Сэрэмжлүүлэг: Хүний захиас аваад гэмт хэрэгтэн болсон бодит жишээ
Цагдаагийн байгууллагаас хүний захиас авч болохгүй гэдгийг сэрэмжлүүлсээр байдаг. Гэвч энэ сэрэмжлүүлэгийг үл ойшоосон иргэн өнөөдөр ял сонсоод байна. Тодруулбал, Замын-Үүдээс Эрээн рүү УАЗ-469 машинаар үйлчилдэг нэг жолооч хүний захиасыг авсан нь хориотой бараа байсан нь хилийн хяналтаар тогтоогдсон байдаг. Улмаар захиас өгсөн, авсан хүмүүс нь өнөөдөр ял аваад байна.
Хэрэг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талд илэрсэн байдаг. 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 152 ширхэг буюу 1520 литр химийн хорт, аюултай бодисыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн болох нь тогтоогдсон юм.
Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд хэн бэ?
Хүний захиасыг авсан гэх жолооч нь Монгол Улсын иргэн, С аймгийн Б суманд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа Замын-Үүд сумаас Эрээн хотын чиглэлд хүн, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, урьд Багахангай Налайх дүүргийн шүүхийн 2006.09.21-ний 88 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ял оногдуулж, өршөөлийн хуулиар 3 жил хасч 2 жил 10 хоногийн хорих ялаарн, мөн шүүхийн 2008.02.12-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 9 сарын хорих ялаар, мөн шүүхийн 2010.02.19-ний өдрийн 21 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 7 жил 2 сар 2 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан этгээд юм.
Бусдыг гэмт хэрэгт оруулсан гэх Б овогт Ш.Б, БНХАУ-ын иргэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Үзэмчин хошуунд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороонд авто засварын үйл ажиллагаа явуулдаг “Г М” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Үзэмчин хошуунд оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороонд оршин суудаг, урьд ял шийтгэлгүй этгээд.
Монгол улсад оршин суух Ш.Б нь Эрээнээс бараа захиалж авчруулдаг. Харин тухайн барааг тусгай зөвшөөрөл авч Монгол улсын хилээр нэвтрүүлдэг гэдгийг мэдээгүй байсан. Өмнө нь яг энэ төрлийн барааг хоёр ч удаа Эрээнээс захиалан оруулж ирж байсан удаатай аж. Баригдсан энэ тохиолдол нь түүний гурав дахь удаагийн тохиолдол бөгөөд тэрбээр энэ хэрэг нь илэрэхэд л гэмт хэрэг үйлдсэн гэдгийг, хууль зөрчсөн гэдгийг ойлгож, мэдсэн гэж тайлбарласан байна.
Энэ хэргийг илрүүлсэн төрийн албан хаагч мөрдөн байцаалтын шатанд “...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргын баталсан хуваарийн дагуу хяналт шалгалт хийх явцад 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаас тухайн автомашины жолоочийн мэдүүлснээр “Будаг шингэлэгч” гэх 10 литрийн хуванцар саванд савласан 152 ширхэг нийт 1520 литр савны гадна талд ямар нэгэн хаяг, шошгоны тэмдэглэгээ хийгдээгүй шингэн зүйл илэрснийг зохих журмын дагуу автомашиныг автозамын шалган нэвтрүүлэх боомтын хашаанд саатуулж дараагийн хуваарийн байцаагч Ө.Т-д шилжүүлэн өгсөн. Автомашины жолоочийг Ш.Б гэсэн ба жолооч хэлэхдээ баригдсаны дараагаар бичиг баримт удахгүй араас ирнэ Улаанбаатарт компани нь байгаа, шаардлагатай бичиг баримтуудыг явуулчих гэж хэллээ гэсэн. Түүний тээвэрлэж байсан шингэн зүйл нь Байгаль аялал жуулчлалын яамнаас Тусгай зөвшөөрөл шаарддаг мөн Хятад улсын талаас чанарын сертификат, үйлдвэрлэгчийн хор аюулын лавлагаа зэрэг бичиг баримтууд шаардлагатай шингэн бодис юм. Харин тухайн бодис ямар ч бичиг баримтгүй ачаан доор нуусан байдалтай оруулж ирсэн. Ш.Б ачааг суудлын буюу зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэж оруулж ирсэн нь тээвэрлэлтийн горим зөрчсөн. Түүний тээвэрлэж явсан бодис нь Монгол Улсын шадар сайдын 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар “Их эрсдэлтэй барааны жагсаалт”-нд хамаардаг ба импортоор оруулах тохиолдолд аж ахуйн нэгж Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас зайлшгүй тусгай зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Иргэнд бол зөвшөөрөхгүй. Ер нь Хилийн мэргэжлийн хяналтын алба болон бусад газраас иргэдэд зохих хууль тогтоомжоор сургалт байнга явуулж мэдээ мэдээлэл хийдэг болохоор энэ талаар тухайн иргэн нь мэдэж байгаа. Гэтэл өөрсдөө хэнэггүй байдлаасаа болж эсвэл тухайн ачааг цаанаас ачуулж байгаа тал суудлын автомашины үйлчилгээ нь түргэн шуурхай байдаг болохоор ачуулаад байдаг байх...” хэмээн тайлбарласан байна.
Нийслэлийн Прокуророос жолооч Ш.Б-г 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 152 ширхэг буюу 1520 литр хуванцар савтай бодис Байгаль орчин аялал жуулчлалын яамны химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, тээвэрлэсэн хэрэгт, бусдыг гэмт хэрэгт татан оролцуулсанБНХАУ-ын иргэн М.Ш-г 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт орших хилийн боомтын автомашин шалган нэвтрүүлэх цэгийн импорт талаар 62-73 ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар нэвтрэхдээ 152 ширхэг буюу 1520 литр хуванцар савтай будаг шингэлэгчийг Байгаль орчин аялал жуулчлалын яамны химийн бодис импортлох тусгай зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, худалдан авсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Анхан шатны шүүхээс М.Ш-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, худалдан авсан гэмт хэргийг, шүүгдэгч Б овогт Ш.Б-г химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцсон. Улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ш-г 8000 /найман мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 /найман сая/ төгрөгийн торгох ялаар, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суух газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосон байна.
Тиймээс иргэн та хилийн дээс алхаж байгаа л бол бусдын захиалгыг авахгүй байх. Авахаар бол юу тээвэрлэж байгааг нь сайтар асууж, шалгаж аваарай. Таны захиасанд авсан ачаа Монгол улсын хууль дүрэм зөрчиж байгаа эсэхийг тодруулж, өөрийгөө болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.