Түлэнхийн төвдөө анхаарал хандуулахгүй бол газрыг нь шунахай этгээдүүд хумслаад дуусах нээ!

	 Түлэнхийн төвдөө анхаарал хандуулахгүй бол газрыг нь шунахай этгээдүүд хумслаад дуусах нээ!

 

Улаанбаатар хот хүүхэд залууст ээлгүй хот гэдэг нь өнгөрсөн зун гарсан аймшигт осол авааруудын тоо баримтууд бэлхнээ батлан харуулж өгсөн билээ. Жил ирэх тутам хүрээгээ тулж буй их хот маань түлэгдэж осгосон, амьтанд хазуулж хатгуулсан, арьс зөөлөн эдийн дутмагшил, арьсны том хэмжээний шарх сэдрэлтэй идээт хүндрэл зэрэг элдэв гэмтэлд зорих ганцхан эмнэлэгтэй бөгөөд харамсалтай нь тэрхүү эмнэлэг маань өнөөдрийг хүртэл орох оронгүй элдэв янзын байранд нүүдэллэсэн байдалтай байсаар байна.

ГССҮТ-ийн харьяа "Түлэнхийн төв”-ийн байрыг МХЕГ-аас 2009 онд акталсан ч төр засаг асуудлыг нь шийдэж өгөлгүй "гүрийсээр” ачааллаа дааж ядан коридортоо хүртэл өвчтөн хүлээн авах байдлаар үйл ажиллагаа явуулж байсан ч эмнэлэгийн хуучин муу байр нь хана таазнаасаа нурж элдэв хөгц мөөгөнд идэгдэн өвчтөн хүлээж авах нь байтугай эмч нар нь ч байж суух аргагүй болсон тул эцэс сүүлдээ эмнэлэгийн байрыг нурааж "Түлэнхийн төв”-ийг нүүлгэсэн байдаг билээ.

ЭМЯ-ны сайдаа Түлэнхийн төвдөө анхаарал хандуулахгүй бол газрыг нь шунахай этгээдүүд хумслаад дуусах нээ!
ЭМЯ-ны сайдаа Түлэнхийн төвдөө анхаарал хандуулахгүй бол газрыг нь шунахай этгээдүүд хумслаад дуусах нээ!

ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн төвийн барилга олон жилийн өмнөөс шинээр баригдаж байгаа бөгөөд харамсалтай нь Түлэнхийн төв ашиглалтанд ороход гадна талбай, автомашины зогсоолгүй болохоос гадна бусад олон хүндрэлтэй нөхцөл үүсээд байгааг нь газрын далд наймаатай холбоотой юм. Энэ талаарх газрын наймааны товч түүхийг дурдая.

-ГССҮТ-ийн харъяа Түлэнхийн төв нь анх 11,365 м2 эзэмшил газартай байсан бөгөөд 2010 оны 08 сарын 31-ний өдрийн НЗД-ын 608 тоот захирамжаар 4,026 м2 газар эзэмших эрхийг салгаж, орон сууцны зориулалтаар Төрийн өмчийн хороонд шилжүүлсэн байна. ТӨХ нь 2011 оны 4-р сарын 7-ны өдрийн НЗД-ын 293 тоот захирамжаар уг 4,026 м2 газраа бүхэлд нь "Алтайн тулга” ХХК-д шилжүүлсэн бөгөөд улмаар "Алтайн тулга” ХХК нь нэг сарын дараа буюу 2011 оны 5-р сарын 13-ны өдрийн НЗД-ын 396 тоот захирамжаар "Антек” ХХК-д 2,291 м2 газрыг хэсэгчлэн шилжүүлж, "Алтайн тулга” ХХК-ийн эзэмшилд 2,376 м2 газартай үлдсэн боловч уг эзэмшлийн газраа 2014 оны 2-р сарын 24-ны өдрийн НЗД-ын А/113 тоот захирамжаар ТӨХ-нд буцаан шилжүүлжээ.

Улмаар ТӨХ дээрх газар дээр ажилчдын орон сууц барихаар болж, 2015 оны 11-р сарын 30-ны өдөр "Орон сууцны үнийн судалгаа хийх, иргэдийг мэдээ мэдээллээр хангах, сурталчилах” чиглэлээр нийгэмд үйлчлэх "Хамтын шийдэл” ТББ-ыг нэр бүхий 52 ажилтныхаа гишүүнчлэлтэйгээр байгуулж, өөрийн эзэмшиж байсан 2,376 м2 газрын эзэмших эрхийг 2016 оны 3-р сарын 25-ны өдрийн НЗД-ын А/247 тоот захирамжаар дээрх ТББ-д шилжүүлэн өгсөн байна.

ЭМЯ-ны сайдаа Түлэнхийн төвдөө анхаарал хандуулахгүй бол газрыг нь шунахай этгээдүүд хумслаад дуусах нээ!

ЭМЯ-ны сайдаа Түлэнхийн төвдөө анхаарал хандуулахгүй бол газрыг нь шунахай этгээдүүд хумслаад дуусах нээ!

"Хамтын шийдэл” ТББ нь уг газар дээр ажилчдын орон сууц барихаар 2 жил ажилласан боловч тодорхой шалтгаануудын улмаас бүтэлгүйтсэн тул 2018 оны 5-р сард иргэн Г.Энхбаяр, Н.Баярмаа нарт ТББ-аа газар эзэмших эрхийн хамт шилжүүлэн өгсөн (худалдсан) байна. Ингэснээр дээрх ТББ-ын анх үүсгэн байгуулагдсан зорилго, үйл ажиллагаа, нийгэмд үйлчлэх шинж чанар бүрэн алдсан ба улмаар гишүүнчлэл нь ч байхгүй болж, зөвхөн иргэн Г.Энхбаяр, Н.Баярмаа нарын 2 хүний мэдэлд шилжсэнээр өдгөө тэдгээр хүмүүс дур мэдэн бизнесийн үйл ажиллагаа эхлүүлээд байгаа ажээ.

 

Улмаар Г.Энхбаяр, Н.Баярмаа нар нь уг газар дээр орон сууц, газар доорхи автомашины зогсоол, спортын зориулалттай барилга барихаар 2018 оны 7-р сарын 24-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулж, барилгын ажлаа эхлүүлж байгаа нь ГССҮТ-ийн Түлэнхийн төвийг хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүргээд байна. Учир нь:

 

- "Хамтын шийдэл” ТББ-ын эзэмшил газар нь Түлэнхийн төвийн барилгын хашаанд, яг залгаад оршдог ба барилга барих явцад хүнд даацын машин механизм, барилгын материалын тээвэрлэлт зэрэг нь Түлэнхийн төвийн зам, талбайгаар дамжин хийгдэнэ.

- Дулааны болон инженерийн шугам сүлжээ бүгд мөн Түлэнхийн төвийн зам талбайгаар дамжин хийгдэнэ.

- Техникийн нөхцөл тодорхой бус

- Түлэнхийн төвийн эмнэлгийн барилгын гаднах зам талбай, тохижилтын зарим хэсгийг эвдэж сүйтгэж эхэлсэн.

Мөн баруун талд нь цэцэрлэг, орон сууцны хэд хэдэн барилга байдаг бөгөөд тухайн барилга баригдсан тохиолдолд оршин суугчид, цэцэрлэгийн хүүхдүүдийн орц, гарцны асуудал хөндөгдөж, байнгын нар үзэхгүй сүүдэрт байх юм.

Үүний зэрэгцээ "Эрүүл мэндийн яам, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар "Хамтын шийдэл” ТББ зөвшилцсөний үндсэн дээр газраа хуваасан” сураг байгаа бөгөөд үндсэндээ бол хэн нэгэн эрхтэн дархтан дарга эмнэлгийн газраас дур мэдэн хумслан хувааж ТББ-д зарснаас болоод ийнхүү бүхэл бүтэн эмнэлэг ашиглалтад орлоо гэхэд шарил хадгалах газаргүйгээр үйл ажиллагаагаа явуулах хүндхэн нөхцөл байдал үүсчээ.

 

 

Мөн түүнчлэн НЗД-ын 2011.05.30 438 дугаар "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар "Антек” ХХК-ийн 2011 оны 396 дугаар захирамжаар олгогдсон 2291 м.кв СБД 07 хороонд байрлах эмнэлгийн зориулалттай газрыг эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэх "Саммит медикал сервис” ХХК-д шилжүүлсэн бөгөөд үүний дараа НЗД-ын 2016.06.02 А/450 дугаар "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” захирамжаар "Саммит медикал сервис” ХХК-ын 2291 м.кв – газрын 5 жилийн эзэмших эрхийг 15 жил болгож сунгасан байна.

 

 

Түлэнхийн төвд түлэнхийгээс гадна мөн л улсад ганц тооцогдох дараах эмчилгээнүүдийг хийдэг

. Үүнд:

  • Хөлдөлт, осголтын үеийн эмчилгээ
  • Удаан хугацаагаар хэвтэрт байж арьс нь цоорсон өвчтөнүүдийн нөхөн сэргээх эмчилгээ
  • Арьсны халдваруудын дараа гардаг арьс, зөөлөн эдийн том хэмжээний дутмагшил
  • Сахарын өвчний үед үүсдэг шархны эмчилгээнүүд
  • Гэмтлийн дараах арьс, зөөлөн эдийн дутмагшил гэх мэт арьсны том дипекттэй холбоотой бүхий л тохиолдол зэрэг багтаж байна.

Иймд дээрхи байдлыг судлан үзэж, улсын онцгой обьект болох "Түлэнхийн төв”-ийн газар дээр хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа "Хамтын шийдэл” ТББ болон "Саммит медикал сервис” ХХК-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, анхны газар эзэмшигч ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн мэдэлд дээрхи газрыг шилжүүлэх шаардлагатай байгааг Нийслэлийн захирагч Су.Батболд болон харьяа ЭМЯ-ы сайд Д.Сарангэрэл нар яаралтай анхааралдаа авах хэрэгтэй байна.

 

 

Сүүлийн жилүүдэд нийслэлийн хөрөнгө оруулалтаар улсын чанартай томоохон эмнэлгүүдийн гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, автомашины зогсоол зэргийг иж бүрнээр шийдвэрлэж байгаа явдалд иргэд, олон нийт туйлын талархалтай хандаж байгаа боловч энэ мэт газрын далд наймааны уршгаар уг ажил үнэгүйдэх, эцсийн дүндээ хохирогч нь нийслэлийн иргэд бид төдийгүй тус ГССҮТ-ийн түлэнхийн төвөөр үйлчлүүлэгч та бид болох нь гарцаагүй юм. Эцсийн бүлэгт иийнхүү хэсэг бүлэг эрхтэн дархтан болон газрын наймаачдаас болж Монгол улсад нэн шаардлагатай байгаа "Түлэнхий төв”-ийн барилга хугацаандаа ашиглалтад орж чадахгүй олон арван жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд тиймээс уг асуудлыг төр засаг яаралтай анхааралдаа авч, өвчин зовлондоо шаналж байгаа олон мянган хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх цаг нь нэгэнт болжээ.

 

Энэ талаар бид эргэн сурвалжилж мэдээлэх болно.

 

Эх сурвалж: www.bolod.mn

Ж.БАТДОРЖ

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen