Н.Айшолпан: Америкт эмчийн мэргэжлээр суралцахыг мөрөөддөг
Бүргэдчин охин Н.АЙШОЛПАНТАЙ цөөн хором ярилцлаа. Израилийн гэрэл зурагчин Ашер Свиндеский Монголд 2014 онд ирж, бүргэдийн баярын фото сурвалжлага хийн ВВС агентлагийн цахим хуудаснаа гаргасан нь түүнийг алдрын замд хөтөлсөн юм. "The Eagle huntress" хэмээх Н.Айшолпаны тухай баримтат киног бүтээж, тэрбээр олон улсад "Бүргэдчин охин” нэрээрээ танигдсан билээ.
-Бүргэдийн баярт оролцохоор иржээ. Энэ амьтныг хэрхэн гаршуулдаг талаар сонирхуулахгүй юү?
-Бүргэдийг багаас нь тэжээж 1-2 сар өөртөө дасгасны дараа ан авд сургадаг. 4-6 жил тэжээж байгаад байгальд нь буцааж тавьдаг. Бүргэдээр арваас хоёрдугаар сарын 15- ны хооронд ан хийлгэдэг бөгөөд туулай, үнэг, хярс, чоно зэргийг авлуулдаг. Хоёрдугаар сарын 15-наас хойш зунжин тарга тэвээрэг авахуулдаг. Зөвхөн эм бүргэдээр л ан хийлгэдэг. Миний хувьд хоёр дахь бүргэдтэйгээ ан хийж байна. Ах маань цэрэгт явсны дараа бүргэд нь үлдсэн. Би "Ахын бүргэдээр ан хийж үзье” гэж аавыгаа ятгасан цагаас хойш би бүргэдийн ан хийдэг болсон. Өвлийн цагт бүргэдийг өдөрт нэг удаа туулай юм уу, үнэгний махаар тэжээнэ. Зуны цагт идсэн хоол нь удаан шингэдэг учраас гурав хоногт нэг удаа бүтэн туулайгаар хооллодог.
-Ангийн анхны олз юу байв даа?
-Цагаан үнэг байсан Бүргэдийнхээ агнасан туулай, үнэг, хярсны арьсаар малгай, дээл, гутал гээд бараг бүх хувцсаа ээжтэйгээ хамтран оёж өмсдөг. Киноныхоо нээлтэд явахдаа, Америк болон Дубайд аялахдаа ээжийнхээ оёсон казах үндэсний хатгамалтай хувцсаар гоёж байлаа.
-Бүргэдийн баярт түрүүлэхэд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Түрүүлсэндээ итгэж чадахгүй уйлчих гээд байсан. Анх удаа тэмцээнд оролцсон болохоор их ч сандарсан. Миний бүргэд тавхан секундийн дотор гар дээр ирж өмнөх амжилтыг эвдсэн. Тэгж хурдан ирнэ гэж бодоогүй юм.
-Таны тухай баримтат кино хийж байсан. Кинонд тоглохдоо сандарсан уу?
-Миний тоглосон баримтат кино "The Eagle huntress” нэртэй. Зураг авалт хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн. Монголд өнгөрсөн оны тавдугаар сард нээлтээ хийсэн. Мөн миний тухай ном болон хүүхэлдэйн кино хийж байна. Кинонд хамт тоглосон бүргэдээ би 18 метрийн өндөрт үүрэндээ байхад нь авч тэжээсэн юм.
-Одоо Баян-Өлгий аймагт сурдаг гэсэн. Сургуулиа төгсөөд ямар мэргэжил эзэмшихээ сонгосон уу?
-Би Баян-Өлгий аймгийн Монгол-Турк сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Энэ жил 16 настай. Аав ээж, ах, хоёр дүүтэйгээ амьдардаг. Сургуулиа төгсөөд Америкт эмчийн мэргэжлээр суралцахыг мөрөөддөг.
М.Алтанзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин