ТАТВАРАА ЗӨВ НОГДУУЛЖ, ТАЙЛАГНАЯ

ТАТВАРАА ЗӨВ НОГДУУЛЖ, ТАЙЛАГНАЯ

Нэг. Татвар төлөгч та татварын тайлангаа хэрхэн бэлтгэх вэ?

            Та  татварын хуулийн дагуу нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад үндэслэн татвар ногдох зүйл, төлөх татварын хэмжээгээ өөрөө үнэн зөв тодорхойлж,   татварын тайланг үйлдэнэ. Тайланг батлагдсан маягт, зааврын дагуу засваргүй үйлдэж татвар төлөгч  гарын үсгээ зурж, тамга, тэмдгээ дарсан байна. Тайлангийн тоон үзүүлэлтийг өссөн дүнгээр гаргаж, тайлангийн хугацааг  тэмдэглэсэн байна. Тухайн тайлангийн хугацаанд үйл ажиллагаа  явуулаагүй тохиолдолд тайланд  «х» тэмдэглэгээ хийж ирүүлэх ба энэ тухай  үндэслэлээ тайлбарласан байх нь зүйтэй.

 

 Хоёр. Татвар төлөгч та тайлангаа хэзээ, хэрхэн  ирүүлэх вэ?

 

            Та тайлангаа өөрийн биеэр болон  цахим хэлбэрээр,  мөн  шуудангаар ирүүлж болно.  Тайланг хуулиар тогтоосон  хугацаанд гаргаж татварын албанд ирүүлнэ.  Жишээлбэл: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын улирлын тайланг улирлын дараа сарын 20-ны дотор, тухайн жилийн эцсийн тайланг дараа жилийн 2 дугаар сарын 10-ны дотор, НӨАТ-ын тайланг дараа сарын 10-ны дотор, онцгой албан татварын тайланг дараа сарын 5-ны дотор  татварын албанд тушааж, татварын тооцоо хийнэ. 

            Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байдаг. Энэ нь тайлан хүргүүлэхдээ татвараа төлсөн байх ёстой гэсэн үг. 

            Татвар тайлагнах хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал түүний өмнөх ажлын өдөр татварын тайлангаа ирүүлнэ.

            Та татварын хуулийн дагуу татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдах бол  тайлан тушаах үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд уг тайлан нь  татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамруулах үндсэн баримт болно. Энэ нөхцөлд та тайлангаа тайлбарын хамт өөрийн биеэр татварын албанд ирүүлэх ёстой гэдгийг анхаарна уу. 

            Та татварын албанд ирүүлсэн тайлангаа тайлагнах эцсийн хугацаа хүртэл засварлах эрхтэй  ба засварлах тухай   хүсэлтээ  бичгээр илэрхийлэх  ёстой. 

           Татварын алба тайлан хүлээн авсан хугацааг татвар төлөгч өөрийн биеэр ирүүлсэн тайлангийн хувьд уг тайланг татварын албанд хүлээн авч баталгаажуулсан өдрөөр, шуудангаар ирүүлсэн тайлангийн хувьд илгээсэн өдрөөр, интернетээр ирүүлсэн бол цахим мэдээллийн системд илгээсэн өдрөөр тооцно.

 

   Гурав. Та  цахим (электрон) хэлбэрээр хэрхэн тайлагнах  вэ?

 

            Та цахим тайланг өгөхдөө харъяалагдах татварын албанаас системд нэвтрэх код авна. Та "Цахим тайлангийн систем” /e-tax.mta.mn/-д хандаж, дараахь горимын дагуу ажиллана. 

•           Системд нэвтрэх - "Цахим тайлангийн систем”-д нууц үг, хэрэглэгчийн нэрээ оруулан нэвтэрнэ. 

•           Татварын тайлангийн төрлийг сонгох – "Татварын тайлан" цэснээс тайлагнах татварын төрлийг сонгоно.

•       Татварын тайланг шивж оруулах ба хадгалах- Сонгосон татварын тайланг үзүүлэлтийн дагуу шивж оруулах ба хадгална.

•           Татварын тайланг илгээх – Шивсэн тайланг сайтар нягтлан, төгрөгөөр илэрхийлсэн эсэхийг шалган илгээнэ. Илгээхээс өмнө алдаатай оруулсан тайланг засварлаж болно.

•           Илгээсэн тайланг харах – "Тайлан харах” цэсээр орж илгээсэн татварын тайлан, мэдээ болон НӨАТ-ын падааныг тайлант хугацаагаар нь, маягтын үзүүлэлтээр нь харна.

•           Татварын тайланг залруулах- Алдаатай тайланг залруулна. 

•           Системээс гарах-  Тайланг шивж дууссаны дараа заавал системээс гарах үйлдлийг хийсэн байна. 

 

            Та "Цахим тайлангийн систем”-д хандан тайлан гаргах заавар, зөвлөмжтэй сайтар танилцаж тайланг маягтын дагуу үнэн зөв, алдаагүй шивж татварын албанд илгээнэ. 

            Та "Цахим тайлангийн систем”-д хандан цахим тайланг ирүүлэхээс гадна өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг авч, и-мэйл хаяг бүртгүүлэх, нэвтрэх үгээ солих боломжтой байна.  Таны татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн тооцоо татварын албаны мэдээлэлтэй зөрж байвал татварын албанд мэдэгдэнэ.

            Та цахим тайланг тухайн тайлан гаргах хуулиар тогтоосон өдрийн 24:00 цаг хүртэлх хугацаанд багтаж цахим хэлбэрээр татварын албанд илгээх бөгөөд хугацаа хожимдуулсан тайланг харъяалах татварын албанд цахим хэлбэрээр хүсэлт гарган хүргүүлнэ .

            Цахим тайлангийн систем нь жилийн эцсийн тайлангийн хувьд дараа оны эхний өдрөөс тайлан ирүүлэх хугацааны сүүлийн өдрийг хүртэл, бусад хугацааны тайлангийн хувьд тайлан ирүүлэх хугацааны сарын эхний өдрөөс тайлан ирүүлэх хугацааны сүүлийн өдрийг дуусталх хугацаанд нээлттэй байна. Бусад хугацаанд цахим тайлангийн систем хаалттай байдгийг анхаарна уу.

            Та тайлангийн үзүүлэлтийг алдаатай буюу буруу  шивсэн тохиолдолд тайланг залруулах боломжтой. Тухайн тайланг гаргах хуулийн хугацаа дуусахаас өмнө тайланг засварлах бол татвар төлөгч өөрөө тайланг залруулж дахин илгээх боломжтой. 

            Та  цахим тайлангаа илгээсний дараагийн өдрөөс өөрийн татвар төлөгчийн бүртгэл, татварын ногдол, төлөлт, үлдэгдлийн мэдээллийг харах боломжтой болно.    

            Хэрэв Та нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа цахим хэлбэрээр ирүүлбэл борлуулалт, худалдан авалтын НӨАТ-ын  падаан бүрийг "Цахим тайлангийн систем”-д шивж оруулсан байна. 

            Тайланг тоон гарын үсэг хэрэглэж илгээсэн тохиолдолд цаасаар дахин ирүүлэх (баталгаажуулах)  шаардлагагүй юм.  Харин тоон гарын үсэг хэрэглээгүй тохиолдолд тайлангаа цаасан хэлбэрээр  хуулийн хугацаанд  ирүүлэх ёстой.   

            

 Дөрөв. Таны тайланг  хүлээж аваад татварын алба  ямар хяналт тавих вэ ?

 

            Таны тайланг татварын албаны нэг цэгээс үйлчилгээ үзүүлэх улсын байцаагч хүлээн авна. Татварын алба таны  санхүүгийн болон татварын тайлангийн тоон үзүүлэлтүүд хоорондоо тохирч буй эсэх, тооцооны алдаа буй эсэх, татварын тооцоолол, хувь хэмжээ зөв эсэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт хуульд нийцэж байгаа эсэхийг хянана. 

            Байцаагч таны төлсөн татварын дүнг татварын албаны холбогдох бүртгэлтэй тулган тохирч буй эсэхийг нягталж авна. 

            Татварын албаны байцаагч тайланг хүлээн авах үед  тайланд  тооцоо, үйлдлийн алдаа байвал татвар төлөгчөөр өөрөөр нь засуулж баталгаажуулна. Таны тайланг буруу гэж үзэн  зарим зүйлийг тодотгох шаардлагатай бол байцаагч энэ тухай танд мэдэгдэж, тайланг засварлуулахаар буцаан өгч болно. 

            Тухайн тайлангийн татварын үлдэгдлийг бусад татварын илүү, дутуу төлөлтөөс шилжүүлэн суутган тооцохоор бол энэ тухай бичилтийг тайланд тусгаж, татварын төрөл тус бүрийн үлдэгдлийг шинэчилж, татвар төлөгчтэй тохирч баталгаажуулна.

            Татвар төлөгч өөрөө эсвэл шуудангаар тайланг ирүүлсэн бол татварын  байцаагч тайланг мэдээллийн баазад шивж оруулна.

            Шуудангаар ирүүлсэн тайланг хүлээн авч баталгаажуулсан хувийг тухайн хуулийн этгээд, иргэний шуудангийн хаягаар илгээнэ. 

            Тайланг электроноор ирүүлсэн бол цахим тайлангийн системд илгээсэн тухай бүр татварын улсын байцаагч хянаж хүлээн авч, мэдээллийн санд тусгай кодоор бүртгэнэ. 

            Цахим тайланг хянаж хүлээн авах явцад алдаа гарвал татвар төлөгчид энэ тухай утсаар болон "Цахим тайлангийн систем”-д бүртгүүлсэн и-мэйл  хаягаар хариу мэдэгдэнэ. 

 Хэрэв алдаа гарсан бол ямар  алдаа  гаргасан бэ гэдгийг танд тайлбарлана. Цаашид татварын тайлан, тооцоогоо хэрхэн хуулийн дагуу зөв хийхийг зааж зөвлөнө.

            Зөрчил гаргасан үйлдэл, хэмжээг харгалзан хариуцлага хүлээлгэнэ. 

            Байцаагч таны хугацаандаа төлөөгүй татварын дүнд хоног тутам 0.1 хувийн торгууль  ногдуулна. 

            Таны хугацаандаа төлөөгүй татварын дүнд хоног тутам алданги тооцно. Алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна. Алдангийн хэмжээг Засгийн газар жил бүр тогтоодог бөгөөд 2014  оны Засгийн газрын 38 дугаар тогтоолоор  хоног тутамд  0.051 хувь  байхаар тогтоосон байна.

            Хэрэв та татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (192.0 мян.төг) болон түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (384.0-576.0 мян.төг),  албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (576.0-768.0 мян.төг) торгодог болохыг анхаарна уу. 

            Байцаагч гаргасан шийдвэрээ таньд танилцуулж зөвшөөрсөн тухай таниар гарын үсэг зуруулна. 

 

Тав. Таны эдлэх эрх, гомдол гаргах 

 

            Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын албанаас авах, 1800-1288 утсаар лавлах, mta.mn  цахим хуудсанд  хандах, илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах, татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны буруугаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, татварын албаны байцаагчаас гаргасан аливаа шийдвэртэй  танилцах эрхтэй. 

            Хэрэв та   байцаагч алдаа гаргасан,  таны эрх зарим талаар зөрчигдсөн,  таньтай буруу харьцсан гэж үзвэл  гомдлоо тухайн шатны татварын албаны дарга, дээд шатны байгууллага, эрх бүхий төрийн захиргааны байгууллага болон шүүхэд гаргах                                           

            Та  хэдийгээр  татварынхаа  тайлан,  тооцоог  нягтлан  бодогч  буюу   мэргэжлийн зөвлөхөөрөө хийлгэдэг байсан ч татварын хуулинд зааснаар татварын албанд  гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч Та өөрөө  хариуцах үүрэгтэй.

 

 

                         Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen