ТАТВАР ТӨЛӨГЧИД ГАХАЙ, ҮНЭЭ БОЛОХЫГ ХОРИГЛОНО

ТАТВАР ТӨЛӨГЧИД ГАХАЙ, ҮНЭЭ БОЛОХЫГ ХОРИГЛОНО

 

Ням гаригт ээлжит сугалааны дараа НӨАТ-ын баримтаараа мөнгө хожсон хүмүүс азтай, ёндоотойгоо гайхуулжээ. Энэ бол Ардчилсан намын үед хийгдсэн татварын реформын эхлэл бөгөөд НӨАТ-ын шинэчлэлийг дагаад хийгдэх ёстой байсан татварын багц хуулийг амь оруулах үүрэг Ардын намынханд оногдоод байгаа юм.

Өнгөрсөн хавар чуулганы босгыг давж чадалгүй нэг унасан татварын багц хууль ирэх аравдугаар сард нээлтээ хийх намрын чуулганы эхэнд хэлэлцэгдэх болов уу гэсэн хүлээлт үүссэнийг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлж байна. Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын гэх гурван хуулийг намрын чуулганаар баталж чадвал 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжих бөгөөд хуулийг дагалдуулж гаргах ёстой журам дээр Сангийн яам болон танхим хамтран ажиллаж байгаа гэнэ.

Татварын байцаагчдыг хадны мангаа болгодог, авлига авдаг, баялаг бүтээгчдийг айлгадаг ичээдэг цоорхой хуульд гэхээсээ дүрэм, журамд гардаг. Тиймээс танхимын зүгээс татварын багц хуулийг дагаж гарах журам дээр маш сайн ажиллах хэрэгтэй байгаагаа тодотгов. Хаврын чуулганы дараахан ээлжит бус чуулган зарлан хуралдуулах болов уу гэсэн чигтэй байсан ч одоогоор ямар нэгэн тов зарлагдаагүй байгаа. Тэгээд ч ээлжит бус чуулган зарлалаа  гэхэд татварын багц хуулийн төслийг бус эзэнгүй байгаа Зам тээврийн хөгжлийн сайдын асуудлыг хэлэлцэх байх гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд нэгэнтээ үүссэн.

Зам тээврийн хөгжлийн сайдын томилгоо, засгийн асуудлаас илүү чухал нь уг нь татварын багц хууль. Энэ хуулийг баталснаар Монголын эдийн засагт томоохон реформ хийгдэх юм.

Ялангуяа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль Монголын эдийн засагт эргэлдэж байгаа төгрөг бүрийг тоолох, тэгш шударга үйлчлэх, эргээд жижиг дунд үйлдвэрүүдэд өргөжих боломжийг олгож буй. Нөгөө татварын багц хуулийн шинэчлэлийн гол зорилго нь Монгол Улсын газар нутаг хаа байгаагаас үл хамааран орлого олж байгаа бүх цэгүүдийг бүртгэж, тэнд явагдаж байгаа ажил үйлчилгээ хөрөнгийн бүртгэл хийх юм. Монгол Улсад татвар хураалт шударга явагддаг уу гэвэл үгүй. Жишээлбэл, Улсын бүртгэлийн ерөнхий газарт 148 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс тэдний 56 хувь нь санхүүгийн тайлангаа татварт хүргүүлжээ. Үлдсэн нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн үг. Гэсэн мөртлөө улсын төсвөөр дамжуулан татварын хуваарилалтыг / цэцэрлэг, сургууль, эмнэлэг гэх мэтчилэн/ хүртсээр ирсэн.

Татвар төлөхөөс зайлсхийсэн аж ахуйн нэгж, компаниудын хувьд татварын байцаагчдын саалийн үнээ эсвэл гахай болдог нь худлаа биш. Тиймээс “Нарантуул”-ын наймаачин, Баянхошууны ТҮЦ-ийн эзэн, Оюутолгой хэн ч байлгаа ялгаагүй Монголд үйл ажиллагаа явуулж, орлого болж байгаа бүхнийг бүртгэнэ гэсэн үг. Ингэснээр НӨАТ-ын шинэчлэлийн хүрээнд ч нуугдаж хоцорсон далд эдийн засгийн илрүүлж, төсвийн орлогыг тодорхой хэмжээнд өснө гэдэгт танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав мөрийцөхөд ч бэлэн байгаа билээ.

Чухамдаа бол татварын шинэчлэл танхимын ерөнхийлөгчийн хэлснээр жижиг дунд үйлдвэрүүдийн моторыг солих боломж, нөгөө талаасаа татвар төлөгчид татварын байцаагчдын гахай, үнээ болохыг хориглох тухай л реформ юм.

Б.БАТ

https://www.news.mn/?id=285694

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen