Барон Унгерний хайртай ганц галт зэвсэг
Роман Фёдорович Барон Унгерн фон Штернберг буюу \”Галзуу Барон\” хэмээн алдаршсан Балтийн герман гаралтай Оросын армийн дэслэгч генерал Барон Унгерн Фон Штернберг 1886-1921 онд Оросын иргэний дайнд оролцож улмаар 1920-1921 онуудад Монголд цэрэг дайны үйл ажиллагаа явуулж байжээ. Тэрээр Азийн морин дивизийг удирдан тухайн үед Хятадын цэргийн эрхшээлд байсан Их хүрээ хотыг (одоогийн Улаанбаатар) эзлэн авч, VIII Богд Жавзандамбыг хаан ширээнд нь залан Монголын тусгаар тогтнолыг сэргээж байсан гавъяатай хүн юм.
Гэвч түүний үйлдсэн алан хядлага, дээрэмдэлт, Хятадын цэргийн хүчний эсрэг байлдааны үйл ажиллагаа явуулах сонирхлоо орхисон зэрэг нь Монголын феодалууд болон ард түмний дэмжлэгийг эрс багасгахад хүргэсэн байна.
Улмаар тэрээр Зөвлөлт Орос улс руу довтлохоор хойд зүг хөдлөж яваад Улаан арми болон Д.Сүхбаатарын удирдсан Монгол ардын цэрэгт гол хүчээ бут цохиулан Оросын нутаг руу дутаан гарчээ. Барон Унгерн 1921 онд дотоод урвалтын дүнд баривчлагдан Улаан армид хүргэгдэн улмаар 1921 оны 9-р сарын 15-нд Оросын Ново-Николаевск хотод /одоогийн Новосибирск/ цаазаар авахуулсан байна.
Хэдийгээр Барон Унгерн харгис хэрцгий хүн байсан ч Монголын түүхэнд үнэтэй хувь оруулсан хүн юм. Тиймээс түүнийг Монголын түүхэн дэх муу дүр гэхээсээ илүү сайн дүр гэж үзэх нь зөв хэмээн түүхчид тэмдэглэн хэлсэн байдаг. Богд Гэгээн Жавзандамба хутагт нэгэнтээ Барон Унгернийг хувилгаан, Жамсран бурхны хойд дүр хэмээн нэрлэж байсан бөгөөд энэ үг Барон Унгернд их нөлөөлж тэрээр өөрийн маузер гар буу /манайхан нагаанбуу гэдэг/-н дээрээ Жамсран бурхан буюу Улаан сахиус хийлгэж байжээ. Түүнчлэн түүний маузер буун дээр ”Ум мани бадме хум” хэмээх тарни бичсэн байдаг ажээ. Өдгөө энэ буу ОХУ-ын музейд хадгалагдаж байгаа бөгөөд домогт Барон энэ маузераараа нэлээдгүй олон хүний амийг тасалсан эд гэдэг нь тодорхой билээ.
http://undesten.mn/70667.html