Ийм ирээдүйг залуу хүн та хүсээгүй биз дээ
"Цусгүй аллага”
Монгол хэлний их тайлбар толь бичигт "Аллага” хэмээх үгийг үй олноор нь алж устгах ажиллагаа гэж бичжээ. Гэхдээ энэ бичвэрт алж устгаж байгаа тухай дурьдахгүй болно. Харин "цусгүй аллага” гэж яг хэлэх гээд байгааг тайлбарлахыг оролдьё. Үзэл бодол, зарчим, хэтийн зорилгоороо нэгдсэн залуус улс орны хөгжлийг тодорхойлж байна. Мэдлэг боловсрол, ур чадвар гээд дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэх залуусын тэмүүлэлд алга ташч, баяр хүргэмээр. Гэвч эдгээр залуусын итгэл үнэмшлээр ашиг олох сонирхол бүхий хүмүүс ч энэ нийгэмд амьдарч байгааг мартаж болохгүй нь.
Цусгүй аллага эндээс л эхэлнэ. Сурч боловсорч, олсон мэдлэг, чадвараа улс даа өргөж, ажиллаж, хөдөлмөрлөхийг олон залуус хүсдэг. Гэвч хүссэн бүгд хүзүүгээр тулж хэн дуртай нь "төрийн” гэх албан тушаалд томилогдоод байхгүй. Танил тал, ах дүүс, нэр нөлөө гээд нэг ёсондоо татаас л хэрэгтэй. Гэхдээ л татуулсан ч гэсэн "хоосонгүй” залуус төрийн албаны залгамж халааг алдагдуулалгүйгээр удирдан жолоодож яваа. Даанч... гарын үсэг зурж, тамга дарсныхаа төлөө тэд ялын тогтоол уншуулах нь элбэг болж.
Үзэл бодол, итгэл үнэмшлээрээ нэгдэж, дагасан ах нь түүнийг "барьцгүй хавирч” ёроолгүй ангал руу түлхчихээд хэнэг ч үгүй алхаж явах нь үнэхээр жигшмээр. Үүнийг л "цусгүй аллага” гэж ширүүхэн нэрлэчихлээ, ойлгоно биз дээ. Бүгд л ар гэр, амьдралтай. Гэвч "ах”-ыг дагаж, сайхан албан тушаалд томилогдсныхоо төлөө бусдын гэм бурууг нуруундаа үүрч, өөрийн гэр бүлийг амьдын хагацалд унагах нь тэр. Ойлгомжгүй байвал дараах жишээг дурдья.
С.Баярыг дагасан "Жаст”-ын Ш.Батхүү өнөөдөр тун ойлгомжгүй, өөрийн хэм хэмжээнээс хэтрэхээр хэргийг үүрч, ял эдэлж байна. Женког Х.Баттулгыг дагасан ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа, "Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, "Монголын төмөр зам”-ын захирал асан Ж.Бат-Эрдэнэ нар том төслийг шамшигдуулсан гэм буруутан болоод үлдэв. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг дагасан Л.Гансүх иргэдэд хямд үнэтэй нүүрс тарааснаас болж ял эдэлж байна. Харин хүргэн гэх гуншин зүүсэн Г.Дэнзэн мөн л торны цаана хэрэг нь хэзээ шийдвэрлэгдэх бол хэмээн хүлээж сууна. "Фортуна” Н.Батбаярыг дагасан Н.Мөнхбат бас л учир битүүлэг шалтгаанаар цагдан хоригдож, шалгагдаж байна. Энэ залуу ганцаараа гаднаас орж ирсэн "бонд”-ын хөрөнгийг дур мэдэн зарцуулах, завших мэдэлгүй, эрхгүй. Гэвч шалгагдаж, бас цагдан хоригдож байна. Н.Энхбаярыг дагасан Г.Шийлэгдамба намдаа санхүүжилт босгож яваад буруудаж мөн л шалгагдаж байна. Энэ бүгдийг нэгтгээд эдгээр залуус бүгд улс төрийн золиос болж, "цусгүй алуулж байна” гэж тайлбарлах гээд байгаа юм.
Буруу хүнээ дагасан тэдний буруу шүү дээ гэх байх. Гэвч энэ залуус бүгд л чадвартай, мэдлэгтэй, хийсэн ажлаа нэр төртэйгөөр гүйцэтгэж явсан. Гэвч тэдэнд "үгүй” гэж хэлэх эрх байсангүй. Тиймээс л улс төрийн золиос болчихлоо.
"37 оны хэлмэгдүүлэлт”-ийн үргэлжлэл
Гар утас хулгайлсан бол автомашин тоносон бол бүр цаашлаад хүний аминд хүрсэн бол тодорхой хугацааны дараа хэргийг шалгаж, мөрдөн байцаалт дуусч, прокурор хянаж, шүүхээс яллах дүгнэлт уншдаг. Хуульд заасан хугацаанд шүү дээ. Гэтэл "улс төр” оролцсон хэргийг шийдвэрлэнэ гэдэг тун хэцүү. Түүнд шийдвэрлэгдэх заагдсан хуулийн хугацаа гэж үгүй. Бүтэн жил хоригдсон ч "хэргийг хянан шалгаж байна” гэх тайлбартай. Олон нийтэд хаалттай, хаалганы цаана юу болж, юу яригдаж байгааг хэн ч үл мэднэ. Яг үнэндээ хэргийн гол эзэд тохиролцож, бие биенээ барьцаалж, үүнээс болж залуус золиос болж хэзээ шийдэгдэх нь мэдэгдэхгүй хэргийг үүрч ялтан шиг амьдарч байна уу гэж хардах үндэслэл бий болчихоод байгаа юм.
Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажилласныхаа төлөө торны цаана сууж, өдөр хоног тоолж байна. Яг л тэртээх 37 оны хэлмэгдүүлэлт шиг. Тухайн үед ДО яамны гэх ногоон хувцастнууд хүмүүсийг баривчилж, хэлмэгдүүлдэг байв. Харин энэ цагт АТГ гэх байгууллага хянаж, шалгаж байгаа нэртэй 461 дүгээр анги руу залуусыг ачсаар л байна.
Хянаж, цагдаж, шалгаж болно. Хууль тийм эрхийг тэдэнд өгсөн. Гэвч ямар 37 он биш дээ. "Миний нөхрөөс ганц ч байцаалт авалгүйгээр хагас жил хорьчихлоо” гээд нулимс дуслуулж байсан эхнэрийн төрх одоо ч нүдэнд харагдаж байна. Бид хуультай, эрх чөлөөт, ардчилсан улс оронд амьдарч байгаа гэдэггүй билүү. Хүн хэчнээн гэм буруутай байсан ч шүүх яллах дүгнэлт уншаагүй байхад цагдан хорьж, залхаан цээрлүүлж байгаа нь олон жилийн өмнөх хэлмэгдүүлэлтээс ялгагдах зүйлгүй санагдлаа.
Өмнө эх орноосоо урвагчийн үр сад, гэр бүл хэмээн дуудуулж байсан шиг одоо авлигачийн хүү, авлигачийн гэр бүл хэмээн үлдсэн амьдралдаа ад үзэгдэн амьдрах болж байна. Ийм л нийгэмд сайн сайхан амьдралыг мөрөөдсөн залуус бүлэглэл, улс төрийн золиос болж хүйтэн хана налж, түүхий гурилаар өл залгаж байна. Залуус бидний хүссэн, мөрөөдсөн ирээдүй энэ гэж үү?
Одоо яах вэ
Тийм ээ одоо бид яах ёстой вэ? Үүнээс өмнө бас нэг жишээ татья.
Шүүх хурал дээр улс төрийн золиос болж байгаа тухайгаа хоолой зангируулан ярьж байсан нягтлан бодогч Б.Мөнгөнтуяагийн туулсан замыг жишээ болгох гэсэн юм. Тэрээр эзэмшсэн мэргэжлээрээ санал тавьсны дагуу ажилд орж. Шинэ төсөл хөтөлбөр, өсч дэвжиж яваа залуу хүнд өөрийгөө харуулах сайхан боломж. Гэвч нэг л өдөр өөрөө ч мэдэхгүй хэрэгт холбогдож хагас жилийн хугацаанд цагдан хоригдов. Түүнийг зургаан сар цагдан хорихдоо ердөө таван удаа байцаалт авахаар иржээ. Үүнийг л залуус минь сайн бод.
Б.Мөнгөнтуяаг хоригдож байхад гэр бүлийнхэн нь зүгээр суусангүй. Мэдээж тэдэнд маш хүнд байсан. Тиймээс л учир шалтгааныг нь олчих санаатай нойр хоолоо хасаж хуулийн байгууллагын үүд татсаар байж. Гэвч тусыг эс олж, толгой сэгсэрч, мөрөө хавчсан хүмүүстэй л уулзсаар байсан байна.
Харин Н.Алтанхуягийн Засгийн газар огцордог шөнө Б.Мөнгөнтуяаг суллажээ. Нөгөө толгой сэгсэрч, ямар ч арга байхгүй гэж тайлбарлаж байсан хүмүүс яагаад нэг засаг унамагц түүнийг суллав. Нөгөө яриад байгаа улс төр гэгч энэ.
Энэ бүх хугацааны дараа шүүх хурал болж Б.Мөнгөнтуяаг гэм буруугүй хэмээн зарлав. Зургаан сар ялтан шиг амьдарсан түүнийг энэ хэрэгт холбогдолгүй учир цагаатгаж байна гэж зарласан нь тэр л дээ. Юу гэсэн үг вэ. Үнэхээр гэм буруугүй байсан юм бол яах гэж цагдан хорьсон юм бэ? гээд асуувал хуулийн талаас олон тайлбар өгөх биз.
Гэвч Б.Мөнгөнтуяа бол зүгээр л нэг хувийн байгууллагын жирийн ажилтан л байлаа. Тэр хэдийгээр гэм буруугүй ч алдсан цаг хугацаа, хоригдсон хоног өдөр гээд нөхөж баршгүй их гарз хохирол учирсан. Үүнийг төр төлөх боломжгүй гэдгээ ч шүүх хурлын үеэр мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл таныг яаж ч цагдан хорьж, шалгах эрх төрд бий. Харин гэм буруугүй тань тогтоогдвол өмнө нь алдсан цаг хугацаа, нэр төр энэ бүгдийн талаар дурсаад ч хэрэггүй гэдгийг онцолмоор байна. Манайд тийм зүйлийг нэг их ойшоож, хуулийн хүрээнд хэлэлцээд байдаггүй.
Ийм л тод жишээ бидний өмнө байна. Тэгэхээр залуус минь одоо яах ёстой вэ. Бид бүгд сайн сайхан ирээдүйг мөрөөддөг. Сайхан ажил хийгээд ахиухан цалин аваад бусдаас дутахааргүй амьдрах боломж хүн бүрт тохиохгүй. Харин аз тохиож, албан тушаалд томилогдож буй залуу удирдах албан тушаалтны өгсөн чиг үүргийн дагуу ажиллах ёстой болдог. Тэгвэл одоо л бод. Бид хүнд ач санаж явах ёстой. Гэхдээ л ёроолгүй нүх рүү жийж унагачихаад өөр нэг залууг чиний оронд томилох эрх мэдэл тэдэнд бий цагт хуулийн дагуу л ажиллаж чаддаг баймаар байна. Хууль зөрчихийг шаардвал "ҮГҮЙ” гэдэг үгийг л амнаасаа зоригтойгоор гаргаж чаддаг баймаар байна. Маргааш хүү, охиноо, эхнэрээ, аавыгаа, ээжийгээ авлигачийн гэр бүл гэж дуудуулахгүйн тулд, хуулийн дагуу, зөв шударга ажиллаж амьдарцгаая. Үр минь үлдэх хорвоод зөв л амьдрах юмсан гэж сайхан үг бий шүү дээ. Тийм ээ, ээжийгээ, эхнэрээ, энгэрт чинь мацах үрээ бодож үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Мөн мэдлэгээ, чадвараа шударгаар үнэлүүлцгээе.
А.Аюуш
Үндэстэн агентлаг