АСЕМ-д зориулан босгосон 668.7 сая төгрөгийн үнэ бүхий “Тэнгэрийн өрх” хөшөө
АСЕМ-д зориулсан "Тэнгэрийн өрх” хөшөөг Төвталбайн урд талд босгожээ. Хөшөөг хийлгэх, суурилуулах болон Энхтайваны хонх хөшөөг зөөж суурилуулахтай холбоотойгоор 668.7 сая төгрөгийн зардал гарсан талаар тайланд дурьдсан байна. Энэхүү уран бүтээлд таван тивийн улс үндэстэн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хүн төрөлхтний шинжлэх ухааны нээлт ололт, оюун санааны эв, харилцаа холбоог бэлгэдэж нүүдэлчин Монголчуудын өнө эртний түүх, соёл урлагын өвийг дүрслэх урлагын хэлбэрээр мөнхжүүлэн үлдээсэн байна. Хөшөөний урд талд АСЕМ-ын 11 дэх чуулга уулзалтад оролцосон 53 орны төрийн тэргүүний гарын үсгийг товойлгон сийлсэн бөгөөд дэлхийн газрын зургийг сийлжээ. Харин ард талаасаа Монгол гэрийн тооноор тэнгэр, огторгуй харагдаж байгаа байдлаар, дээрээс нь харахад хүний нүд, хоёр хажуу талаас нь харахад хүний уураг тархи харагдах байдлаар урласан байна. Тухайн үед хөшөөний нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга С.Батболд нар оролцож байжээ.
Эх сурвалж:www.polit.mn