Дурсамж: Шарга морьтод авсан газарт нь хүүхэд тогтдоггүй

Шарга морьтын эцсийн буудлаас уруудаад хоёр дахь буудал дээр уншигч та зориуд буугаад хашлаганы дэргэдэх хадтай толгойн зүүн өврөөр мацаад бяцхан хөтөл дээр гарч үзээрэй. Шүүр, явган цагаан дэрс бүхий тэр хондны хойд хөтлөөс нэг зам орж ирээд Шарга морьтын эцсийн буудлыг зорин зүүн урагш давсаныг үзэх болно. Нөгөө нэг зам нь салаалаад баруун зүг рүү талийжээ. Эргэн тойрон хаяа багтахгүй болсон энэ нутагт үүлний цоорхой мэт онгон дагшин газарт ямар ч зоригтой аавын хүү, хэтэвч зузаан баячууд, эрх мэдэлтэнгүүд давхиж ирээд том хашаа торлон татаж, давхар хаусыг данхайтал бариагүй нь ёстой гайхал төрүүлээд байв. Эргэн тойрон тэр Шарга морьт яг л зөгийний үүр. Тэр ч байтугай урд энгэрт ойн цоорхойд нэгэн санваартан суварга босгож, модон дотор хэрмэн хашааг яг л Хятадын цагаан хэрэм шиг ууц хяр дамнуулан барьсан байх юм. Тэгээд энэ нутагт он удаан жил ойн цагдаа хийж байсан С гуайтай энэ тухай яриа өдөж ядаад нууранд байгаа загасыг нуруун төмөр хатгана, нууцхан байгаа үгийг шилтэй цэнхэр хатгана гээч болов оо, та минь.

Нүүр нь улайж, дуу нь тодорсон өвгөн цагдаа ойролцоохь ургасан цэнхэр яргуйг тасдаж үнэрлээд ийнхүү ярилаа. “Болохгүй юм гэж болдоггүй л юм билээ, хүүхээ. Тэр дунд нь байгаа пайлуур хөшөөнд л учир нь байгаа юм шүү дээ. Энэ бол IХ Богд Жавзандамба хутагтын хатан, эрх цагаан Дарь-Эх Дондогдуламын ариун бие оршиж байгаа газар юм гэнэ лээ.
Ариун бие ч гэж дээ чандарласан юм гэдэг. Тэгээд түүний хөлөглөж явсан найман шарга морийг онголж дархалсан учраас Шарга морьт гэж л дээ. Дондогдулам хатан Богд хаантай 21 жил ханилаад 1923 оны нэгдүгээр сарын 14-нд 49 насандаа үл мэдэгдэх шалтгаанаар таалал төгсчээ. Түүнээс жил орчмын дараа буюу 1924 оны тавдугаар сарын 25-нд Богд гэгээн тэнгэрийн орноо заларчээ” гээд бүр түүхч хүн шиг ярьсан юм.

Хамгийн гол нь яагаад Дондогдулам хатны шарил оршсон тэрхүү цэлгэр талбайн зах сэжүүрт хаяа хатгасан айлын хүүхэд тогтдоггүй юм бол гэдэг нь надад сонин байв. Энэ талаар Содов гэдэг хүн сонин юм дуулгав. Дондогдулам хатан, Богд Жавзандамба хутагт хоёрын дундаас ерөөсөө хүүхэд гараагүй ажээ. Тэр хоёр эв найртай залуус байсан гэдэг. Богд хаан хэдийгээр олон түмнээр хүрээлүүлсэн хэмжээлшгүй эрхтэй хаан байсан боловч тэр болгон эмс охид эргүүлээд явдаггүй эгэл журамт хутагт байж. Харин ч эсрэгээрээ хатнаа эрхлүүлж, түүнийхээ үгнээс гардаггүй бодь мөрийн хүн байсан гэдэг. Тийм учраас сүсэгтэн олон “Эрх цагаан дагина” хэмээн өргөмжилдөг байж. Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж тэргүүтэй дөрвөн хүүхдийг Дондогдулам хатан өргөж авсан байдаг юм. Хар талын Сэгс бөө гэгч хараал хийгээд үр удмыг нь тасдсан гэдэг явган яриа ч байдаг. Үүнийг нь албан ёсоор баталсан хүн байдаггүй.

2006 онд нэгэн компанийн захирал Төмөрбаатар гэгч Сүхбаатар дүүргийн газрын албаны мэргэжилтэн С-тэй үгсэн тэрхүү хэн ч авч зүрхэлдэггүй газраас 50х25 хэмжээтэй газар авах хүсэлт гаргажээ. Тэд найзууд биш ч хуучин танилууд юмсанж. С нь “Чи өөрөө л мэд дээ. Их хэцүү догшин, дагшин газар гээд хүмүүс зүрхэлдэггүй юм. Бас үр хүүхэд тогтдоггүй гэсэн шүү” гэж анхааруулжээ. “Чи төрийн алба хаагч хүн байж ямар тэнэг юм ярьдаг юм бэ? Ёстой ялзарчихсан толгойтой хүн юм” гэж зэмлэжээ. Тэгээд бас ч төдийлөн зориглож чадалгүйгээр зуны амбаар барьж, нэг зун сорих маягтай зусчээ. Гэтэл гурван настай хүү нь менингитээр нас барж, жирэмсэн эхнэр нь дутуу төрсөн байна. “Ёс мэдэхгүй хүнд ёс халдахгүй” гэж ханхалзаад байсан Төмөрбаатар аргагүй амбаараа татахад хүрчээ.

Үүнийг бичигч би бээр зориуд тэр пайлуурт хашаан дээр очиж үзлээ. Ямар нэгэн үсгээр хөшөөг тойруулан бичээс цоолборджээ. Энэ нь монгол ч биш, түвд ч биш. Руни шиг санагдсан. Нэг үгээр хэлбэл, Дондогдулам хатны дурсгал биш байх гэж бодогдсон. Гэтэл гэрэлт хөшөөний өмнө хүүхдийн олон янзын тоглоом бүр үнэ цэнэтэй, удирдлагаар явдаг тоглоомон машин хүртэл байсан нь сонирхол татав. Гэтэл нэгэн залуухан бүсгүй ирж мөнөөх хөшөөнд мөргөн сүү өргөж гороолоод “Дарь-Эх минь, надад хүү хайрла” гээд нэг жижигхэн бамбаруушийг гуйж мөргөөд хадганд ороон нандигнан боогоод авч одов. Хожмоо сонсоход тэндэх тоглоомноос гуйж аваад үр хүүхэдтэй болмогцоо буцаагаад тавих юм уу чанарыг сайжруулан өргөл өргөдөг ёстой юм гэнэ. Дондогдулам хатны далд их энерги, эрч хүч, ид шид үүнд оршихыг хэн байг гэх вэ?

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen