БҮТЭН САЙН ӨДӨР БИДЭНД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

БҮТЭН САЙН ӨДӨР БИДЭНД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

 

Энэ өдөр юугаараа долоо хоногийн бусад өдрөөс ялгаатай вэ, яагаад бидэнд чухал гэж? Бүтэн сайн өдөр бидэнд яагаад чухал вэ? Ирэх долоо хоногоос, яг маргаашнаас, яг Даваа гарагаас хэмээн хойшлуулж өдөр бүр бүтээмжтэй, хийж байгаадаа сэтгэл хангалуун байх боломжийг хойшлуулсаар нэг л мэдэхэд маргааш болж нэг мэдэхэд 5-р сар дуусч, нэг мэдэхэд намар болж, нэг л мэдэхэд ахин нэг жил өнгөрсөн байдаг.

Юм бүхнийг хойшлуулж суухад энэ амьдралын өдөр хоногууд дэндүү хайран биш гэж үү? Гэхдээ бидэнд нөхцөл байдлаа өөрчлөн сайжруулахад яг үнэндээ олон зүйл шаардлагагүй байдаг. Магадгүй чи нэг өдрийн хэмнэлээ өөрчлөх л хэрэгтэй байгаа юм билүү? Олон сонголт дундаас хамгийн чухал нь, бүр үндэс суурь нь ШИНЭ ДОЛОО ХОНОГОО ЗӨВ ЭХЛҮҮЛЭХ.

Байшингийн хундаамыг зөв тавих нь байшингаа санасандаа хүртэл барьж дуусгах анхдагч нөхцөл болдог шиг шинээр эхлэх долоо хоног бүрийг зөв чигт нь залж чадах эсэхэд л хамаг учир нь байгаа юм. Долоо хоногийн эхний өдрийг чи Даваа гараг биш Ням гараг гэдгийг мэднэ байх тийм үү. Алив календараа хараад үз дээ. Даваа гараг өмнө Ням гараг байгаа биз. Тэгэхээр чи Ням гарагт буюу бүтэн сайн өдөрт чи илүү ач холбогдол өгөх хэрэгтэй болж байна аа гэсэн үг.

Бүтэн сайныг бид ихэвчлэн гэртээ их цэвэрлэгээ хийж, хувцсаа угааж, хүнсээ цуглуулж, гэр бүлдээ үр хүүхэддээ цагаа зарцуулсаар өнгөрүүлдэг. Энэ өдөр хийдэг ихэнх зүйл нийтлэг ахуйн шинжтэй байдгийг анзаарч байсан уу? Нүдэнд харагдах, ахуйлаг зүйлсэд анхаарлаа хандуулсаар амьдралд хэрэгтэй хамгийн чухал зарим нэг зүйлийг мартчихдаг. Эсвэл бүр анзаардагч үгүй.

Ирэх 7 хоногт биеэ бэлдээд байдаг ч оюун санаагаа бэлддэгсэн билүү? Чи ажлаа хангалттай сайн төлөвлөж, ирэх долоо хоногоо, ирэх сарыг том зургаар нь харж чадсан байлаа ч эдгээрт хүч алдалгүй бүрэн дүүрэн гүйцэтгэж, санаандаа тултал хийхийн тулд оюун санаагаа бэлтгэх хэрэгтэй. Тухтайхан сууж өнгөрсөн-одоо-ирээдүйн талаар бодох, эргэцүүлэх, урам зориг, эрч хүчээр өөрийгөө цэнэглэх тусгай цагийг гаргах нь чухал. Үүний тулд бүтэн сайн өдөр бүрийг оюун санаандаа, сэтгэлдээ, ажил амжилтдаа “цэцэг тарих” өдөр болгоорой. Алив амьсгаа аваад урдах амьдралаа нэг эргэцүүлцгээе.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen