ТҮРҮҮЛЖ УУЧЛАЛТ ГУЙСНААРАА ТА ДОРОЙ НЭГЭН БОЛЖ, ДООШОО ОРЧИХГҮЙ ЮМСАН
Урьтаж мэндэлснээрээ чи бялдууч болохгүй
Уучлалт хүссэнээрээ чи дорой болохгүй
Уур омгоороо чи хүчтэн болохгүй
Ухаарч ойлгоогүй цагт амжилт олохгүй... гэсэн үг бий.
Гэтэл манай монголчуудад уучлалт гуйхын соёл асар ихээр дутагдаж, бас үгүйлэгдэж байна. Буруу зүйл хийснийхээ төлөө бусдаас яагаад уучлалт гуйчих сэтгэл зүрх байдаггүй юм бэ.
Ялангуяа албан тушаал хашиж буй хүн бүр үүрэг, хариуцлага хүлээдэг. Хэдийгээр албан тушаалыг дагаж эрх мэдэл ирдэг боловч энэ нь үүргээр хязгаарлагддаг. Тиймээс хэрэв алдаа гаргавал хариуцлагаа хүлээдэг, наад зах нь уучлал гуйх соёл гэж тэр хүнд байх ёстой доо.
Дэлхий дахинд ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө, болчимгүй үг хэлснийхээ төлөө, бас бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгаж чадаагүй гээд, эсвэл парламент нь хямралын эсрэг багц арга хэмжээ авах тогтоолыг баталсангүй, дэвүүр сэвүүр тараасныхаа төлөө, садар самуун зүйлийг ил гаргасан хэмээн огцорсон улстөрийн том албан тушаалтан, сайдуудын жишээ санаж болов уу.
Харин Монголд хэлсэн үг, хийсэн үйлдлийнхээ төлөө огцрох битгий хэл түмэн олноосоо уучлалт гуйчих ухамсартай сайдтан, төрийн түшээ гэж алга. Уг нь ухаантай хүн уучлалт гуйдаг гэдэг. Улстөрд байгаа эрхмүүдийг ухаантай л гэж боддог. Гэвч....
Тухайлбал, хэд хэдэн баримтаар жишье.
Улс төрийн сонгуулийн үеэр 60 тэрбум төгрөгөөр албан тушаал наймаалцахыг санаархсан дарга нар өнөөдрийг хүртэл ард түмнээсээ уучлалт гуйсангүй. Ард түмнээсээ уучлалт гуйж, огцрохыг удаа дараа хүссэн ч тэгсэнгүй.
Энэ хэргийн гол хамсаатан гэх УИХ-ын дарга “Намын нэр хүндээ сэвтээсэндээ харамсч байна” гэж бичгээр мэдэгдснээс амаараа албан ёсоор уучлалт гуйсангүй. Ард түмэн хүлээсээр л байгаа.
Түүнээс гадна Зам тээврийн хөгжлийн яам болон УБТЗ-ын удирдах газарт хариуцлагын зуд үнэндээ нүүрлэжээ.
Өнгөрсөн наймдугаар сард энэ салбарт нэлээн ноцтой хэд хэдэн асуудал гарсан. Тухайлбал, ЗТХЯ-ны хэлтсийн дарга нар нэгнийхээ аминд хүрэв. Сайншандаас-Улаанбаатар чиглэл рүү явж байсан суудлын галт тэрэг унаж олон хүн бэртээж гэмтээв.
Энэ бүхэнд хэн хариуцлага хүлээж уучлалт гуйсан бэ. Хүн амины хэрэгт салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл хоёр албан тушаалаасаа бууснаас талийгаач Г-гийн ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйгаагүйг мэднэ. Ж.Бат-Эрдэнэ сайдын суудлаасаа буусан ч УИХ-ын гишүүнээрээ үлдэж байгаа хүн. Гэхдээ тэрбээр уучлалт гуйчих сэтгэлтэй байх ёстой баймаар юм даа. Тэгсэн бол хүн чанартай хүнлэг сэтгэлтэй нэгэн байх байлаа.
Өнөөдрийг хүртэл ар гэрийнхэн нь "ийм хэрэг явдал гарсанд харамсч байна уучлаарай" гэдэг үгийг хүлээж яваа нь үнэн юм шүү. Ж.Бат-Эрдэнэ гишүүнээ та уучлалт гуйснаараа дорой нэгэн болж доошоо орчихгүй юмсан. Сайдын сэнтийгээсээ огцроод асуудал намжих биш, та хариуцлагатай байж ухамсараараа уучлал гуйхад юу нь болохгүй гэж.
Нөгөөтэйгүүр олон хүний амь насаар наадаагүй ч эрүүл мэнд, сэтгэл зүйг нь хохироосон УБТЗ-ын газрын дарга нараас өнөөдөр хэн ч уучлалт гуйгаагүй.
Уг нь амь насыг нь аюулгүй авч явах үүрэг хүлээсэн салбарын удирдлагууд ёс суртахуунтай баймаар юм даа. Тэд ажил, албан тушаалаасаа буухгүй, огцрохгүй юмаа гэхэд ард түмнээсээ ялангуяа тус галт тэргээр зорчиж явсан 300 гаруй хүнээс уучлалт гуйгаад, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрвөл гэж бодох юм. Гэвч бас л хариуцлагагүй, ухамсаргүй том том дарга нартай.
Дарга нь доод давхаргын хэдэн ажилтан, хурган дарга нартаа хариуцлага тооцохоос, өөрсдөө бол суудалтайгаа зууралдаастай байгаа нь үнэн. Ядаж хариуцлага хүлээдэггүй юмаа гэхэд ард түмнээсээ уучлалт гуйчих сэтгэлтэй бай.
Бас нэгэн жишээ хэлэхэд, Монгол түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн гавьяат тамирчин маань өнгөрсөн сард болсон Азийн наадмын үеэр допинг хэрэглэсэн болох нь тодорхой болж тогтоогдов. Тэрбээр өнөөдрийг хүртэл бүлх залгисан мэт чив чимээгүй байна. Энэ талаар анх мэдээлэл нийтлэн бичсэн хэвлэлийнхнийг албаар худал мэдээлэл тараалаа хэмээн дайрч давшилж байсан нь саяхан.
Гэтэл Дэлхийн чөлөөт бөхийн холбооноос допинг хэрэглэсэн болохыг бататгаж зарлав. Агуу тамирчин, домог бөх хэмээн хүндэлж, дэмжиж явсан ард түмнээсээ уучлалт гуйх соёлтой байгаач. Буруу зүйл хийснийхээ төлөө хариуцлагаа хүлээж, бусдаас уучлалт гуйдаг л байх ёстой.
Гэвч манайханд тийм ухамсар, соёл гэж байхгүй нь харамсалтай юм даа. Дарга нар нь огцрох байтугай албан тушаалаасаа үхэн хатан зууралддаг жишээ ч олон байна.
Төрд өндөр алба хашиж буй нөхдүүд алдаа гаргаад халагдсаныхаа дараа шүүхээр заргалдаж байгаад эргээд ажилдаа орчихдог, хариуцлага хүлээх биш хэвлэлийн баатар болоод өнгөрдөг. Хамгийн гол нь уучлалт гуйх соёлтой баймаар. Ер нь уучлал гуйснаараа та сул дорой нэгэн болчихгүй ээ. Харин соёлтой, ухамсартай, хариуцлагатай нэгэн гэдгээ харуулж байгаа жишээ юм шүү.
О.Сайхан
Оллоо.mn