Шинэ ерөнц
Ганц нэгхэн шаргалхан навчис гарын алган дээр бууна. Намар ийм л гэгэлгэн байдаг. Гэхдээ сэтгэлийн ертөнцөд тунгалагхан тэнгэр цэлийх гэрэлт өдрүүдээс ирээдүйг хүлээх сайхан. Тэр л ирээдүйн цагаан харгуйн намиранхан байгаа цэнхэрхэн бороон дунд нэгэн бүсгүй шүхэргүй зогсоно. Түүнийг хайрламаар. Огт танихгүй атлаа он жилийн уртад найзууд байсан мэт. Эсвэл тэр бүсгүй шинэ ертөнцөөс ирсэн байх. Тэгээд л сэтгэл татам шүлгүүдтэй байх. Монголын их утга зохиолын босгыг би өндөр гэж боддог. Тэр л өндөр босгоор хэн нэгэн дур зоргоороо орж зүрхэлдэггүй. Гэхдээ таалагдсан нэгэндээ цэлийтэл үүдээ нээж чаддаг сэтгэлийн цагаан өргөө юм. Бичгийн их мэргэд бийрийн үс үелзүүлэнхэн үеийн үед орших бүтээлээ туурвиж он цагийн дэнсэнд үлдээж чадсан энэ их айлын тотгонд мэхийж орж ирэх олон сайхан залуу уран бүтээлчид, оргилсон гэгээн сэтгэл цагийн цагт л байх. Тэр л гэгээн ирээдүйн олон сайхан уран бүтээлчдийн нэг Хэнтий аймгийн Бат-Ширээт суманд буйдхан сууж байх шиг санагдсаныг нуух юун. Их мэдрэмжийн хаан Н.Нямдоржийн тоонот нутаг. Эрүгэн хунгийн домогт өлгийгөөс өнөөгийн МЗЭ-ийн өндөр үүдээр орж ирсэн олон сайхан уран бүтээлчид бий. Тухайлбал МЗЭ-ийн шагналт Д.Гансүрэн, А.Түмэнбаяр нарын гэрэлт бадгуудыг хэн бүхэн уншсаар л. Тэдэнтэй найзлаж, нөхөрлөж, мөн чанарын хорвоод бид бие биеээ түшиж яваа. Энэ л эрхэм уран бүтээлчдийн нутагт цэнхэр бороо намиранхан шиврэх шиг, цэцгийн толгойд дуссан цацлын сүүний бүлээн амь шаргалтанхан байх намар цагийг аргадах шиг, өөрийгөө гээчихээд өвсөн дундаас бодлоо хайх шиг нэг тийм нандинхан шүлэгтэй бүсгүйг олж харлаа. Магадгүй би танихгүйдээ түүний дотоод ертөнцийн гоо сайханыг бага мэддэг байж болох. Үе үеийн уран бүтээлчид минь сайн шүлэг, сайн яруу найрагчийг олж харж тэднээрээ бахархаж, гайхуулж чаддаг. Тиймээс ч уран бүтээлчдийн тэнгэр доор хэн нэгнийгээ сүүдэртэй харахын шалтаг байдаггүй. Тэр л нандин ухааныг гүйцэд өвлөж, яруу тансагыг бүрэн төгс ойлгоогүй ч Сүх-Очирын Жаргалмаа хэмээх үл таних нэгэн бүсгүйн бичсэн шүлэг бүхнээс нь олж авсан өөрийн мэдрэмжээ хэн нэгэнтэй хуваамаар санагдсаныг нуух юун. Магадгүй нутгийн сайхан уран бүтээлчид нь түүний гарч ирэх он цагийг хүлээн яруу найргийн цэнхэрхэн алсыг ширтэнхэн суугаа биз.
Дэргэдээс чинь алхам холдохгүй гэсэндээ
Далавчаа цуцтал эргэлдэх шувуу билээ би
Дөлгөөхөн нүдэнд чинь өртөх гэсэндээ
Дэлбээлээд гандахгүй тэвчих цэцэг билээ би...С.Жаргалмаа ийнхүү бичиж сууна. Өчүүхэн миний бие шүүн тунгаахаасаа илүүтэйгээр баярлаж хүлээж авсан юм. Яруу найрагч хүний алдаа хүртэл амттай байдаг. Тиймээс ч би С.Жаргалмааг алдаандаа ч хайртай яваасай гэж хүссэн юм. Түүний бичсэн шүлгүүдийг уншихад мэдрэмж, өгөгдөл бүхэн нь содон, өвөрмөц санагдсан. Тиймээс ч онцлож байгааг минь мэргэн уншигч та нааштайгаар хүлээн авна биз ээ. Цахим ертөнц хөгжсөн өнөө цагт бараг л хүн бүр сэтгэлийнхээ илэрхийлэлийг шүлэглэж, толгой, мөр холбож хэлдэг болсон. Ер нь үеийн үед уянга яруу монгол зон олны минь хэлсэн үг, ярьсан яриа өөрөө яруу найраг байсан. Тэр дундаас жинхэнэ яруу найрагч гэх эрхэм алдарыг олох хэцүү. Тиймээс ч яуу найрагчийн замыг хэн бүхэн тийм амархан сонгодоггүй байх. Тэгээд ч энэ замыг хувь хүн өөрөө бус түүний мэдрэмж, ухаан сонгож өгдөг юм шиг санагддагыг нуух юун. Тэр ч утгаараа “Яруу найрагч” гэдэг алдар хүндийн ачааг үүрч яваа буурлууд минь, ах эгч нар минь, андууд минь, дүү нар минь хүн чанар, мөн чанар, сэтгэлийн тунгалагхан бүхний дээд санагддаг буй за. Бид бие биеэ олж харж чаддаг. Тиймээс ч цэцэг шиг дэлгэрэн дэлбээлж буй хойш үедээ өөрсдөөсөө илүү хайртай байдаг.
Саарал ѳдѳр
Сонин саарал ѳдѳр нар байхгүй
Салхи байна гэхдээ тэнгэр байхгүй
Үүлс дээрээс дараад амьсгалж ч болохгүй
Үг цээжинд буглаад ярьж ч болохгүй
Хачин саарал ѳдѳр
Уул байхгүй чулуу л байна саарал юм
Урсаж байна Хэрлэн минь үүлний ѳнгѳѳр
Саарал...Сэтгэлийн манантай өдхүүд түүнд имй л байдаг. Энэ л мэдрэмж, сэтгэмжийг яруу найрагч хүн хайдаг, олдог байх. Ардын уран зохиолч Д.Цоодол нэгэнтээ “Хүнийг сайханыг олж харах сайхан. Үүнтэй адил сайхан шүлэгтэй хүнийг олж харах гоё шүү” гэж ярьж байсан. Тэр сайхан ирээдүй утга зохиол тэр дундаа яруу найргийн их ачааг ирээдүйд үүрэх олон сайхан уран бүтээлчдийн нэг нь С.Жаргалмаа. Магадгүй түүнийг өнөөдөр залуу нас нь чимэж байвч ирээдүйд бичсэн шүлэг бүхэн нь чимнэ гэдэгт найдаж байна. С.Жаргалмаа яруу найраг сонирхогч, уншигчдын дунд шинэ хүн биш болжээ. Түүгээр ч зогсохгүй өнөө цагийн уран бүтээлчдийн сэтгэлийн мандалд өөрийнхөө өнгөөр орж чадсан нэгэн. Түүнд сурах зүйл их, бас бичих он цаг ч их бий.
Халуу төөнөсөн биений минь
Хамгийн дулаахан зайд зүрх байдаг
Нарны адил өндөр хэмээр
Насаараа шатах хайр байдаг...Ийнхүү дотоод ертөнцөөсөө шатаж өөрийнхөөрөө өөр ертөнцийг бүтээж, өөрийнхөө харгуйгаар шинэхэн шүлгэн хорвоог сүндэрлүүлэнхэн босгож чадна гэдэгт итгэж байна. Тэр шив шинэхэн ертөнцөөс ирсэн гийчин мэт ихэмсэг өнгөтэй. Тэр шиврээ борооны дусал бүхнээр хайр услах их тунгалагхан сэтгэлтэй. Тиймээс л илүү их өөр байгаасай гэж хүснэм. Бас өөрийнхөөрөө амьдраасай гэж бодном.
Г.Сүрэн