Монгол улсын эдийн засаг ирэх онд 6.1 хувиар өснө

Монгол улсын эдийн засаг ирэх онд 6.1 хувиар өснө

 

Монгол Улсын эдийн засгийн өсөлт цаашид үргэлжилнэ гэсэн таатай мэдээг Азийн хөгжлийн банкнаас дуулгалаа. Тус банкны Суурин төлөөлөгчийн газраас Монгол Улсын эдийн засгийн 2019 оны төлөвийг өчигдөр танилцуулсан юм. Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагаст 6.3 хувийн өсөлттэй гарчээ. Өмнөх оны тооцоолж байсан өсөлтийг ахиулсан дээрх үзүүлэлтэд иргэдийн (өрхийн) зээл олголт нэмэгдэж, хэрэглээ өссөн болон нүүрсний экспорт, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь нөлөөлж буйг АХБ- ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий танилцуулав. Өнгөрсөн дөрөвдүгээр сард АХБ-наас гаргасан таамгаар энэ онд эдийн засгийн өсөлт 3.8 хувиар, 2019 онд 4.3 хувь байхаар таамагласан билээ. Харин тайлангийнхаа шинэчилсэн дугаарт тэд Монгол Улсын эдийн засгийг энэ онд 6.4, ирэх онд 6.1 хувиар өснө хэмээн таамаглажээ.

“Өнөөгийн өсөлтийг хэвээр хадгалах боловч хөрөнгө оруулалт бага хэмжээгээр саарч, ирэх оны өсөлт 6.1 хувьтай байна. Шатахууны үнийг тогтворжуулах зорилго бүхий бодлогын алхмыг хийвэл инфляцын төлөв байдал өсөхгүй байх эерэг хандлагууд хадгалагдана” гэж АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий хэлж байлаа. Зарим аймаг орон нутаг гантай байснаас хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин 0.5 нэгж хувь болж буурсныг эс тооцвол нүүрсний экспорт өссөнөөр уул уурхайн салбар эрчимжиж, хөрөнгө оруулалт нэмэгдсэн эерэг үзүүлэлт гарсныг онцолж байв. Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл энэ онд таамаглаж байсан зургаан хувийн өсөлтөөс давсан гэдгийг АХБ-ны Суурин төлөөлөгч, хатагтай Ёланда Фернандез Ломмен тэмдэглэв. Тэрбээр “Уул уурхайн салбарт хийж буй хөрөнгө оруулалт чухал үүргийг гүйцэтгэсэн хэвээр байгаагийн зэрэгцээ нүүрсний гадаад эрэлт эдийн засгийн гол үзүүлэлтийг сайжруулахад хүчтэй нөлөөлж, төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Эдийн засаг зарим хүчин зүйлд мэдрэг хэвээр байх тул ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийг тууштай үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж онцлов. Түүнчлэн эдийн засгийн өсөлтийн гол нөлөөлөл үзүүлж буй хөрөнгө оруулалт нь ДНБ-ийн 12.6 хувийг бүрдүүлж байгаа бол өрхийн зээл эрс өссөнтэй холбоотой хэрэглээ нь ДНБ-ийн 3.9 хувийг тус тус бүрдүүлж байна.

Энэ жил уул уурхайн салбарын хувьд үйл ажиллагаа эрчимжиж импорт өссөн нь нийт импортын өсөлт экспортын өсөлтөөс давж цэвэр экспортын ДНБ-д эзлэх хувийн жин 10.3 хувиар буурахад нөлөөлсөн талаар мэдээлсэн юм. Ийнхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тухайлбал, өрийн дарамт, валютын ханш, шатахууны үнэд Монгол Улсын төр, засгаас бодлогын түвшинд ямар арга хэмжээ боломжит хувилбар байгаа талаар сэтгүүлчид тодруулсан. Үүнд, АХБ- ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч Деклан Магий хариулахдаа “Валютын ханшид анхаарахаар төлөв гарсан. Гэхдээ одоо зарим хүний яриад байгаа шиг хяналтаас гарсан, давсан зүйл байхгүй. Энэ бол экспортыг дэмждэг, импортод ч мөн нөлөөлдөг хоёр талтай. Валютын нөөцөө хадгалан нэмэгдүүлж зардлаа хянах зэргээр хамгаалалтын арга хэмжээ авч дархлаа бий болгон мөнгөний бодлогоороо зохицуулах шаардлага бий. Өрийн дарамтын хувьд төсвийн зарлага доогуур үзүүлэлттэй, орлого давамгайлсан зэрэг ДНБ-д хамаарах эерэг хавсарсан нөлөөлөлтэй байгаа хандлага ирэх онд хадгалагдана гэж үзэж байна. Тиймээс төсвийн зарлага, орлого дээрээ мэдрэмжтэй хандаж, зөв шийдвэрүүд гаргаад явах нь чухал байна. Уул уурхайн салбарт тулгуурласан эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжгэй байлгах, эдийн засгийг төрөлжүүлж бүтээмжийг өндөрсгөх таатай нөхцөлийг бүрдүүлэхэд төр, засгаас гарах бодлогууд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэв.

М.Энхцэцэг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen