Д.Эрдэнэбат: Татвар хөнгөлж дагуул хот хөгжүүлнэ гэвэл үлгэр
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагалдах хуулийн төслүүдийг байнгын хороогоор хэлэлцээд эхэллээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийн байнгын хороогоор дагалдах хуулиуд орж ирж байгаа нь дандаа хотын татвартай холбоотой байна. Уг нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл маань өөрөө анхны хэлэлцүүлгээсээ ч гараагүй байгаа.
Гэтэл дагалдах хуулиуд байнгын хороогоор яригдаж эхэлсэн нь сонин байна. Бид Хотын татварын хөнгөлөлтийн талаар ярьж байна. Уг нь эхлээд Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиа баталчих ёстой юм.
-Дагуул хотыг төрөөс бодлогоор дэмжинэ гэж ярьж байна. Энэ нь хотын татвартай хэрхэн уялдаж байгаа юм бэ?
-Монгол Улсын татварын бодлого эдийн засгийн бүсчилсэн хөгжилтэй зайлшгүй холбогдох ёстой гэж харж байна. Нийслэл маань агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрөл гээд олон асуудалтай байгаа нь үнэн. Татварын шинэчлэлийн бодлогод нийслэлийн татварын гэж тусдаа суух ёстой юм. Зөвхөн хөнгөлснөөр бүх бүх асуудал шийдэгдэхгүй.
Зах зээл нь өөрөө хүн амынхаа төвлөрлийг дагаж явдаг юм. Дагуул хотод аливаа татварыг 50 хувь хөнгөлж байгаа гэдэг гоё сонсогдож байгаа хэдий ч хүн амын төвлөрөл дэд бүтэц тэнд бий болохгүй бол энэ ажил явахгүй хоосон цаас болно. Тиймээс нийслэлийн удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа авах байх даа.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нийслэлийн иргэдийн үүрэг хариуцлагын асуудлыг хэрхэн тусгаж өгсөн байна вэ?
-Улаанбаатарын экологи, иргэдийн эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж байгаа иргэд аж ахуй нэгжид ямар төрлийн татвар ногдуулах вэ, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь давхар яригдаж байж энэ асуудал цаашаа шийдэгдэж явна. Тэгэхээр Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөлд энэ асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Одоогийн байдлаар тодорхой болж орж ирээгүй байна. Хотын татварын тухай хуулийн төслүүд нь ч хуулийн төслийн нэгдсэн бодлоготойгоо зөрчилдөж орж ирлээ.
Тухайлбал, нийслэл, Засгийн газартайгаа татварын чиглэлээр хэлэлцээрт ордог байж болно. Тэр хүрээнд татвараа төлдөг, илүү гарснаа өгдөг, үлдсэнийгээ дотооддоо зохицуулдаг байж болно. Тэгэхээр энэ асуудлаар яарч сандран хуурай шийдвэр гаргамааргүй байна.
-Дагуул хотын татварыг хөнгөлөх талаар ярьж байгаа. Энэ зөв шийдвэр байж чадах болов уу?
-Дагуул хотод татварын хөнгөлөлт үзүүлснээр нийслэлийн төвлөрөл саарахгүй. Хамгийн гол нь дагуул хот дэд бүтэц муутай байна. Цаашид томоохон аж ахуй нэгж дагуул хотод үйлдвэрлэл явуулдаг болсон цагт ажлын байр бий болж, дагуул хот утгаараа хөгжинө.
Тухайлбал, АПУ компани архины шилээ Налайх дүүрэгт үйлдвэрлэж, хайрцаг саваа Багануурт үйлдвэрлэдэг байж болно шүү дээ. Гэтэл дэд бүтэц хөгжөөгүй газар ийм хууль байлаа гээд үр дүнтэй байж чадахгүй.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн асуудлаар АН-ын бүлгээс хэлэлцүүлэг зохион байгуулсан. Тэнд яригдаж байсан санаанууд энэ удаагийн хуульд хэр тусгалаа олсон бэ?
-Нийслэлийн эрх зүйн байдлыг шинэчлэхэд онцгой нөхцөл байдлуудыг эргэж анхаарах, нийслэлийн цаашдын хөгжлийн үе шаттай уялдах зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс бид энэ хуулийг онцгой анхаарч байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ардчилсан намын бүлгээс хэд хэдэн зүйл дээр анхаарах ёстой гэж үзэж байгаа.
Тухайлбал, нийслэлийн статус, эрх зүйн онцгой бүрэн эрх, нийслэлийн удирдлага тэдгээрийг тойрсон асуудлууд, хот төлөвлөлт буюу дахин төлөвлөлт, дэд бүтэцтэй холбоотой нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний гол асуудлууд шинэчилсэн найруулгад суулгаж өгөх шаардлагатай байна. Харамсалтай нь өргөн баригдсан хуулиудад эдгээр асуудал бүрхэг хэвээрээ үлдсэн байгаа. Хуулийн зарим заалт ойлгомжгүй, олон хуулийн зүйл заалттай зөрчилдсөн гээд анхаарах асуудал олон байна.
Ер нь НИТХ бага парламентын хэмжээнд ажиллах шаардлагатай, нийслэлийн Засаг дарга , ЗДТГ, Захирагчийн ажлын алба, Засгийн газрын хэмжээнд ажиллах эрх зүйн орчинг бий болгож өгөх хэрэгтэй байна.
-Тухайлбал ямар асуудлыг хуулийн төсөлд тусгаагүй байна вэ?
-Нийслэлийн онцгой статус, өмч, төсвийн эрх, газартай холбоотой асуудал, дахин төлөвлөлт бүдэг туссан байна. Дахин төлөвлөлтийн тухай ойлголтыг хуульчилж өгөх ёстой. Уламжлалаа хадгалсан дахин төлөвлөлт, газар эзэмшлийг чөлөөлөх, иргэдийг хохироохгүй байх асуудлууд байна. Хэрвээ дахин төлөвлөлтөд орсон газрыг хот төлөвлөлтөд оруулах ерөнхий төлөвлөгөөнд тусгаад явбал оршин суугчдынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэх мэт зүйлсийг зайлшгүй судлах ёстой байна.
Нийслэлдээ арьс шир боловсруулж, барилгын материалаа үйлдвэрлээд байж байгаа улс Монголоос өөр байхгүй. Тиймээс боловсруулах үйлдвэрүүдээ хотын төвөөс гаргах, нийслэл хотынхоо хэт төвлөрлийг сааруулахын тулд татварын бодлогоор зохицуулахаас аргагүй. Ингэж байж дагуул хот, дэд төв, хөдөө орон нутагт ажлын байр бий болж, хөгжих учиртай.