Өсвөр үеийнхнийг эрүүл мэндийн хичээлээр ДОХ-той “танилцуулъя”

 

 Өсвөр үеийнхнийг эрүүл мэндийн хичээлээр ДОХ-той “танилцуулъя”

Монголчууд бид өнөөдөр ХДХВ/ДОХ-ын халдварын  249 тохиолдолыг бүртгэн авчээ. Халдвар тээгчдийн 40 орчим хувийг 25-34 насныхан, хамгийн залуу халдвар тээгчдийг 15-19 насныхан эзэлж байна. Тиймээс энэ удаагийн дугаартаа халдвар тээгч нэгэн залууг, өсвөр насны хүүхэдтэй нэгэн   аавыг  зочноор урьж, дараах ярилцлагыг өрнүүлсэн юм.

 

Өдрийн мэнд. "Танаас ярилцлага авъя” гэхэд яагаад болгоомжлоод байсан бэ. Олон өдөр хариуцлагатай гэгч нь  гуйж байж, зөвшөөрлийг чинь авлаа?

-Би ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгч байгаагүй. Мөн хувийн нууцаа бусдад дэлгэхээс айдаг. ХДХВ-ын халдвар авсан хүний эрхийг хуулиар хамгаална гэдэг ч  бодит амьдрал дээр энэ нь  хэрэгждэггүй. Халдвар авсан гэдгээ эмнэлэгт хэл­дэг. Найз нөхөддөө бас хэлмээр л байдаг. Харин "Би халдвартай” гээд хэлчихвэл эсрэгээрээ хүмүүс намайг улам бүр үзэн ядах болдог. Би тийм байдалд орж байсан. Тийм болохоор хувийн мэдээлэл алдагдах, нас зүсээр нь өвчтэй гээд нийтэд зарлачих вий гэхээс айдаг. Манай нийгэм халдвартай хүнийг бусдаас ялгаварлаж үздэг, ихэнх нь айж цэрвэдэг. Үнэндээ, ХДХВ, ДОХ-ын талаарх тодорхой ойлголтгүй явж байдаг хэрнээ гадуурхахаа өмнөө барьдаг. Энэ өвчин хүнээс л халдах юм шиг айдаг. Эмнэлэгээр үйлчлүүлж байхдаа энэ өвчний халдвар авчихвий гэсэн болгоомжлол байдаггүй.

Тийм болохоор хүмүүст энэ талын мэдлэгийг олгох юмсан гэж их боддог.

Өнөөдөр Монголд ХДХВ/ДОХ-ын талаарх олон нийтийн ойлголт ямар байна вэ. Магадгүй, халдвартай хүмүүст энэ байдал илүү их мэдрэгддэг байх?

-Халдвар авсан хүн өөрөө энэ талын мэдээллийг олон нийтэд дуулгаад явах боломж лав бүрдээгүй байна. "Би ДОХ-ын халдвартай” гээд хэлчихвэл насаараа хэлмэгдснээс өөрцгүй юм болно. Магадгүй, олон хүнд амиа хорлох бодол төрөх байх. Монголд нөхцөл байдал ийм л байгаа. Тийм болохоор олон нийтийн хандлагыг өөрчлөх, нийгмээрээ айж, цэрвэхээс илүүтэй ойлгохыг хичээдэг болмоор байгаа юм. Нэг үеэ бодвол хүмүүсийн ойлголт арай өөр болсон. Хүмүүсийн мэдлэг дээшилсэн. Гэхдээ яг бодит амьдрал дээр ихэнх нь ДОХ-той хүмүүсийг гадуурхдаг. Өнөөдөр Монголд ХДХВ-ын халдвар авсан хүний мэдээллийг нууцална гэж ярьдаг ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр төд дэх тохиолдол гарлаа. 45 настай, иргэн Б, А халдвар авсан нь тогтоогдсон гэх мэтээр зарлачихдаг. Энэ бол  хүний эрхийг зөрчиж байгаа явдал. Энэ бүхэн заримдаа асуудалтай л санагддаг.

Таны хувьд,  халдвар аваад хэдэн жил болж байгаа вэ. Халдвартай болсноо анх яаж мэдсэн бэ. Мөн одоогоор биеийн байдал ямар байна?

-Би халдвар тээгээд зургаан жил болж байна. Анх сайн дурын шинжилгээнд хамрагдаад,  ХДХВ халдвартай болсноо мэдсэн. Мэдээж тэр үеийг төсөөлөхөд яаж амар байх вэ?. Залуухан байлаа, их хүнд хүлээж авч байсан. Өөрийгөө яавал эдгэх бол гээд  энэ талын мэдээллийг бас судалж үзэж байсан. Бас ДОХ бол шууд үхэлд хүргэдэг өвчин биш гэдгийг мэдээд дотор жаахан уужирсан. Би бэлгийн замаар халдвар авч байсан. Одоо шаардлагатай зөвлөгөө, мэдээллүүдийг эмч нараас авдаг. Биеийн байдал сайн байна. Одоогоор өвдөж, зовсон зүйл алга байна. Манай Монголын эмч нар чадвартай, мундаг эмч нар байдаг. Биднийг ойлгохыг хичээдэг. Түүнээс гадна энэ чиглэлийн төсөл хэрэгжүүлдэг ТББ-ууд маш сайн ажилладаг. Зөвлөгөө мэдээлэл идэвхтэй өгдөг.

Таныг гэр бүлтэй байсан гэж сонссон. "Халдвартай” гэсэн хариу сонсоод, мэдээж амаргүй байсан байх. Одоо тусдаа амьдардаг уу?

-Би одоо 40 гаруй настай.  Өмнө нь эхнэр, хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Одоо ганцаараа амьдарч байгаа. Анх халдвартай болсноо мэдээд, эхнэртээ хэлж тусдаа амьдардаг болсон. Хэзээ нэг өдөр  миний хүүхдүүд намайг ойлгох байх гэж боддог. Монголд хүнийг ялгаварлан гадуурхахгүй, иргэдийн дунд энэ талаарх ойлголт сайжрах байх гэж боддог. Тэр үед  хүүхдүүддээ халдвар авсан шалтгаанаа хэлнэ.  Тэр болтол миний хүүхдүүд дунд сургуулиа төгсчихнө.  Мөн хүүхдүүддээ энэ талаарх ойлголтыг эрт өгөх юмсан. Болгоомжлоод яваасай гэж хүсдэг. Өөрөө хүүхэдтэй, эцэг хүн болохоор өсвөр насны хүүхэд залуус дунд энэ талаарх мэдлэгийг эрт өгмөөр санагддаг. Би одоо ч гэр бүлдээ тусладаг. Хоёр хүүхэддээ анхаарал тавихыг хичээдэг.

Монголд дунд сургуулиудад эрүүл мэндийн хичээл заахаа больчихсон. Энэ асуудалтай санагддаг. Өсвөр насны хүүхдүүдэд энэ талын ойлголтыг эрт өгөх хэрэгтэй. Дунд сургуулиудад зургадугаар ангиас нь эхлээд төгсөх хүртэл нь  эрүүл мэндийн хичээлийг орох ёстой. Тэр тусмаа бэлгийн харьцаа, бэлгийн чиг хандлага, ДОХ, сүрьеэ, архи тамхидалт, ялгаварлан гадуурхалтын талаар хичээл орох ёстой. Энэ мэт зүйлд дэмий л санаа зовж суух юм.

ХДХВ-ийн халдвартай хүмүүст хүссэн ажлаа хийгээд явахад багагүй саад бэрхшээл учирдаг. Таны хувьд тийм зүйл тохиолдож байв уу. Та яг одоогоор ямар ажил хийдэг вэ?

-Ажилд ороход саад бэрхшээл мундахгүй шүү дээ. Хамгийн наад захын жишээ гэхэд л,   ХДХВ-ийн шинжилгээний бичиг шаарддаг. Уг нь  Монгол Улсад албадан шинжилгээ өгөхийг хуулиараа хориглосон байдаг. Гэтэл  зарим албан газар  байгууллагынхаа дотоод журманд заавал шинжилгээнд хамрагдах ёстой гээд заачихсан байдаг болохоор  ХДХВ-ийн халдвартай хүмүүс хүссэн ажлаа хийх боломжгүй байдаг.  Жишээ нь, Оюу толгой, Таван толгой гэх мэт томоохон компанид  ажилд ороход заавал "Сонгдо” эмнэлэгт шинжилгээ өгсөн байх ёстой гэдэг. Гадаадад ажиллаж амьдрах  боломж бол бүр хаалттай байдаг.  Энэ мэтээр бидний  эрх  их зөрчигддөг. Халдвартай хүн мэс заслын эмч, эх баригч, эмэгтэйчүүдийн эмч зэрэг ажил эрхлэхийг ДЭМБ-аас хориглодог. Өөр бусад ажил бол хийж болно шүү дээ. Гэтэл манайд энэ эрх нь хязгаарлагдмал байдаг.  Миний хувьд, яг одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Нэгэн хувийн компанид 5-6 жил ажиллаж байгаад орон тооны цомхотголд орсон. Одоо өөр ажилд орохоор хөөцөлдөж байна.  Анкетаа бөглөөд, бичиг баримтаа хүргүүлсэн.

Ажилд ороход шинжилгээний бичиг шаарддаггүй газар олон байдаг шүү дээ.  Ер нь ХДХВ, ДОХ-ын халдвар тээгч хүмүүс дунд ажил хийх хүсэлтэй, хөдөлмөрийн насны олон хүн байдаг уу?.

-Байлгүй яахав. Шинжилгээний бичиг баримт шаарддаггүй ажил нь ихэвчлэн  барилга, барилгын туслахын ажил байдаг. Гэтэл бид нар шиг биеийн дархлаа муу, амархан өвддөг хүмүүст  энэ салбарт ажиллах нь эрүүл мэндэд тохирдоггүй. Тоос шороо ихтэй, хүнд хүчир ажил их хийдэг. Будаг, шохойны үнэрээс нь болоод бие дээгүүр тууралт гарах, харшил өгөх асуудал их байдаг.  Би барилгын дотоод заслын ажил хийх гэж оролдож үзсэн.  Тэгээд бие их амархан мууддаг, өвддөг  болохоор нь аргаа бараад больсон. Тиймээс ажил эрхлэлтийн талаар биднийг тусгайлан дэмжиж өгөөсэй. Хэнд ямар мэдлэг боловсрол, мэргэжлийн чиглэл байна.Түүнийг нь судлаад, ажиллах боломжоор хангаж өгөөсэй. Тэгвэл цөөнгүй хүн ажлаа хийгээд, амьдралаа болгоод явна гэж боддог.

Ярилцлагынхаа төгсгөлд, сайн дурын шинжилгээний ач холбогдлын талаар асууя. Энэ шинжилгээний хариу таны амьдралд олон өөрчлөлтийг авчирсан байх. Мөн ДОХ-той тэмцэх дэлхий нийтийн өдрийг тэмдэглэх гэж байна. Энэ талаарх таны бодлыг сонсъё?

-Хүмүүс сайн дурын зөвлөгөө, шинжилгээнд хамрагдаж байгаа нь  сайн хэрэг. Улс орон даяар компанит ажил явуулаад халдвартай хүмүүс олноороо илэрч гарч ирдэггүй. Харин сайн дурын шинжилгээнд хамрагдснаараа хувь хүн өөрийнхөө эрүүл өвчтэй эсэхээ эрт мэдэх боломжтой байдаг. Би санаандгүй явж байгаад шинжилгээнд хамрагдсан. Азаар эрт мэдсэн. Эхнэр хүүхэддээ халдвар дамжуулаагүйдээ баярладаг. Тиймээс сайн дурын зөвлөгөө, шинжилгээний ач холбогдлыг хүмүүст маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Ялангуяа, өсвөр насныханд. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн "Улаан тууз” эмнэлгийн хамт олон маш сайн ажилладаг. Хэн ч очсон нээлттэй үйлчилдэг.

Энэ шинжилгээний хариу таныг болон таны гэр бүлийг эрсдэлээс хамгаална гэдгийг ойлгох хэрэгтэй.  Сүүлийн жилүүдэд монголчуудын ХДХВ/ДОХ-ын талаарх мэдлэг сайжирсан. Эрүүл мэндийн байгууллагууд ч энэ асуудалд анхаарал хандуулж ажилладаг болсон. Жил бүр ХДХВ/ДОХ -ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэдэг болсноос хойш өнөөдөр хүмүүсийн мэдлэг сайжирсан.  Одоо харин үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь  чухал байна.


Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ЭНХТУУЛ



Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen