Суурь тэтгэврийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?
Япон улсын “Жайка” байгууллагаас Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Япончууд хилийн чанадад ажиллаж, амьдрах тохиолдолд хэрхэн ажил эрхлэгчдийн даатгалаас гарах ёстой талаар танилцуулсан.
Япон Улсад оршин сууж буй 20-иос дээш насны бүх иргэн суурь тэтгэврийн даатгалд хамрагдах ёстой. Гэвч хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа тохиолдолд сайн дураар даатгуулан, шимтгэлээ үргэлжлүүлэн төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, шимтгэл төлж буй хугацаанд гадаад улсад байсан ч тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй. Мэдээж би дүүргийн ажилтанд “тэтгэврийн даатгалын шимтгэлээ үргэлжлүүлэн төлье” гэж хариулсан. Хаана ч амьдарч байсан надад учирч болох аливаа эрсдлээс сэргийлэх нь чухал шүү дээ.
Тэтгэврийн даатгал хариуцсан цонхон дээр очлоо. Бүх л газрын захиргаан дээр заавал ийм үйлчилгээний цонх байх бөгөөд тэнд зөвхөн хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэд, оюутнууд хамрагддаг суурь тэтгэврийн даатгуулагчдад үйлчилдэг. Энэ нь иргэдийн цаг алдуулахгүй, чирэгдүүлэхгүй байх сайн талтай. Ингээд би суурь тэтгэврийн даатгалд хамрагдах хүсэлтээ гаргалаа. Ажилтны зүгээс ажил эрхлэгчдийн даатгалаас хасагдсаныг тодорхойлох баримт байгаа эсэхийг асууж байна. Уг нь ажиллаж байсан газраас даатгалын хэлтэст ажлаас гарсан гэсэн мэдэгдэл хүргүүлснээр ажил эрхлэгчдийн даатгалаас автоматаар хасагдах ёстой. Сайн тодруулбал, ажил эрхлэгчдийн даатгалаас хасалт хийлгэхэд миний зүгээс ямар нэгэн зүйл хийх шаардлагагүй боловч, бүрэн хасалт хийж дуусах хүртэл хэдэн долоо хоног хүлээх хэрэгтэй болов. Би даруй Монгол явах хэрэгтэй байсан тул ажил эрхлэгчдийн даатгалаас суурь тэтгэврийн даатгал руу шууд шилжих боломжгүй болоод байлаа.
Харин дүүргийн тэтгэвэр хариуцсан ажилтан, ажлаас гарсныг батлах бичиг баримтын хуулбар байвал ажил эрхлэгчдийн даатгалаас гарсан гэж үзээд суурь тэтгэврийн даатгалд шууд хамруулж болно гэж тайлбарлалаа.
Харамсалтай нь тэр бичиг баримт байхгүй байсан учраас дараа нь шуудангаар явуулахаар болж асуудал шийдэгдсэн юм.
Гадаадад ажиллаж байгаа иргэн суурь тэтгэврийн даатгалын шимтгэлээ хэрхэн төлөх талаар дараагийн нийтлэлдээ бичих болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
КИКҮЧИ ЭРИКА
Төслийн мэргэжилтэн