16 оны сонгуулийн үеэр болсон яриа-наас
- Та УИХ-ын гишүүн болчихвол Их, дээд сургуулиудын оюутны сургалтын төлбөрийг бууруулах талаар юу хийх вэ?
- Танай сургуулийн төлбөр хэдэн төгрөг вэ?
- 2,1 сая.
- Чи сургуулийнхаа сургалтын чанар, багш нарын чадвар, байр, материаллаг орчин, техник хангамж, үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг уу?
- Муу штээ.
- Муу болохоор нь төлбөр нь бага байх ёстой гэж бодож байна уу?
- ... гэхдээ л төлбөр нь их байна.
- Харин би бол арай өөрөөр бодож байна. Танай сургуулийг сайн болгохын тулд яах ёстой вэ? Юуны өмнө чадварлаг сайн багш нар хэрэгтэй. Тийм үү?
- Тийм.
- Сайн багш сайн цалин авах ёстой. Бага цалинтай газар сайн багш нар тогтох уу?
- Үгүй л дээ.
- Бас анги танхим, лабортори, сургалтын чинь орчиныг чиний хүссэн шиг сайн болгохын тулд юу хэрэгтэй вэ?
- ....
- Мэдээж хэрэг мөнгө, санхүү хэрэгтэй. Бас танай сургуулийн сургалтын хөтөлбөр бүрэн дүүрэн байхын тулд ч мөнгө санхүү хэрэгтэй. Тийм үү?
- Тийм л дээ. Гэхдээ...
- Гэхдээ ... юу билээ ?
- Төрөөс тэр зардлыг нь гаргадаг юм биш үү?
- Төр гаргах зардлаа ч гаргана, мөн суралцагчид ч зохих хэмжээний төлбөр ногдоно. Хувийн сургууль бол нэлээд өөр. Гэхдээ төр дунд боловсролыг үнэгүй олгож байгааг мартаж болохгүй. Энэ бол Монгол Төрийн ард түмнийхээ өмнө гарцаагүй хүлээж буй үүрэг нь. Та бид Үндсэн хуулиараа дунд боловсролыг үнэгүй эзэмших ёстой. Харин дээд боловсрол бол өөр юм.
- Та тэгэхээр төлбөр бууруулахгүй гэж байна уу?
- Тийм, тэр бүү хэл би Их дээд сургуулиудын төлбөрийг нэмэх ёстой гэж бодож байна.
- хмм... За за. Ойлгомжтой. /Охин дурамжхан суудалдаа суув/
- Яагаад төлбөр нэмэх ёстой юм бэ? гэж харин чи надаас яагаад асуухгүй байгаа юм бэ?
- Асуух юу байгаа юм?
- Гэхдээ чи надаас төлбөр бууруулах талаар асуусан байх аа? Энэ асуултад нь би хариулая.
- За ..
- Хэрвээ чи дэлгүүр, эсвэл захаас гутал худалдаж авлаа гэе. 20 мянган төгрөгөнд чи ямар хэмжээний гутал худалдаж авах вэ?
- Яах вэ, нэг муухан юм авах л байх.
- Эрээний крелин үнэртсэн л гутал авна, тийм үү?
- Тийм.
- Тэгвэл 20 мянга биш, 200 мянгад ямар гутал худалдаж авах вэ?
- .... /дуугарсангүй/
- Яг Брэндийн ориг нь биш юм гэхэд нэлээд боломжийн гутал худалдаад авчихна аа даа.
- Тэгнэ.
- Түүнтэй чинь л адилхан шүү дээ. Дээд боловсрол чиний төлж буй төлбөрийн чинь хэмжээгээр тодорхойлогдож байх ёстой юм. Яагаад гэвэл одоо чи дунд сургуулийн хүүхэд биш, ирээдүйн амьдралаа төлөвлөөд, ухамсартайгаар сонголтоо хийгээд урагшаа зорьж яваа оюутан хүн. Гэхдээ энэ төлбөр гэдэгт зөвхөн бодит мөнгөн дүн төдийгүй чиний хичээл зүтгэл, эрмэлзэл чармайлт ч багтана шүү дээ.
- Манай сургуулийн төлбөр хоёр жилийн өмнө 2 сая байсан, өнгөрсөн жил 2.1 сая болсон. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөөгүй шүү дээ.
- Аргагүй шүү дээ. Наад нэмэлт чинь төгрөгний ханшны уналттай ойролцоо л нэмэлт байна шүү дээ. Ийм нэмэлт төлбөрийн хэмжээнд сургууль стандартдаа үндсэн эргэлт хийж чадахгүй.
- Тэгээд яах гэж...
- Бүр хамгийн багадаа 10 сая хүртэл нэмэх хэрэгтэй. Тэгэж байж өөрчлөлт гарна.
- Өө, за за. Та ч ёстой алдгийм байна.
- Өнөөдөр Монгол орны сул дорой хөгжлийн нэг шалтгаан нь Дээд боловсрол үнэ цэнэгүй байгаа явдал. 3 сая хүнтэй атлаа 110 гаруй их дээд сургуультай, 150 000 мянган оюутантай. /2016 оны үзүүлэлт/ Энэ үзүүлэлтээрээ буюу 10 000 хүнд ногдох их дээд сургууль, оюутныхаа тоогоор бид дэлхийд нэгд ордог. Өнөөдөр дэлхийг хөгжлөөрөө тэргүүлж буй АНУ энэ үзүүлэлтээрээ манайхаас даруй 6 дахин доогуур бий. 6 дахин шүү. Гэтэл тэд дэлхийд тэргүүлээд, манайх хоцроод байдаг нь хачин байгаа биз. Уг нь энэ олон их дээд сургуултайгаараа бид л тэргүүлж баймаар. Тоо биш чанар. Дээд боловсролыг үнэ цэнэтэй болгох нэг чухал алхам нь төлбөр. Хувийнх ч, хувьсгалынх ч ялгалгүй өндөр төлбөртэй байх ёстой. Харин дараа нь тэр төлбөрийнхөө хэмжээний боловсролын үйлчилгээ, хөтөлбөр, сургалтын орчин, техник материаллаг баазыг бид олон улсын стандартын түвшинд шахаж шаардаж, нэхэх ёстой. Тэгэхгүй бол энэ салбар сэхлээс гарахгүй.
Төдий болтол оюутан бид хоёрын яриаг анхааралтай сонсож суусан нэг ах босож ирэв.
- Хүүхээ, тэгвэл тэр өндөр төлбөртэй сургуульд чинь би яаж охиноо сургаж чадах юм бэ? Одоо 2-3 саяыг нь арай гэж төлж байхад.
- Та хүүхдээ заавал Их, дээд сургуульд суралцах шаардлагатай гэж бодож байна уу?
- Би хүүхдээ боловсролтой болгомоор байна. Өөр шигээ насаараа малын хажууд хөхөрч, гандаж явуулмааргүй байна. Гэтэл одоо би охиныхоо сургалтын төлбөрийг төлөхийн тулд дор хаяад 60-70 толгой мал зарах хэрэг болдог. Чиний хэлж буйгаар бол би бүр хотоо харлатал нь зарж байж л хүүхдийнхээ сургалтын төлбөрийг барах нь ээ? Миний хүүхэд яагаад дээд сургуульд сурч болдоггүй билээ? Ингэхэд чи ер ямар эсэргүү юм яриад байна вэ?
- За ах минь, таны хүүхдээ дээд боловсролтой болгоё гэж буй хүслийг би үгүйсгэсэнгүй ээ. Гэхдээ бас учир жанцан байна. Өнөөдөр манай Их дээд сургууль төгсөж буй төгсөгчдийн 70 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа. 70 гаруй хувь нь шүү. Тэгээд олонхи маань ажилгүй, бүр огт өөр ажил хийж байна. Зарим маань сайхан сайхан дипломтой атлаа цэвэрлэгч хүртэл хийж байна. Тэдний өмнөөс харамсмаар, хайран сайхан 4 жил, хайран төлбөр мөнгө. Бид дээд боловсрол л эзэмшчих юм бол ажил амьдралын баталгаатай болчихно гэдэг хуучин соц үеийнх шиг сэтгэлгээгээр хандаад байна. Цаг өөр болчихсон шүү дээ. Дээд боловсролтой болгочихвол л бүх юм болчихдог юм биш. Ялангуяа өнөөдрийнх шиг дээд боловсролын систем дампуурлын байдалтай байгаа нөхцөлд манай мастер, бакалавр байтугай доктор ч амьдралын баталгаа бүрэн болж чадахгүй болсон шүү. Тэгэхээр энэ талаар эргэж сайн бодож, ярилцаж үзээсэй л гэж хүсэж байна.
Харин, хэрвээ таны хүүхэд үнэхээрийн авьяас чадвартай бол, ирээдүйтэй бол огт өөр хэрэг. Их дээд сургуулиуд чинь төлбөр өндөр байх хэрээрээ авьяас чадвартай, ирээдүйтэй хүүхдүүддээ зориулсан янз бүрийн хөтөлбөр, тэтгэлэг гаргах боломжтой болдог. 50, 80, бүр 100 хувь сургалтын төлбөрөөс нь чөлөөлөх боломжтой. Гагцхүү хүүхдүүд маань өөрсдийгөө л харуулах ёстой.
Ер дэлхийн хөгжингүй улс орнуудад дээд боловсрол хөгжиж, хүчирхэгжиж ирсэн туршлага, загвар нь энгийндээ хэлэхэд ийм л юм шүү дээ.
- За мэдэхгүй, үлгэр шиг л юм яриад байх. Наадах чинь бүтэхгүй ээ. Төлбөр нэмлээ гээд сургуулийн захирал, дарга нар гээд хэдхэн хүн л баяжаад дуусна. Юу ч өөрчлөгдөхгүй. Чамайг чинь яагаад ч сонгож болохгүй хүн байна.
Нэг бүсгүй босож ирэв.
- Би таны нийтлэлүүдийг уншдаг. Ерөнхийдөө тантай санал их нэгддэг л дээ. Гэхдээ, Та нэг нийтлэлдээ "Дээд боловсрол бизнес болсон" гэж шүүмжилсэн байсан. Харин таны саяны яриад байгаа чинь өмнөх бичсэнийхээ эсрэг болчихлоо. Та дээд сургуулийн төлбөрийг нэмснээр жинхэнэ утгаар нь бизнес болгох гэж байгаа юм биш үү?
- Нийтлэлийг маань уншдагт, бас зарим зүйл дээр санал нийлдэгт баярлалаа. Дээд боловсрол яагаад бизнес болсон бэ? Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Би цагаар дээд сургуульд багшилж байв. Үнэхээрийн болохгүй, хичээлээ давтдаггүй, юм сурдаггүй хүүхдэд муу тавиад явуулчихаар, сургуулийн захирал нь өөрөө дүнгийнх нь хүснэгтийг бариад ороод ирдэг үе байсан шүү дээ. "Энэ хүүхэд чинь төлбөрөө бүрэн төлчихсөн хүүхэд шүү дээ, тэнцүүлчих" гээд. Өөр жишээний хэрэггүй, энэ бол дээд боловсрол гэдэг бизнес болчихсоны бүрэн баталгаа. Нэг үе ийм байсан. 2000-аад он нилээн гартал шүү. Манай их дээд сургуульд элсэгчид бараг 100 хувь шахам төгсдөг. Харин АНУ-д 60 гаруйхан хувьтай төгсдөг. Манай оюутнууд үнэхээрийн мундаг сайн сурдаг болоод 100 хувь төгсөлттэй байдаг юм биш, харин ч эсрэгээрээ. Үүнийг л эсэргүүцэж би тийм нийтлэл бичиж байсан, нэлээд хэдэн жилийн өмнө шүү дээ, 6-7 жил өнгөрч. Одоо дээд боловсролын системд тодорхой хэмжээний өөрчлөлт, ахиц явж, эхэн үеийн тэрхүү зөвхөн санхүүгээ эхэнд тавьдаг, сургалт болон бусад асуудлыг хоёрт тавьдаг нь өөрчлөгдөж байгаа нь анзаарагдаж байна. Гэхдээ үнэхээрийн дээд боловсролыг агуулгаар нь бүрэн шинэчлэх, хөгжүүлэх, олон улсын стандартад хүргэхийг хүсэж буй бол өнөөдөр сургалтынхаа төлбөрийг нэмэхээс л аргагүй. Цаана чинь зарим хувийн дунд сургуулиад 50 гарсан саяын төлбөрөөр бага, дунд сургуулийн боловсрол хүртэл олгож байгаа шүү дээ. Гэхдээ энэхүү төлбөр нэмэх нь дээд боловсролын шинэчлэлийн зөвхөн нэг хэсэг нь юм шүү. Зөвхөн төлбөр нэмэх төдийгөөр асуудал шийдэгдэхгүй, бүрэн цогц асуудал яригдах ёстой.
Тэр оюутан охины сургалтын төлбөрөө багасгах тухай санал чинь чухам явж явж энэхүү дээд боловсрол болохгүй байгааг, зүй ёсоороо урагшлахгүй байгааг л хэлээд байгаа юм.
Асуулт асуусан оюутан охин хэдэн охидын хамт дурамжхандуу уулзалтын танхимаас гарч явав. Бас өнөөх ах ч бас хормойгоо гөвсөөр гараад явчихаж билээ.
2016 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж явахад сонгогчид оюутны сургалтын төлбөрийн талаар нэг иймэрхүү яриа болоод өнгөрсөн юм. Яг ийм биш ч ойролцоо агуулгатай яриа олонхи уулзалт дээр болж байв.
Харин өрсөлдөгчид маань яг энэ сэдэв ирэхээр нижигнэтэл алга ташуулдаг байлаа. "Сургалтын төлбөрийг бууруулах ёстой. Бүр төлбөрийг дэс дараатайгаар багасгасаар тэглэх хүртэл хөтөлбөр манай намд бий. Манай нам энэ талаар тууштай ажиллана" гэх мэтээр.... Алга ташилт, уухай....
Ингэхэд би их "буруу" юмыг "тактикгүй" ярьж явсан байгаа юм шүү.
Б.Наминчимэд