Шөнийн тарифын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

Шөнийн тарифын хөнгөлөлтөд хэрхэн хамрагдах вэ?

 

Хөнгөлөлт 2018 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлнэ


Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” 2018-2019 онд хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт ирэх 11 дүгээр сарын 1-ээс эхэлж 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Шөнийн тарифын хөнгөлөлт нийслэлийн 8 дүүрэг, аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын айл өрхүүдийн хүрээнд, зөвхөн шөнийн цагаар буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно.
 


Ингэхдээ холбогдсон техникийн хүчин чадлаас шалтгаалан 220В-ын хэрэглэгч бол сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн 700 кВт.цаг цахилгаан хэрэглээнд 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь, 380 В-ын чадалд холбогдсон хэрэглэгчийн хувьд сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн 1500 кВт.цаг цахилгаан хэрэглээг 100 хувь, түүнээс дээш гарсан хэрэглээг 50 хувь хөнгөлнө. Харин хөдөө орон нутагт сарын турш, шөнийн цагаар хэрэглэсэн бүх хэрэглээг 50 хувь хөнгөлнө. 

Тэгэхээр хөнгөлөлт зөвхөн шөнийн цагаар тооцогдоно гэж журамд заасан учраас гэр хорооллын айл өрхүүд өдөр, шөнийн ялгаварт тарифт тоолууртай байх ёстой. Нийслэлийн хэмжээний гэр хорооллын нийт айл өрхүүдийн 90 гаруй хувь нь ийм тоолууртай байдаг.
 

УБЦТС ТӨХК-ийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Д.Саранчимэг: Хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчид өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, галын аюулгүй байдлаа хангасан байх шаардлагатай

 

УБЦТС ТӨХК шөнийн тарифын хөнгөлөлтийг Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу хэрэгжүүлнэ. Хэрэглэгчид ямар нэгэн нэмэлт гэрээ хийх шаардлагагүй. Хөнгөлөлтийг УБЦТС ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээтэй, өдөр шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын бүх айл өрх шууд эдэлж эхэлнэ гэж ойлгож болно.

Хөнгөлөлтөд хамрагдах бэлтгэлийн хувьд 2 зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, айл өрхүүд тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна. Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д “Хэрэглэгч нь тарифын хөнгөлөлт эдлэхээс өмнө хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байна” гэж заасан. Тиймээс ирэх 11 дүгээр сарын 1-ээс өмнө амжиж хуримтлагдсан цахилгааны өр төлбөр байгаа бол барагдуулж, хөнгөлөлтөндөө хамрагдахад бэлдээрэй гэж хэлье.

Хоёрдугаарт, айл өрхүүд цахилгааны болон галын аюулгүй байдлыг сайтар хангасан байна. Цахилгааны болон галын аюулгүй байдлыг хангах гэдэгт холбогдсон цахилгааны чадалдаа тохирсон хэрэглээг авах, тоолуураас байшин, сууц руугаа татсан оруулгын утас, гэр доторх цахилгааны холболт монтажууд орно. Ихэнх айл өрхийн цахилгаан хэрэгслийг зэрэг ашиглах үеийн дээд чадал 25-40 ампер буюу 2-4 кВт-аар хязгаарлагддаг. Энэ чадалдаа тохируулан ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрэлтүүлгээс гадна халаагуураа ашиглана гэсэн үг.
 


Тэгэхээр халаагуур худалдаж авах гэж байгаа бол өөртөө тохирсон чадалтай,үйлдвэрийн гэрчилгээтэй, стандартын шаардлага хангасан халаагуур сонгохыг зөвлөе. Хэт өндөр чадал шаардагддаг халаагуур аваад ашиглах боломжгүй болох вий. Гар хийцийн болон ил утастай улайсдаг халаагуур авахгүй байхыг анхааруулж байна.

Халаагуураас гадна түргэн тогоо гэх мэт өндөр чадалд ажилладаг цахилгаан хэрэгслийг ашиглах үедээ бусад цахилгаан хэрэгслээ зэрэг залгахгүй байх нь тохиромжтой.  

Хөнгөлөлт тооцох шөнийн тариф нь оройн 21 цагаас өглөөний 6 цаг. Тиймээс хөнгөлөлттэй тариф үйлчлэх шөнийн цагуудад халаагуураа ашиглах нь зүйтэй. Энэ нь цахилгаан түгээх сүлжээний техникийн боломжоос гадна тухайн өрхийн цахилгааны зардал мөнгөө хэмнэх шаардлагын аль алинд нь нийцэж байгаа юм.

Ер нь цахилгааны төлбөрөө багасгах хамгийн энгийн арга бол гэр, сууцныхаа дулаан алдагдлыг багасгах шүү дээ. Гэр, байшин дулааны алдагдал ихтэй байхад хэчнээн сайхан халаагуур залгаад цахилгааныг хэдэн зуун кВт-аар нь урсгаад ч нэмэргүй. Хангалттай сайхан дулаалга хийх зардлаа хэд дахин нугалж цахилгаан, түлшний төлбөрт өгнө гэсэн үг.

Нэг хашаанд амьдардаг өрхүүд газар эзэмшигчийн зөвшөөрөлтэйгөөр тоолуур, оруулгын утсаа бэлдээд хөнгөлөлтөд хамрагдах боломжтой

Хашаандаа нэгээс дээш айл амьдарч байгаа тохиолдол хотын төв хэсгээр их байдаг. Одоогийн нөхцөлд бид хууль, дүрмийнхээ дагуу газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшигчтэй цахилгааны гэрээ байгуулж байна. Хэрвээманайтай гэрээтэй үндсэн хэрэглэгч хүсэлт гаргавал бусад айлын хэрэглээг тусад нь тооцох тоолуур суурилуулснаар код дээр нь нэмэлтээр бүртгэх боломжтой.
 

УБЦТСТӨХК-ийн Хяналт аюулгүй ажиллагааны хэлтсийн дарга Н.Баярсайхан: Хэрэглэгчид нийт авах чадлынхаа хэмжээнд тохирсон оруулгын утас сонгох, залгаасгүй байлгахад анхаараарай

 

Гэр, сууцныхаа цахилгааны дотоод холболт /монтаж/-ыг шалгаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, ямар ч гэмтэлгүй, аюулгүй болгосон байх шаардлагатай. Цахилгааны утас, тоноглолын эзэмшлийн зааг гэж байдаг. Хэрэглэгчийн эзэмших, анхаарлаа хандуулах зааг нь тоолуурын хайрцагнаас гэр, сууц руу орсон оруулгын утаснаас эхэлдэг. Оруулгын утсаа халсан, шалбарсан эсэхийг шалгаж шатах, гал гарахаас сэргийлэх нь зүйтэй.

Цахилгааны утсыг гэрийн унь, тооно, ор, ханын толгойд ороож болохгүй. Олон залгаастай утас болон холхинодог, гэмтэлтэй залгуур, унтраалга байдаг бол шинэчлээрэй. Дамарт ороолттой урт залгуурыг ашиглах бол утасны эрчлээг бүрэн хөвсний дараа тэжээлд залгана. Ашиглаагүй цахилгаан хэрэгслээ тэжээлээс бүрэн салгах зэргээр аюулгүй байдлыг хангахад болно. Хэрэглээгээ цахилгааны хямд тарифын нөхцөлтэй уялдуулж зохицуулах нь тухайн өрхөд санхүүг хэмнэхээс гадна аюулгүй байдлыг хангахад маш том нөлөөтэй.

Өнгөрсөн өвөл гэр хорооллын айл өрхүүдийн цахилгаан хангамжийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийсэн. Шалгалтын явцад гарч байсан нийтлэг зөрчлүүдээс дурдвал айл өрхүүдийн оруулгын утаснууд олон залгаатай, хоорондоо тохирохгүй утаснуудыг залгаж татсан, гэр, сууц доторх цахилгааны холболтыг хийхдээ ачаалал даахгүй, буруу утас сонгосноос гал гарах дөхсөн, зарим нь галын аюулд өртсөн, гэр хороололд байрлах авто угаалгын газар, дугуй засвар зэрэг жижиг хэмжээний үйлдвэр, үйлчилгээ хувиараа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд объектынхоо дотор холболт буюу монтажийг маш замбараагүй хийсэн, олон тооны уртасгуурыг бие биенээс нь дамжуулан залгаж хэрэглэсэн зэрэг зөрчлүүд их байсан.

Хөнгөн цагаан, зэс утас хэдийгээр гүйдэл дамжуулдаг боловч хооронд нь мушгиж холбоод, тусгаарлах лентээр ороох байдлаар залгах нь гал гарах маш өндөр эрсдэлийг бий болгодог. Хөнгөн цагаан, зэс судалтай хоёр утсыг хооронд нь холбоход хөнгөн цагаан утас нь исэлдэж, эсэргүүцэл нь ихэссэнээр дулаан ялгарч хална, улмаар гал гарах аюул үүсдэг.
 


Авто угаалга, дугуй засвар зэрэг үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүд нь хэдийгээр зөвшөөрөл авч, холбогддог ч объект доторх холболтыг аюулгүй байдлаа хангах хэмжээнд хийж чадахгүй байна. Дээр нь цахилгааныг зөвшөөрөгдсөн ачааллаас хэтрүүлж хэрэглэдэг, дур мэдэн автоматын чадлыг томруулдаг, маш олон стандартын бус уртасгуур ашигладаг, дулаан их алддагаас өндөр чадлын цахилгаан халаагуурыг тасралтгүй ашигладаг зэргээс галын аюул гарахад ойрхон байдаг. Тиймээс мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, дотор монтажаа аюулгүй байдлын шаардлагад нийцүүлж хийхийг уриалмаар байна.

Дээр нь гэр хорооллын айл өрхүүд нийт авах чадлынхаа хэмжээнд тохирсон оруулгын утас сонгох, залгаасгүй байлгах, хэрвээ залгаас хийх зайлшгүй шаардлагатай бол тусад нь щит байрлуулж, ачаалалдаа таарсан автомат тавиулах байдлаар шийдэхийг зөвлөж байна.


 

Эх сурвалж: УБЦТС ТӨХК

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen