ЛОНДОН ХОТЫН УТААНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

ЛОНДОН ХОТЫН УТААНЫ ТУХАЙ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУДАнгличууд өөрийн нийслэлийг “их утаа” » («big smoke») гэж нэрлэдэг байсан. Үүнд гайхах  явдалгүй бөгөөд Лондон хот утаа, мананд   байнга хучигдаж, энэ нь харагдах орчныг эрс  муутгаж, төмрийн зэврэлтийг түргэтгэдэг байна.  Гэвч энэ нь бас ч хамгийн аймшигтай нь биш  аж.  Утаа нь хүмүүст туйлын аюултай бөгөөд хохирогчдын тоог гаргах нь хэцүү  байж. 

 Энэ нэр томъёо анх 1905 онд бий болжээ.  Чухамхүү тэр үед доктор Генри Антуан де Во “Манан ба утаа” гэсэн өгүүлэл нийтлүүлжээ. Ингэхдээ энэ хөнөөлт утаа соёл иргэншлийн үр дагавар бөгөөд харин хөдөө нутагт байдаггүй гэсэн дүгнэлтийг тэр хийсэн байна. Үйлдвэрийн газрууд болон хувийн байшингуудын яндангийн утаа нь манантай холилддог бөгөөд харин энэ нь  ердийн үзэгдэл юм.

 Тогтуун өдөр утаа нь бүтэн хоногоор хотыг нөмөрч болно. Энэ асуудал бүр Дундад зууны үеэс эхтэй ажээ.  1273 онд ван нэгдүгээр Эдуард гэртээ нүүрс  түлэхийг хотын оршин суугчдад хориглосон нь  цаанаа учиртай.  Харин хатан хааны эрүүл мэндэд хор хүргэхгүйн тулд  дархчуудыг хүрэн нүүрс түлэхийг 1306 онд  хоригложээ. Ингэхдээ энэ зарлигийг биелүүлээгүй бол, хүлээлгэх шийтгэл маш хүнд байсан бөгөөд ер нь цаазаар авдаг байсан гэнэ.  1661 онд английн нэрт зохиолч Жон Эвелин  экологийн асуудалд ихэд санаа зовсноор, «Fumifugium» гэдэг ном гаргаж,  нүүрсний оронд анхилам үнэрт мод түлж, Лондоны үйлдвэрүүдийн заримыг   хотоос  гадагш  гаргахыг уриалжээ.

 Утаа зөвхөн намар болон өвөл, аравдугаар сараас хоёрдугаар сард хотынхоны үйлийг үзнэ.  Хавар, зун  ийм  гамшиг болдоггүй. Харин чухамхүү утаа нь Лондон хотыг нэрд гаргасан хэмээн соёлын олон зүтгэлтэн үздэг юм.  Тухайлбал, Лондоны  манан зохиолч, зураач нарын ачаар дэлхий нийтэд алдаршсан хэрэг гэж зохиолч Оскар Уайльд  тэмдэглэсэн байдаг.   Зураач Клод Моне, Уильям Тернер нар өөрсдийн бүтээлд  утааг дүрслэн зурсан юм.  Бороогүй үеийн Лондон хот аймаар муухай, “Бороо ороогүй үеийн Лондон хотыг би үзэн яддаг” гэж АНУ-ын жүжигчин Граучо Маркс хэлж байжээ.

 1952 оны өвөл  Лондонд үнэхээр эмгэнэлт явдал болжээ. Юу гэвэл арванхоёрдугаар сарын 5-наас 9-нд   аймшигт утаа  хотыг тэр чигт нь нөмөрсөн байна. Нас барсан хүний тоо маш их зөрүүтэй байдаг бөгөөд 4-өөс 12 мянга хүртэл  гэсэн тоо байх.  Бас 100 мянга орчим хүн өвчилжээ.  Нийтийн тээвэр зогсож, зөвхөн метро л ажиллаж байж. “Түргэн тусламж”-ийн тэрэг ч өвчтөнүүдэд хүрч очиж  чадахаа больж, харин тэд өөрсдөө л яаж ийгээд  эмнэлэг бараадахаас  аргагүйд хүрч байжээ. Байдал тун ноцтой байсан учир, 1956 онд английн парламент “Цэвэр агаарын тухай хууль” батлаж,  Лондоны экологийн байдлыг сайжруулах арга хэмжээ авахаар заасан байна.  Тэр ч бүү хэл,  “камин зуухны хянагч”  гэдэг албан тушаал бий болгож, тэр хүн  өөрийн дүүрэгт халаалтын төхөөрөмжийн ажлыг хянаж  байх ёстой байжээ. 

 1945 оны намар  Их Британид аялан тоглож байсан москвагийн “Динамо” клубийн хөлбөмбөгчид Лондоны  алдарт  манангийн нөлөөг  бүрэн мэдэрчээ.  Лондоны “Арсенал” клубтэй тоглохын өмнө арваннэгдүгээр сарын 21-нд  цэнгэлдэх хүрээлэнд үзэгдэх орчим 30-40 метр  байжээ. Гэсэн ч тэмцээн болж, Москвагийн клуб 4:3-ын хаьцаатайгаар  хожсон  байна.  “Шүүгч  намайг  тоглолтоос  хасч, гэхдээ манангийн ачаар талбайд буцаж гарч  чадсан юм. Үүнийг хэн ч анзаараагүй” гэж  тэр тэмцээнд  тоглосон  английн Жорж Дрери олон жилийн дараа хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

С.Инда

Bataar.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen