Нью-Йоркт цэвэрлэгээний ажилчид АЖИЛ ХАЯСНААС хот хогондоо дарагдсан ТҮҮХ
Нью-Йорк хотын зам талбайн цэвэрлэгээний 7000 ажилтан 1968 оны хоёрдугаар сард ажил хаялт зарлажээ.
Тэд хотын захиргааны бусад ажилчид болох гал сөнөөгчид, цагдаагийн албан хаагчдын дэргэд маш бага цалинтай ажилладаг тул цалин тэтгэмжээ нэмүүлэхийг шаардаж, ийнхүү тэмцлээ эхлүүлсэн байдаг.
Гэвч тэднийг ажил хаясны дараа хотод огт төсөөлж байгаагүй нөхцөл байдал үүсчээ.
Гудамж талбайг цэвэрлэхгүй байсаар хог хуримтлагдаж, хүчтэй салхилахад хот бүхэлдээ хогондоо дарагдаж байв. Ойролцоогоор 100 мянган тонн хог гудамж талбайг бохирдуулжээ.
Ес хоногийн тэмцлийн үр дүнд мужийн захирагч Нельсон Рокфеллер ажилчдын цалинг 425 ам.доллар болгон нэмэгдүүлэх санал тавихад ажилчид зөвшөөрч, ажил хаялтаа зогсоосон байна.
Дашрамд сонирхуулахад, 1966 оны нэгдүгээр сард Нью-Йорк хотыг улс төрч Жон Линдси захирах болжээ. Түүнийг ажлаа авсны дараахан нийтийн тээвэр, сургуулийн ажилчид, гудамж цэвэрлэгээний ажилчид гээд хот даяар ээлж дараалсан ажил хаялт зарласны сацуу арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэл хүчтэй өрнөж байв. Тэрбээр 1968 оныг захирагчаар ажиллаж байх үеийнх нь хамгийн таагүй үе хэмээн нэгэнтээ дурссан байдаг.
А.Мишээл | GoGo.mn