Тэнгэрт бүжих танго буюу Мөнхийн хайр
АНУ-ын Illinois мужийн Chicago хотын хосууд Isaak , Teresa Vatkin нар хамтдаа 69 жил амьдарсаны эцэст гар гараасаа хөтлөлцөн энх амгалангийн оронд мөнхөд нойрсжээ. Ийн хүмүүний орчлонг хамтдаа элээн дуусгахдаа Исаак Ваткин 91 нас, түүний эхнэр Тереза Ваткин 89 настай байлаа...
...Тэд Аргентин улсад амьдарч байхдаа нэгэн танго бүжгийн үдэшлэг дээр бие биендээ анхны харцаар дурлан улмаар 1947 оны 8 сард гэрлэжээ. Тереза нөхөртөө Альберто хэмээн шинэ нэр өгч, учир нь тухай үед Аргентинд еврейчүүдийн эсрэг үзэл газар аваад байсан тул ийнхүү нэрийдэх болжээ. Аргентинд 21 жил амьдарсны эцэст тэд цагаачлалын эрх аван 1968 онд АНУ улсын Чикаго хотод ирж суурьшсан байна. Исаак бага гарын ачааны машин худалдан авч хотын еврейчүүдийн кафе, ресторант бараа бүтээгдэхүүн зөөвөрлөдөг ажилтай болсон бол эхнэр Тереза нь гоо сайхны салонд ажиллах болжээ.
...Өглөө бүр Тереза нөхрийнхөө цайг бэлтгэн өгч ажилд нь үнсэн үдэж өгнө. Үдэш бүр ажлаас ирэх Исаак энхэртээ амттан бэлэглэн үнсэнэ.... “Тэд бие биендээ зориулагдан илгээгдсэн элч, танихгүй хүмүүст ч тэдний хооронд ямар нэгэн ариун нандин холбоо байгаа нь мэдрэгддэг байсан” хэмээн том хүү Лео дурсжээ.. Исаак Тереза хоёр амьдралын энэхүү урт хугацааг хамтдаа туулахдаа 3 хүүхэд өсгөн бойжлуулж улмаар үндэс угсаа нь олон арван ач, зээ, жич, гуч нэмэгдэн өнөр өтгөн айл болжээ. “Тэдэнд боломж байсан ч хэзээ ч үнэтэй чамин унаа, байшин хүсэж байсангүй. Сэтгэл зүрхээ хийж буй ажил амьдралдаа бүрэн зориулж хайр сэтгэлээрээ гэрэлтэж аз жаргалтай амьдрахыг хүсэж тэр хүслээр ч амьдарсан” хэмээн Лео нэмэн өгүүлж...
...Амьдралынхаа сүүлийн 10 жил Тереза Альцгеймер өвчнөөр өвдөж Исаак эхнэрээ асарч сувилах үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулсан байна. Тэрбээр 80 хол гарсан ч энхэрээ асарч сувилахийн хажуугаар компьютер эзэмшиж интернэтээр өвчний оношлогоо эмчилгээний дэвшилтэт арга, эм бэлдмэлийн талаархь мэдээ мэдээллийг цаг алдалгүй хайн олж эхнэртээ болон ийм өвчинд нэрвэгдсэн олон олон хүмүүст хүргэн өгч тусалж байлаа. “Миний ээж аавын маань ертөнц нь байсан” гэж дунд хүү Дэниел ярилцлагандаа өгүүлжээ. 2017 оны 4 сарын 22-ны өдөр хосууд “ханиад, уушгины хатгаа” гэсэн ижил оноштой эмнэлэгт хүргэгдсэн байна. Исаак-н хүсэлтээр эмч эхнэрийнх дэргэд орыг нь байрлуулж өгч, тэрбээр энхэр Тереза-н гараас чанга атган хэвтсээр л... Ингээд шөнийн 00 цагт Тереза нас барсан бол 40 минутын дараа Исаак ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
“Аав маань нүдээ нээгээд ээжийн атгасан гар суларч тавигдсаныг хараад зүгээр л өөрөө амьсгалаа хураачих шиг болсон” хэмээн охин нь хэлсэн байна. “Тэдний хайр үгээр илэрхийлэхийн аргагүй аугаа бас бишрэм, тэд зүгээр л нэг нь нөгөөгүйгээрээ амьдрах боломжгүйгээ мэдэж байсан нь гайхамшигтай…. Гэрлэлт бол үүрдийнх байх ёстой гэдгийг хүмүүс ойлгоосой” гэж оршуулах ёслолын албаны ажилтан нулимс дуслуулан ярьжээ.“Аав ээж маань анх танго бүжиг бүжиж танилцсан гэдэг. Олон жил хамтдаа энэ бүжгийг бүжиглэсэн... Одоо ч бидний дээр тэнгэрт танго бүжиглэж байгаа...” хэмээн хүү Лео нь сэтгэгдэлээ хуваалцсан байна...
“Хайрлуулах сайхан, Хайрлах илүү сайхан” хэмээн нэгэн их зохиолч уулга алдсан байдаг....
Баатар Батхуяг