М.АМАРБОЛД /ХИЛЭН ХАР/
Одоогоос хэдэн жилийн өмнө манайд нэгэн жигүүртэй мэт хурдан хүлэг байж билээ. Яг л нисдэг хорхой шиг хав хар өнгөтэй тэр морь лав босоогоороо төрсөн байх гэж би боддог юм. Үнэндээ босоогоороо төрснийг нь хэн ч хараагүй боловч ийм хүлэг л эхээсээ дөрвөн хөлөөрөө унадаг байж таарна гэхээр сайхан хурдан буян байсан даа. Дааганд нь хээрийн амьтан ноцоод зөв талын хонгонд нь шүдээ оруулчихсны гайгаар хойд хөл нь үл мэдэг цөмцөгнөж гишгэдэг, зүгээр зогсохдоо хүртэл тэр талын ташаа нь доор унжиж харагддагаас хүмүүс “Загиржавын хэлтэн хар” гэдэг, би тэр нэрэнд дургүй манай “хилэн хар” хэмээн нэрлэдэг байсан.
Боохойд хонгоо сэтлүүлэн алдсан тэр даагыг жигүүрт хурдан хүлэг гэж хэн мэдэх билээ. Унаагаа юүлэхээр явсан ах маань шархнаас нь цус шүүрсэн хар даага хөтлөн ирээд, шарх нь идээлж бээж магадгүй, сайн харж хандаж бай хэмээн авчирч надад даатгаж өгөв. Гэвч азаар муу юм болсонгүй, шарх нь ч хурдан эдгэж, баруун хойд талын ташаа нь үл мэдэг хэлтэн хар даага миний өдөр тутмын хөл дүүжлэх унаа болон хувирлаа. Хилэн хар гэмтэж бэртсэн ч гэсэн үнэхээр хурдан хүлэг гэдэг нь өдрөөс өдөрт мэдрэгдсээр байлаа. Хөл хөнгөн,явдал зөөлөнтэй.
Хонь тугалын бэлчээрээс үеийн хүүхдүүдтэй уралдан давхихад нас гүйцсэн мориноос хоцрохгүй сүүл даран давхина. Давхихад нөгөө хойд хөлийн дутуу нь ер мэрэгдэхгүй, харин ч давхих тусам явдал нь зөөлөрч, газар алслах тусам хурд хүч нь ахина.Би ч хилэн харын ямархуу шандаст хүлэг болох тухай ахад хэлэхэд ер итгэсэн шинжгүй үл тоомсорлоно. Намайг шалаад байхаар хойтон нь ах хэлтэн харыг уяж үзлээ. Яг л миний бодсон шиг сумын наадамд тасархай хол түрүүлж ирэхэд хүмүүс
- “ Үгүй ээ мөн хурдан адгуус аа. Хөл нь гэмтээгүй бол бүр илүү хурдлах байж шүү” хэмээн шаагицгааж , хэлтэн ташаат харын тухай ийм нэгэн бахархсан, гайхсан яриа манай нутгаар тарав. Хүмүүсийн яриа, сумын наадамд тасархай хол түрүүлсэн зэргээс болоод ах маань ч хилэн харыг эрэмдэг зэрэмдэг адгуус биш харин гайхалтай хурдан хүлэг гэдэгт итгэж эхэлсэн болов уу, тэр жил болсон зэргэлдээх сумын ойд хилэн харыгаа уралдууллаа. Тэнд ч бас хилэн хар магнайдаа тоосгүй хурдалж, хол саахалтын хэр тасархай түрүүлж ирэхэд наадамчид манай нутгийнханы хэлдэг тэр л шагшсан, гайхсан үгийг хэлцгээн, хилэн харыг магтан шуугицгаалаа. Шүдлэн, хязаалан, соёлон насандаа хилэн хар ойр хавийн наадам, уяа сойлгод улаан хөлтийг урдаа гишгүүлсэнгүй. Чухам л жирийн адгуус бус жигүүрт хүлэг мэт уралдсан наадам бүхэндээ магнайдаа тоосгүй ирж байлаа. Хар морины ачаар ахын нэр хүнд ч өсч, чадалтай сайн уяачийн тоонд багтаж, алдар цуу, түмний магтаалд хөөрсөн ах маань юм л бол
- “ Миний хар морины урд гишгэх хурдан ажнай энэ аймаг суманд лав алга. Тэр улсын наадамд нь уралдаж үздэг ч юм уу. Даанч эндээс явна гэдэг хол юм даа. Түүнээс миний хар улсад ч гэсэн тоосгүй түрүүлнэ дээ” хэмээн цээж хөдөлгөн ханхалзаж суух болов. Газар газраас цугласан тэр олон хурдан сайхан ажнайнууд дотор өөрийнх нь уяа сойлгыг нь тааруулсан хүлэг хэрхэн давхих бол хэмээн төсөөлж шохоорхох нь уяач хүн бүрийн боддог бодол ч байж мэднэ, гэхдээ л гэнэт олдсон алдар нэр ахын занг эвдээд байгаа нь надад анзаарагдаад байв. Магадгүй тэр нэг гайт явдал тохиолдоогүй бол ах улсын наадамд очих тэр хүсэл мөрөөдлөө лав биелүүлэх байсан биз ээ.
Хилэн харыг их насанд нийлсэн тэр жил ах маань аанай л ойр хавийн наадам хэсэн, хилэн харынхаа хурдыг гайхуулж явлаа. Ойрын хэдэн сумд даяар хилэн харыг андахгүй болоод байсан үе. Тэсийн голоос Загиржав уяач ирж гэнээ хэмээн дуулсан хүмүүс
-“ За энэ наадмын морины түрүү лав тодорхой боллоо. Тэсийн голын хэлтэн харын өмнө гишгэх хүлэг байхгүй биз дээ” гэцгээнэ. Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхэн гэсэн үгний утга учирыг бүрэн дүүрэн ойлгоход нас минь балчир байсан ч гэсэн Тэсийн голын унага гэсэн тэр үг чухам л хилэн хард зориулагдсан мэт надад бодогддог байж билээ. Зэргэлдээ хоёр сумын наадам очсон ах маань наймдугаар сарын эхээр болох Хөвсгөлийн нэгэн сумын ойд очихоор зэхэж эхлэв. Ахтай хамт манай нутгийн хэд хэдэн уяач хамсаж нэг гал болон явахаар тогтож, Хөвсгөлийн наадамд явах гэж байгаа уяачдын тухай ус голын хүн зон сонин болгон,
- За одоо л Загиржав уяачийн эрдэм, хэлтэн харын хурд хоёрыг нэг шалгаж дээ. Энэ ойр хавийн хэдэн сум яахав, газар шороо, агаар ус нь адилхан хойно. Харин энэ хангай газарт морины уяа сойлго өөрчлөгдөж, элсэрхэг газар явж сурсан морь хангайн хатуу хөрсөн дээр улдаад олигтой хурдалж чаддаггүй. Жинхэнэ сайн хүлэг мөн биш нь чухам л эндээс мэдэгдэнэ дээ” гэцгээнэ. Ийм яриа гараад удаагүй байтал ус нутаг даяар Балбар хувилгаан хэмээн алдаршсан нэгэн манайд ирлээ.
- Үхэж байсан хүүхдийг ус цацаж тарнидаад босгож гэнэ”
- Замд таарсан өвчтэй хүнийг хараад эрхээрээ ороолгож ” Зайл чи ” хэмээн загнасан чинь бөөн хар цусаар бөөлжөөд эрүүл болж гэнэ” гэхчлэн Балбар хувилгааны тухай үнэн худал нь мэдэгдэхгүй, домог шиг яриаг би томчуудаас бишгүй сонссон. Гэхдээ манай нутгийнхан тэр хүнийг тэгтэл шүтэж залбирч сүйд болдоггүй байлаа. Харин гаднаас Балбар хувилгааныд хүмүүс их л ирдэг, зарим нь ч бараг амьд бурхан мэт шүтэж биширдэг сураг байдаг байв.
Балбар хувилгаан зуншлага, ногоо цагаа, бороо хур гэхчлэн ахтай ойр зуурын юм хөөрч сууснаа
- Чамайг Хөвсгөл уруу наадамд явах гэж байгаа гэх юм. Тэгээд хэзээ хөдлөх юм бэ дээ? ” гэсэнд ах хэсэг зуур таг чиг байснаа аягатай айргаа нэг амьсгаагаар залгилчихаад,
- Хар мориныхоо чадлыг үзье үү л гэсэн юм. Ойрын хэдэн сумандаа ч яахав, миний харын өмнө гишгэх хурдан ажнай алга шиг байна. Манайх шиг элсэрхэг говь нутгийн адуу хангай газрын хатуу хөрсөн дээр хэрхэн хурдлах бол? хэмээн асуултыг асуултаар хариулах нь цаанаа л нэг янзгүй байгаа бололтой.
Балбар хувилгаан ч мөн жаахан дуугүй сууснаа
- Би хүн мэдэхээс ямар морь мал мэдэх биш дээ. Хүмүүс чиний энэ хэлтэн харыг тэнгэрийн хүлэг л гэцгээх юм. Би чамайг одоо хориглоод бараг дийлэхгүй биз. Уг нь энэ жил чи тэр наадамд явах хэрэггүй л байгаа юм. За яахав, ямар нэгэн юм болбол надад эртхэн хэл өгөөрэй” гээд дахин нэг ч үг нэмж хэлсэнгүй гарч одлоо. Хувилгааныг явсны дараа ээж маань ахыг
-Битгий яв.Балбар хувилгаан зүгээр ч нэг хэлээгүй байх шүү. Хөвсгөл хэл ам ихтэй, бөө удгантай нутаг гэдэг. Хэдэн жилд ганц болох наадмынхаа түрүүг бусдад алдая гэж хэн бодох вэ? Юу ч болох юм билээ” хэмээн хориглосон ч ах маань
- “ Нэгэнт явна гээд хүмүүстэй яриад тохирчихсон хойно одоо яаж болих вэ дээ. Тэгээд ч ер нь яав л гэж, эрүү Балбар өвчигнөж л байгаа биз. Хэдэн хул айраг зүгээр уугаад мордохгүй, элдэв юм яриад” хэмээн тас зөрлөө. Ах маань яваад сар илүүгийн дараа эргэж ирлээ. Морин дээрээ ч тогтож чадахгүй, хүнээр түшүүлсэн амьтан арайхийн гэрийн бараа харах нь тэр. Хамт явсан хүмүүсийн ярих нь “Их насанд манай хилэн хар түрүүлж, бас өөр нэг уяачийн үрээ нь айрагджээ. Холоос зорьж очсон уяачид их л баяр хөөртэй буцаж явсан аж.
Тэгсэн ах зүв зүгээр явж байснаа л гэнэт татаж , морин дээрээ цэх суух нь байтугай эгцэрч чадахгүй эвхэрсэн амьтан болчихсон гэнэ. Тэгээд л хажуугаас нь түшиж тулж явж байж авчирчээ.Маргааш нь сумаас эмч ирж үзээд ямар ч байсан эмнэлэг уруу аваад явья хэмээн хувцас хунарыг нь бэлтгүүлэв. Хэдэн малаа орхих аргагүй, дээр нь өвөлжөө бууцаа сэлбэхээс өгсүүлээд намрын ажил эхлэх дөхчихсөн үе болохоор ээж бид хоёрын хэн хэн нь явж чадсангүй. Хамт явья гэсэн ч ах зөвшөөрөхгүй байсан биз. Дотроос нэг юм татаад байх шиг хэмээн гэдсээ даран эвхэрсэн ах маань эмнэлэгийн машинд суугаад явахдаа:
- За чи тоглох эрхлэхийг л бодоод байв. Ээждээ сайн тусалж, эр хүн шиг олигтойхон байж үзээрэй” хэмээн захилаа. Ах эмнэлэгт хэд хоносныг мэдэхгүй, гэхдээ их л удаан хэвтсэн санагдана. Бие нь олигтой сайжирсан ч юмгүй буцаж ирсэн юм. Ахыг ирсний маргааш ээж маань намайг Балбар хувилгааныг залаад ирээч хэмээн явуулав. Ах ч угийн шүтлэггүй хүн.
-Эрдэмтэй чадалтай эмч домч нь үзээд эмчилж чадаагүй юмыг эрүү Балбар яаж эдгээх вэ дээ” хэмээн дотроо бодож байсан байх, гэвч гаднаа юм дуугарсангүй.
Намайг хилэн хараа унан Балбар хувилгааныд очиход хэзээ язааны ирнэ гэж мэдчихээд хүлээж байсан мэт дээл хувцсаа өмсөөд зэхчихсэн, бургисан шар тамхи хамар уруугаа чихэн их л юм бодсон шинжтэй бодлогоширч суухад нь би ихэд гайхав.
Намайг ороод мэндэлж, “ах маань өвдөөд, ээж таныг залаад ир гэж намайг явууллаа ” гэхэд огтхон ч дуугарсангүй. Нүдээ анин маан мэгзэм уншиж байна уу гэлтэй хэсэг суугаад ” За явья даа” хэмээн бослоо. Зам зуур ч огт юм ярьсангүй. Гэрт ирээд ээжийн гаргаж тавьсан сархадаас хоёр тагш залгилснаа ” Их л хүнд байна даа. Надад эртхэн хэлэхгүй. Би ч ийм юм болохыг мэдэж байсан хэр нь өнөөхөн зуур мартаж орхиж” хэмээн гэрт байгаа хүмүүст биш өөртөө хэлэх мэт намуун зуунги өгүүлснээ
- Чиний морийг авах гэж шалсан тэр хүн чинь тэгээд ямархуу хүн байсан юм бэ? хэмээн ахаас асуулаа. Түрүүнээс хойш тоомжир муутайхан хэвтэж байсан ах хувилгааны гэнэт ийн асуухад цочих шиг болсноо
- За байз, дунд хэрийн насны, бараан царайтай эр байсан. Хилэн хараа зарчих гэж мөн ч их шалсан даа.Зарахгүй гээд байхад л үнэ хэлээд суугаад байсан. Сүүлдээ ч бүр уурлаад, наад морио олон жил хурдлуулж, бусдын наадам булаахыг чинь харнаа гээд гараад явсан шүү ” хэмээн сулхан өчлөө. Балбар хувилгаан мөн л өөртөө өгүүлэх мэт ” Аа, мөн. Тийм бий вий” гэснээ өмнөх лонхтойгоосоо дахин нэг аягалж залгилчихаад
-За аминыхаа оронд хэлтэн харыгаа л өгч дээ. Тэгж л салахгүй бол болохгүй нь. Нэхэл хатуутай хүн байна ” гэх нь тэр. Ээж “хүүе” хэмээн уулга алдаж, ах цочин өндийсөн ч дуугарсангүй. Гэрт Балбар хувилгааны унших номноос өөр дуу чимээгүй хэсэгхэн хором өнгөрлөө. Удсан ч үгүй хувилгаан номоо уншиж дуусаад өмнөх аягатай архируугаа баахан шившин үлээснээ хуруугаа занган намайг дуудаж
- “ За чи энэ архийг хар мориныхоо магнай дээр дусаачихаад ир” гэв. Би ч гадаа уяатай байсан хилэн хар уруугаа очиж хувилгааны заасныг хийгээд орж ирвэл тэрээр “Наад адуугаа оройдоо ижилд нь тавьчихаарай” гэснээ ээжид хандан
- “ За би ч ингээд явья даа. Маргаашнаас хүү чинь зүгээр болчихно оо” хэмээн үгүүлэв. Орой хэр би ойрхон явсан адуундаа хилэн харыгаа аваачиж тавилаа. Хүн бүлгүйдээд унагаа тавьчихсан байсан болохоор өглөө нь адуугаа хураах хэрэг байсангүй. Гэхдээ л Балбар хувилгааны аягласныг санан өглөө нь эртээ гэгч мордож адуундаа явлаа. “ Хилэн хар яасан бол, хувилгааны хэлсэн тэр үг ямар учиртай юм бол? гэсэн бодол шөнөжингөө миний санаанаас гараагүй. Өглөө адуундаа давхиж явахад хүртэл энэ бодол надаас огт салсангүй. Адуун дээрээ давхин ирвэл хилэн хар огт харагдсангүй, яах аргагүй л өчигдөр орой би ижилд нь өөрийн гараар авчирч тавьсан сан. Адуу маань тогтож ядан, нэг юмнаас үргэсэн бололтой хамраа дуугарган сортолзоно. Чимээ өгөн хашгирч, адуугаа нэг тойроод би арай өндөрлөг газар гарч дурандахаар шийдэн хажуугийн толгой уруу давхилаа. Толгой дээрээс дуран тавибал баруунтаа гууд ямар нэгэн амьтны сэг зэм байгаа бололтой, хэдэн хар шувуу нисэн бууна. Эргэн тойронд ганц адуу гэхчихээр юм олж хараагүй би толгой дээрээс буухдаа тэрхүү хар шувуудын цугларсан сэгийг очиж үзэхээр шийдэв.
“Ээ халаг!! Хилэн хар минь аж. Чоно гэдэс дотрыг нь юу ч үлдээлгүй иджээ. Гэхдээ хар сайхан нүд нь хагас аниастай байв. Би гэр уруугаа давхин очвол ах маань морины уяан дээр явж харагдана. Ахыгаа эдгэрснийг хараад саяхан л хилэн харынхаа үлдэгдлийг харан төрсөн нулимс гуниг хоёр алга боллоо. Тэр өдөртөө ах бид хоёр хамт мордож, хилэн харынхаа бүтэн үлдсэн дэл сүүлнээс хэсэгхэн үс авч, өдий хүртэл айраг, хазаарнаас өөрөөр бусад хүлэгийн тоос хүрээгүй атар сайхан толгойг нь хадгаар ороон Өлзийт хайрханы орой дээрх их овоон дээр заллаа. Түүнээс хойш хэдэн жил өнгөрчээ. Овоон дээрх гандаж урагдаад бараг цагаан өнгөтэй болсон бөсөөр ороосон адууны толгойн ясыг хараад сууж байхдаа би хилэн хар морио ийн дурслаа. Магадгүй хилэн харын минь магнайдаа тос хүргэж үзээгүй тэр атар сайхан тэргүүн ч юм бил үү. Маргааш манайх наадамд уях морьдоо барина.
2006 он