Намайг бойжуулсан миний “Өнөөдөр”

 

"Өнөөдөр” сонин 
хэмээх өндөр босготой, халуун дулаан хамт олноор овоглодог хүн бүхэнд сониныхоо 20 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. 
Би "Өнөөдөр” сонинд 2002-2014 онд гэрэл зурагчин, гэрэл зургийн албаны даргаар ажиллажээ. Ингээд бодохоор миний амьдралын 12 жил буюу нэг мөчлөг "Өнөөдөр” сонины халуун ам бүлд баярлаж, догдолж, дээшилж, дэвшиж өнгөрчээ. 
Гэрэл зургийн сурвалжлагч хэмээх эрхэм мэргэжлээр ажиллаж эхэлсний маань 20 жилийн ой ирэх онд болно. Харин сонины маань ой энэ онд тохиож байна. Ингээд бодохоор миний эзэмшсэн мэргэжил, "Өнөөдөр” сонины хамт олон бүрэлдэн тогтож, хамгийн уншууртай сонин болсон цаг хугацаа бараг чацуу ажээ. "Улаан туг залуучууд хоёр ихэр юм” гэдэг дуу байдаг шиг... Ийм учраас миний гэрэл зурагчнаар ажилласан дийлэнх хугацаа нь "Өнөөдөр”-тэй яалт ч үгүй дөрөө харшиж байна. Гэхдээ би сониндоо орсноор өнөөдөр надад бий болсон байж болох туршлага, чадвар, ажлынхаа төлөө уйгагүй зүтгэх сэтгэлийг олж авсан гэж дандаа боддог. Ажлаа хийж явахдаа авсан гэрэл зургууд минь олон арван уралдаанд тэргүүн байрын шагналыг надад авчирч байлаа. Тэрүүгээр ч зогсоогүй хамт олны дэг сургууль, хамгийн дотны нөхөр болох аппарат минь надад Төрийн шагнал "Алтан гадас” одонг энгэрт минь гялалзуулсан. Гэхдээ "Өнөөдөр” сонинд ажиллаж байсан цаг үе минь надад ямар ч шагнал, урамшууллаас үнэ цэнэтэй санагддаг. Ингээд сониныхоо гал тогоонд амьдрал хэрхэн буцалж байсан тухай бяцхан дурсамж дэлгэе.
2002 оны намар би "Өнөөдөр” сонины гал тогоонд гэрэл зурагчнаар орсон. Манай албаны дарга нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун гуай. Гэрэл зурагчид нь Б.Тогтохдэмбэрэл, Э.Харцага, гэрэл зургийн архивын эрхлэгч нь Т.Чимгээ эгч байлаа. Албаны дарга Чулуун ах надад мөн ч ихийг хэлж, зааж сургасан даа. Аавтай маань хамт ажиллаж байсан болоод ч тэр үү надад аав шиг минь л санагддаг байсан. Нөмөр нөөлөгтэй, үргэлж л аливаа юмыг эе эвээр хийхийг үлгэрлэнэ. Ер нь хамт ажиллаж байх хугацаандаа хүн загнахыг нь ер үзээгүй. Өөрөө бол загнуулах нь битгий хэл зэмлэлийн үг ч дуулж байсангүй. Тэр хэн нэгэн ямар нэг алдаа гаргахын бол сэтгүүлчдийг ч тэр, зурагчид биднийг ч тэр тусад нь дуудаж ирж байгаад их эвтэйхнээр, намуухнаар алдааг нь залруулан тайлбарлаж хэлж өгдөг юм. Энэ нь залуухан, туршлагагүй сэтгүүлчдэд ялангуяа надад ажилдаа илүү их шамдах урам зориг болж байсныг тодотгох хэрэгтэй. Дарга маань одоо ч тэр хэвээрээ. Мэдэхгүй, чадахгүй, эргэлзсэн зүйл гарвал түүн рүү л утас цохино. 
"Өнөөдөр” сониныг өнөөгийн энэ өндөрлөгт гаргахад хамгийн тулгуур багана болсон хүн бол Бал эрхлэгч маань билээ. "Өнөөдөр” хэмээх сониныг энэ хүнээс хэзээ ч салгаж ярьж болохгүй гэж би боддог. Бал эрхлэгч маань гэрэл зургийн маш их мэдрэмжтэй хүн байсан. Өглөөний хурал дээр ямар зураг авах тухай ярихаас гадна аль өнцгөөс хэрхэн авах тухай зөвлөгөөг сайн өгдөг төдийгүй зураг авах санааг хүртэл хэлж өгнө. 
Өглөөний хурал буюу "летучка” нь сэтгүүлчдийг боловсруулах сэтгүүл зүйн хичээл юм даа. Нэг удаагийн хурал дээр Бал эрхлэгч орж ирээд "Энэ хотын нохой, хог хоёр дийлдэхээ байлаа. Худалдаа хөгжлийн банкны өмнө байнга л золбин нохой эргэлдэж байдаг боллоо. Эрдэнэтуяа чи тэр нохойны зургийг авч өнөөдөр нэгдүгээр нүүрт тавиарай” гэв. Эрхлэгчээс онцгойлон үүрэг даалгавар авна гэдэг миний үеийн сэтгүүлчдийн хувьд маш том итгэлээс гадна айдас байдаг байлаа. Хором, секунд бүрт зөвхөн хэрхэн хийх вэ, ямар өнцгөөс авах вэ, яавал сайн болох вэ” гэсэн бодол л толгойд эргэлдэнэ. Хурал тараад аппаратаа үүрээд өнөө нохойтой газар руу очлоо. Өдөржингөө юм боллоо. Авсан зургууд минь надад таалагдахгүй байхад эрхлэгч яаж тоох вэ дээ. Оройхон хэрд ажилдаа очлоо. Бал эрхлэгч ч зураг сонгохоор ороод ирлээ. Үзүүллээ. "Дахиад яв гэх болов уу, загнах болов уу” гэж бодож зогстол харин ч "Маш сайн зургууд байна. Хэд хэдэн зураг ч тавьж болохоор юм. Гэхдээ нэг зургийг нь сонголоо” гэчихээд гараад явсан. Бал эрхлэгчээр магтуулна гэдэг бидний хувьд хамгийн том шагнал. Эрхлэгчээр магтуулж, сайшаагдсан хүний даль жигүүр хэдэн өдөртөө ургаж, дандаа сайн юм гардаг гэсэн яриа ч бидний дунд байв. Ер нь Бал эрхлэгч маань өдөр бүр гэрэл зургийн албаны өрөөнд орж ирээд тэр өдрийн авсан бүх зургийг үзэж, сонинд ямар зураг орохыг өөрөө сонгодог байсан юм. 
Мөн гэрэл зурагчид зураг авахаас гадна мэдээ, сурвалжлагаа бичдэг байх ёстой гэсэн шаардлага тавьдаг байсан. Тэрний ачаар "Өнөөдөр” сонинд ажиллаж байсан бүх гэрэл зурагчин гэрэл зураг авахын зэрэгцээ мэдээ, сурважлага бичдэг болсон. Миний мэдээ бичих анхны даалгавар өвлийн тэсгим хүйтэнд "Цэцэг” төвийн уулзварт усны хоолой хагарч, ус цацагдан хөлдсөн тухай мэдээ бэлтгэх байлаа. Тэр үед учраа олохгүй зургаа авах уу, мэдээллээ авах уу гээд л их сандарсан даа. Ажил дээр ирчихээд мэдээгээ бичих гэж ухнатаж ухнатаж нэг юм дууслаа. "Мэдээ болжээ” гээд хэвлүүлж байж билээ. 
Сүүлд буюу 2007 онд сенсаац сурвалжлаганд ганцаараа явж байв. Бал эрхлэгчийн минь "Өөрсдөө мэдээ, сурвалжлагаа бичдэг байх хэрэгтэй” гэж сургасны ач тэнд гарсан. Тэр нь юу вэ гэхээр УИХ-ын гишүүн "Симба” хочтой Батаагийн үнэг хөөж яваад онгоц унагасан үйл явдал. 2007 оны хоёрдугаар сарын 24-ний орой Д.Заяабат дарга Бор нуурт онгоц унасан тухай хэлээд зургийг нь ав гэсэн юм. 25-ны 05:00 цагт жолооч Энхтайван ахтай /талийгч/ хамт Борнуур руу гараад шидчихлээ. /Тэр үед сэтгүүлчтэй хамт явахыг хүссэн боловч яагаад ч юм явах хүн байгаагүй юм/ Биднийг очиход цэргийн нисдэг тэрэг осолдож, элгээрээ дээшээ харсан байв. Зургаа ч авлаа, газар дээрх байдлыг ч сурвалжиллаа. Тухайн үед онгоц унаагүй ослын буулт хийсэн гэж албаныхан хэвлэлийн хурал хийж байхад манайх "Унасан нь үнэн байна” гэсэн баримт нотолгоо, зураг хөрөгтэй сурвалжлагаа сониныхоо нэгдүгээр нүүрт нийтэлж байсан билээ. Энэхүү сурвалжлага гэрэл зураг хамгийн чухал баримт болдог гэсэн нотолгоо болж өгсөн. Бал эрхлэгч тэр үед гадагшаа томилолтоор яваад эзгүй байсан бөгөөд ирснийхээ дараа анх удаа надад "Өнөөдөр” сонины брэнд гэдэг шагнал өгч билээ. Тэрхүү шагнал нь нэг сая төгрөг бөгөөд Вэб мастер Сарнай бид хоёр тус бүр хүртэж байсан юм. Бал эрхлэгч маань сэтгүүлчдээ үгээр ч, үнэлгээгээр ч сайн урамшуулдаг хүн байсан даа. Бас ажилчдынхаа ар гэрт байнга санаа тавина. "Монголньюс” групп БНСУ руу ажилчин гаргах эрхтэй байх үед хамт ажилладаг сэтгүүлчдийн хань ижил, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан олон хүнийг БНСУ руу ажилд явахад нь туслаж, дэмжсэн дээ. Өөр бусдаар ч дэмнэнэ. Мөн ч олон хүний амьдрал тус болсон байх. 
"Өнөөдөр” сонин гэхээр яалт ч үгүй Бал эрхлэгчтэй холбоотой дурсамж руу орох юм даа. Бас нэгэн дурсамж хэлээдхэе. Манай үеийн сэтгүүлч Р.Эмүжин, бид хоёрт 2005 онд сонины бие даасан булан өгч билээ. Тэр нь "Р.Эмүжин бичиж байна”, "Г.Эрдэнэтуяагийн брэнд зураг” гэдэг булан. Долоо хоног тутамд шилдэг нийтлэл, шилдэг гэрэл зургаа нийтэлдэг тэрүүхэндээ л том сэтгүүлч, гэрэл зурагчин болж байв, бид хоёр. Бас маш их хариуцлага нэмэгдэж, шилдэг сайныг хийхийн төлөө л мэрийдэг байсан даа. Энэ нь эрхлэгчийн хүнийг сайн ажиллуулах бас нэг арга, шалгуур байсан байх гэж боддог юм.
Миний амьдралын 12 жил "Өнөөдөр” сонинд өнгөрсөн гэж дээр дурдсан билээ. Энэ хугацаанд юу эс болох билээ дээ. Сонин хамт олон маань өргөжин "би” хэмээн ярьдаг байсан хүмүүс бүгд "бид” болсон билээ. Тэр хүмүүсийн нэг би. Хүүхэд төрүүлчихээд ажилдаа орсны дараа оройн цагаар хүүхэд харах хүнгүй асуудал болдог байлаа. Өдөр цэцэрлэгт нь өгчихөөд орой яалт ч үгүй ажил дээрээ авчирна. Сонины газар маань оройдоо хүүхдийн цэцэрлэг шиг л болдогсон. Р.Оюунцэцэгийн хоёр охин Дуука, Норвоо, Ундраагийн хүү Чингүүнээ, Цолмонгийн хүү Төөгөө, Солонгоогийн хүү Батука, рекламны Болортуяагийн хүү охин, Х.Болормаагийн охин, манай хүү Асралт гээд л... оройдоо хүүхдүүд цуглаад л үймүүлж өгдөг байв. Амьхандаа редакциар шуугилдаж үймүүлүүлэхгүй гээд манай албаны өрөөнд хашдаг байсан. Даанч нөгөөдүүл нь тогтохгүй дээ. Гараад л гүйчихнэ. Ре ах маань "Эд нар сонины амьдралыг туулж яваа хүүхдүүд. Ярьж чаддаг байсан бол их зүйл ярина даа” гээд л сууж байдагсан. Тэр үед хүүхдүүд 2-4 насны хооронд байсан юм. Тухайн үед сонины эрхлэгчээр С.Батбаатар эрхлэгч ажиллаж байсан юм. Баагий ах бүр "Сониныхоо дор цэцэрлэг байгуулах уу” гэж хүртэл ярьж байв. Биднээс өмнөх үеийн сэтгүүлчдийн хүүхдүүд бас ингэж редакцид хүмүүжиж, хэд хэд нь том болоод сэтгүүлч болсон байдаг. 
Хүү минь одоо найман настай. Хааяа том хүн шиг ""Өнөөдөр” сониноороо нэг орох юмсан” гэж дуугардаг шүү. Нэг удаа хүүгээ дагуулаад сонин руугаа ороод гарсны дараа "Сонин руу орсон чинь миний сэтгэл гэгэлзээд хөдлөөд байсан шүү. Зүрх чанга цохилоод” гэж билээ. Арга ч үгүй дээ, бүтэн дөрвөн жил "сонины” хүүхэд байсан юм чинь. 
2016.09.06
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen