Чойжин ламын сүм ээдрээт цаг үеийг хэрхэн даван туулсныг гэрэл зургаар харуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чойжин ламын сүм байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй "Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр "Nophei Art” галерейд нээлээ.
Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн хэлэхдээ, "Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болоогүй үлдсэн цөөхөн сүмийн нэг нь Чойжин ламын сүм музей юм. XX зууны эхэн үеийн Монголын түүх, шашин, соёл урлагийн гайхамшигт өв, дахин давтагдашгүй дурсгал болох Чойжин ламын сүм музей цогцолборыг төрийн их сахиусны лагшин, Эрдэнэ билигт тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулан 1904-1908 онд бүтээн байгуулсан. Өнөө хүртэл дөрвөн төрийн нүүрийг үзэж өнгөрүүлэхдээ ороо бусгаа цагийн хатуу сорилт, бэрхшээлийг даван туулсан. Үе үеийн лам хувраг, соёл, шинжлэх ухаан, төр нийгмийн зүтгэлтнүүдийн хичээл зүтгэл, эрдэм ухааны ачаар Чойжин ламын сүм цогцолбор, бурхан тахилууд нь харьцангуй бүтнээрээ үлдэж чадсан юм. 1938 онд Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, маршал Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зорилгоор Шинжлэх ухааны хүрээлэнгийн мэдэлд шилжүүлснээр музей болох эхлэл нь тавигдсан. 1938-1960-аад он хүртэл Монгол оронд ирсэн гадаадын зочид төлөөлөгчдөд үзүүлдэг тусгай музей байлаа. Харин 1962 оноос олон нийтэд нээлттэй музей, 2000 оноос бие даасан Чойжин ламын сүм музей болсон. Музейн хамт олон соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулж буйн нэг нь энэхүү үзэсгэлэн юм. Үзэсгэлэнд Чойжин ламын сүм музей түүхийн ээдрээт цаг хугацааг хэрхэн даван туулж өнөөгийн бидэнд өвлөгдөн ирснийг гадаад, дотоодын гэрэл зурагчдын бүтээл өгүүлж байна” хэмээн ярилаа.
Үзэсгэлэнд 1904 оноос хойших түүхийг өгүүлэх 50 бүтээлийг дэлгэжээ.
Мөн тус үзэсгэлэн нь хутагт Д.Лувсанхайдав, түүний сүм музейн үүх түүхийг өгүүлээд зогсохгүй XX зууны эхэн үеэс өнөөг хүртэлх Нийслэл Хүрээ, Улаанбаатар хотын төв хэсгийн төрх байдал, барилгажилт, хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдгээрт гарсан өөрчлөлт, түүх, соёлын дурсгалт зүйлд төр засаг, аж ахуйн байгууллагууд болон иргэд хэрхэн хандсан болон хандаж буйг илэрхийлснээрээ үнэ цэнэтэй гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулагчид хэлж байна.
Гэрэл зургийн "Гамма” агентлагийн захирал С.Цацралт хэлэхдээ, "XX зууны эхэн үеэс өдий хүртэл Монголд ирсэн судлаач, аялагчид гэрэл зураг их авч үлдээдэг байжээ. Эдгээр гэрэл зураг өдий хүртэл маш сайн хадгалагдаж үлдсэн. Түүхийн нугачаанд Чойжин ламын сүм музей хүнд бэрх үеийг туулсныг энэхүү үзэсгэлэнгээс харах боломжтой. Өөрөөр хэлбэл хэлмэгдлийн шуурганд сүм хийдийг хэрхэн нурааж, мандан бадралын үед хэрхэн сэргээж байсныг гэрэл зургийн сонирхолтой агшнаас харж болно” хэмээн тодотгов.
Тус үзэсгэлэн нь энэ сарын 30-ныг хүртэл гадна дотны зочдод нээлттэй ажиллах юм.
Дашрамд дурдахад, Чойжин ламын сүм музей нь уран барилгын 15 цогцолборт Өндөр гэгээн Занабазарын мутрын болон сургууль хийц тэргүүтэй Монгол Улсын хосгүй үнэт 6000 гаруй үзмэрийг олон нийтэд дэлгэн жилд 30 мянга гаруй үзэгчдэд үйлчилж байгаа аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг