Халаас суйлагчдын хар мөр буюу эзнээ хүлээсэн 200 утас

Улаанбаатар хот сая хол давсан хүн амтай, дэлхийн метрополис хотын эгнээнд багтдаг. Энэ төвлөрөлийг дагаад олон төрлийн гэмт хэргүүд гарсаар байна. Бидэнд шүдний өвчин мэт болоод байгаа халаасны хулгайчид алхам бүртээ сонор сэрэмжтэй явахыг шаардах мэт хаа сайгүй тэнүүчилнэ. Тэднийг хулгайч хэмээн ялгаж, мэдэхэд ч хүндрэлтэй. Учир нь хир буртаг болсон хувцастай, харваас л нүдэнд хүйтэн, амьдралаа алдсан гэх мэт тодотгол аль хэдийнэ ард хоцорч, бусдаас илүү гоё ганган байх нь ч бий.

 Халаас суйлагчдын хар мөр буюу эзнээ хүлээсэн 200 утас

Саяхан Шар Хад 3,4-р хороолол чиглэлийн  автобусанд ганган хээнцэр хоёр залуу нэгэн эмэгтэйн утсыг хулгайлаад бууж зугтсан тохиолдолтой тааралдав. Хэн ч тэднийг хулгай хийнэ гэж таамаглаагүй биз.  Хүмүүсийг гаднаас нь хараад таньж болохгүйтэй адил хэний ч санаанд оромгүй  хүмүүс  хэнэг ч үгүй хулгай хийхийг олонтоо харж байв. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд 12 гаруй мянган хулгайн хэрэг гарсан байна. 

 

Алдагдсан 200 орчим утас эзнээ хүлээж байна

 

Би, та биш гэхэд өөр нэгэн халаасны хулгайчийн бай болох тохиолдол өдөр бүр гарч буй. Тиймдээ ч цагдаагийн газарт эзэн нь тодорхойгүй 200 орчим гар утас хадгалагдаж байна. Тус утаснуудын эзнийг олон ажиллагааг цагдаа нар хийж буй юм. Энэ талаар нийслэлийн Цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт  хэрэгтэй тэмцэх  хэлтсийн эрүүгийн мөрдөгч, ахмад Н.Батцэнгэлээс тодруулав.

 

 

-Алдагдсан гар утасны эздийг тогтоох ажиллагаа явуулж буй талаар тодруулаач. Эзнийг нь хэрхэн таних вэ?

Манайх Нийслэлийн Цагдаагийн  Газрын  Халаасны Хулгайтай тэмцэх хэлтэс гэж байдаг. Хэд хэдэн гар утас хууль бусаар худалдан авч борлуулсан болон засварладаг этгээдүүдээс хурааж авсан. Эдгээр гар утаснуудын  эх сурвалж, болон хаанаас яаж авсан нь тодорхойгүй байгаа бөгөөд гар утаснуудаа алдсан хохирогчдыг олох үйл ажиллагаа явуулж байна.  Утаснуудын  эзэмшигчдийг танихын тулд үүрэн телефоны байгууллагатай хамтарч IMEI кодоор нь хайж байна. 

 

-Хүмүүс хэр хандаж байна вэ. Ирж утсаа авсан тохиолдол хэр олон байх уу?

-Хохирогчид нь тогтоогдсон 20 гаруй утас бүртгэгдсэн байна.  Мөн IMIE  кодоор ирсэн лавлагаан дээр  хүмүүстэйгээ буцаж холбогдоход  дан ганц хулгайд  алдагдсан  бус хохирогч өөрөө зарсан, хаяж үрэгдүүлсэн тохиолдол гардаг. Хохирогч  тогтоогдсон тохиолдолд таниулах  ажиллагаа хийгдээд  хэрэг шийдэгдэж дууссаны дараа утсыг эзэнд нь хүлээлгэж өгдөг.

 

-Тэгэхээр ченжүүдээс хурааж авсан утас байгаа учраас зарсан болон хулгайд алдагдсан утаснууд байх боломжтой  байх нь. Ченж нар хаагуур ихэвчлэн утас авдаг вэ?

Гар дээрээс худалдаж аван  хууль бус эргэлтэд оруулдаг ченж  нарыг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.  Ченж нараас хууль бус утсыг хурааж авсан. Тодорхой хэмжээнд гэмт хэрэг хийсэн хүмүүсээс авсан нь нотлогдсоны үндсэн дээр прокурорын зөвшөөрлөөр хураан авах ажил хийгдсэн. Хураан авсан утасны эзнийг тогтоох чиглэлээр ажиллагаа хийгдэж байгаа. Ихэвчлэн гар дээрээс худалдан авалт хийдэг болон MONTEL, TEDY, Сансар гэх зэрэг утас худалдан авах болон борлуулдаг цэг дээр утас авдаг.

 

-Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран ченж гэсэн хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж сургалт явуулсан. Мөн судалгааг гаргасан  гэсэн энэ тал дээр мэдээлэл өгөөч.

 

Цагдаагийн байгууллагаас батлагдсан төлөвлөгөөний дагуу ченж хэсэгчилсэн арга хэмжээг явууллаа. Үүний хүрээнд  ЦЕГ урьдчилан сэргийлэх хэлтэс ЧД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс нийслэлийн ЦГ-тай хамтран  утас борлуулдаг цэгүүдийн  гадна үүдэн дээр хууль бусаар зогсдог гар утас худалдаалдаг этгээдүүдийг цуглуулан хууль бус утас авахгүй байхыг уриалан сургалт зохион байгуулсан.

 

-Хууль бусаар  хулгайлагдсан гар утсыг  бусдаас худалдаж авах нь  мөнгө угаах гэмт хэргийн нэг хэлбэр. Тухайн гар утас худалдаж авч буй ченж  хууль бус гэдгийг хэрхэн мэдэх вэ? Үүнийг эрүүгийн хуулийн ямар заалтаар шийдвэрлэдэг вэ?

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18-ын 6-р зүйлийн нэг дэх заалтад байгаа хулгайн эд зүйл гэдгийг мэдсээр байж худалдан аван, борлуулсан болон хэлбэр дүрсийг өөрчилөн ямар нэгэн байдлаар мөнгө угаан, ашиг олох сэдэлтэй бол 8 жил хүртэлх ял сонсох гэмт хэрэг юм.  Зах зээлийн үнээс харьцангуй хямд эсвэл удаа дараа ирж зардаг хүмүүс мэдээж өөрийнхөө утсыг бус хулгайн утас зарж байгаа гэж ойлгож болно. Ганц ченж бус  хулгайн эд зүйл авсан гэмт хэрэгтнүүд гар утас, нотебүүк, зурагт зэргийг ломбарданд тавьдаг зэрэг асуудлуудыг шийдвэрлэх үүднээс 18-н 6-р зүйлийн мөнгө угаах гэмт хэрэгт оруулж өгсөн байгаа. 

 

Эхнэр хүүхдээ тэжээдэг 15 настай ХУЛГАЙЧ

 

Ийн биднийг эрүүгийн мөрдөгч Н.Батцэнгэлээс яриа авч байх зуур үйлдэл дээрээ гардуулсан хоёр залуу туугдсаар орж ирэв. Нэг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвийн сувилагчийг халааснаас J7 маркийн утсыг нь хулгайлсан гэмтэн. Тэр 19 настай Б гэгч. Харин тэр хулгай хийсэндээ гэмшиж байгаа шинжгүй, ихэд додигор зогсоно. Цагдаагийн асуултад тоомжиргүй хариулт өгч, хийх ёстойгоо хийсэн мэт аашлах нь сонин. Цагдаа, Б хоёрын дунд ийм яриа өрнөв.

 

 

-Хэдэн удаа хулгай хийсэн?

 

-Өмнө нь зөндөө удаа хулгай хийж байна. Одоо засрах гээд үзээд л байна шдээ.

 

-Сургуульд сурдаг уу?

-Кино урлагийн дээд сургуулийн Тайзны зураглаачийн ангид сурдаг.

 

-Яагаад хулгай хийсэн вэ?

-Сургууль амарчихсан болохоор. Утас, хувцас, түрүүвч гээд өөрт хэрэгтэй зүйлсээ хулгайлдаг.  Хулгайлсан гар утсыг МОНТЕЛ  TEDY- ийн  ченж нар андахгүй, солгой гарынх уу гээл авдаг.

 

Түүний дараа  15-хан  настай  хүү Б цагдаагийн өрөөнд орж ирлээ. Анх хараад ар гэрийн гачигдлаас  болоод хулгай хийдэг байх гэж бодсон ч хүний санаанд оромгүй  хачирхалтай  зүйл ярилаа.  Тэрбээр хүнсний дэлгүүрийн худалдагчийн утсыг хулгайлж байгаад баригдаж иржээ. Тэр 10 настайгаасаа хулгай хийж эхэлсэн байна. Ангийхантайгаа таарамжгүй харилцаатай байсан болохоор III ангиасаа сургуулиасаа хөөгджээ.  15-хан настай хэрнээ эхнэр хүүхдээ тэжээхийн тулд хулгай хийдэг хэмээн жижигхэн биед багтамгүй зүйлийг ярив. "Насанд хүрээгүй болохоор ажилд авахгүй, хулгай хийхээс өөр арга байхгүй шд” гэж хэгжүүрхэж байх юм.

 

 

Цагдаагийн өрөөнд саатсан хэсэгхэн хугацаанд ийм үйл явдал өрнөв. Хулгай хийхэд нас, хүйс харгалздаггүй аж. Эхнэр хүүхдээ хулгайн эд зүйлсээр тэжээдгээ хэнэггүй ярих 15 настай хүүгээс эхлээд ахимаг насныхан ч хэн нэгний халаасыг суйлж, эд зүйлсийг нь хулгайн гараар явуулж байгаа.

 

Эрүүгийн мөрдөгч Н.Батцэнгэл "Утсаа алдсан ихэнх иргэд утасныхаа IMEI кодоо тэмдэглэж аваагүйгээс болоод утасны эзнийг тогтооход хүндрэл учруулдаг. Өнөөдөр л гэхэд 10-аад иргэн утсаа шалгахаар ирсэн боловч өөрийн  утсыг баталж чадаагүйгээс болоод буцсан.  Тиймээс иргэд өөрийн утас гэдгээ баталхын тулд  батлах нотолгоог заавал тэмдэглэж авах шаардлагатай” хэмээн ярилаа. Мөн тэрбээр утсаа алдсан тохиолдолд тэр даруй  цагдаагийн газарт бүртгүүлэх хэрэгтэйг иргэдэд анхааруулж байна.    

 

Б.Солонго

Г.Ногоондарь

Эх сурвалж: http://www.shuud.mn/a/497901

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen