Л.Чинбатаас цасны машиныг нь түрээслье, хотын дарга аа

Манай улсад гэнэтхэн өвөл болж, үзээгүй цасаа үзэж байгаа юм шиг л зүйл болж байна. Эхэндээ цацаж байсан давс ч сураггүй болоод удлаа. Машинууд хичнээн өвлийн дугуйтай байсан ч зам дээр урагшлах "арга” алга. Дэндүү их түгжрээ, дэндүү их стресс үүсгээд байна. Нийтийн тээвэр ч явахгүй, авто машин ч явахын аргагүй болж. Иргэд ихээр даарж, үүнээсээ үүдэлтэй өвчлөл, бэртэл нэмэгдэж байна.

 

 

 

 

Харин ч сүүлийн жилүүдэд манайд ингэж их цас орсонгүй. Орос, Казакстан, Швецарь, Шинэ Зеланд зэрэг улсуудтай харицуулахад манайх харин ч цас багатайдаа орох байх. Дээрхь улсууд шийдлээ олоод том, том зориулалтын техникүүдээр өөрсдийгөө бэлтгэн "базааж” ямар нэгэн эрсдэлд бэлэн байх юм. Гэтэл манайх өнөөдөр л цас үзэж байгаа юм шиг нөгөөх /хуванцар хүрз урдаас авч ирсэн/ л хүрзээ барин хэдэн ажилчдаа зам дээр хөөгөөд гаргачихсан, хөлдөж үхэх гэж байгаа цас цэвэрлэгчдийн дүр. Хүрзээр цохиж хагалах нь нөгөө явган хүний замын "шахааныханд” хэрэгтэй байдаг биз.

Шинээр "мэндэлсэн” мэт энэ цас албан байгууллага, хотын удирдлагууд, ТҮК-ийнхэнийг сайн сандаргаж байна. Хотын дарга амралтын өдөр хуванцар хүрз барин 10 гаран минут "Шоудлаа”. Хуванцар хүрз бөөндөн авч хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуудан шоудаж байхынхаа оронд зориулалтын ганц техник авсан бол нүдээ олсон сонголт байх байлаа.

Ер нь манай төрийн удирдлагууд түрээслэх, түрээслүүлэх сонирхол өндөртэй хүмүүс байдаг. Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс л гэхэд Баянбүрдийн урдхан талд сарын 13 сая төгрөгний түрээс төлөн үйл ажиллагаагаа явуулдаг. Өөрсдөө төрийн өмчийн барилгуудтай байж түүнийгээ мөн түрээслүүлсэн гэх. Үүнээс хэн хожоод байдаг болохоор ингэж үйл ажиллагаагаа явуулдаг нь бүү мэд.

Удирдлагууд түрээсэнд эелдэг ханддаг юм чинь энэ их цаснаар Гацуурт компанийн техникийг түрээслье л дээ. Иргэдийнхээ хөлийг хөлдтөл, доороосоо даарч өвчин тустал хүрз бариулан зогсоож байхаар Л.Чинбатаас л техникийг нь өвлийн хоёрхон сарын хугацаанд түрээслэчих хэрэгтэйн биш үү.

 

 

 

 

Бүхэл бүтэн улс байж, хүн амынх нь тал нь шахуу амьдарч байгаа хот байж хувийн компанийн хэрэглэдэг техникгүй байна гэдэг "гутамшиг”. Тэгэхээр төрийн удирдлагууд ухаалгаар ямарваа нэгэн зүйлийн шийдлийг эрэлхийлэхгүйгээр ашиг, унцыг нь хараад байгаа болохоор хувийн компаниас ч муу сонголттой байгаа гэж ойлгож болох нь.

Жанжин Сүхбаатарын талбайг хоёр том машинаар цэвэрлэж байгаа харагддаг юм билээ. Үнэндээ талбайгаас илүү иргэдийн ойр байх замуудад түгжрэл жинхэнэ утгаараа үүсэж, иргэд даарч, өвчилж байна. Тэр техникүүдийг асуудал дагуулаад байгаа зам дээр гаргая л даа. Зөвхөн Сүхбаатар жанжины талбайн техник гэдэг нэртэй юм болов уу? Хотын даргын ажил нэг хэсэг орсон цаснаар л үнэлэгдэж ”F” авлаа. Урьд нь хэзээ ч орж байгаагүй цас биш, орохыг сануулан мэдээллээд байхад яаралтай арга хэмжээ авч чаддаггүй ийм удирдлага их хотын иргэдэд хэрэгтэй юу?

Хувийн компанийн хэрэглэж байгаа техник их хотод алга байгаа нь "ашиггүй сонголтын” алдаа юу? Хүрз барин зогсох иргэдийнхээ оронд 10 гаран минут биш, бүтэн өдөржин зогсоод нэг үзээч Даргаа.

Үндэстэн агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen