадахгүй, хадгалалтын дэд бүтэц сул, ченжийн дамжлага давамгай, экспортын зохицуулалт хяналтгүй хэвээр байгаа энэ нөхцөлд махны үнэ тогтворжино гэж найдах боломжгүй. Өдөр тутмын хүнсээ авахын тулд иргэд цалингаа бүхэлд нь шахам зарцуулж, зах дээр хоосон лангуу, эзэнгүй худалдаа хэвийн үзэгдэл болж байхад төр хариуцлагаас мултрах ёсгүй. Мах иргэдийн хувьд тансаг хэрэглээ биш, амьдралын үндсэн хэрэгцээ хэвээр үлдэх ёстой. Үүний тулд бодлогын түвшинд зоригтой, бодит шийдвэр гаргахгүй бол үнийн дарамтын бүх ачааг эцсийн дүндээ жирийн иргэд л үүрсээр байх нь тодорхой.
Ч.Юмчирдулам


