МЭДЛЭГГҮЙ БАЙХ НЬ ДОХ-ООС Ч ИЛҮҮ АЮУЛТАЙ!

МЭДЛЭГГҮЙ БАЙХ НЬ ДОХ-ООС Ч ИЛҮҮ АЮУЛТАЙ!

 

Монголчууд бид дэлхийд олон зүйлээрээ танил болж байгаа улс. Монгол Улс газар нутаг томтой, хүн ам цөөтэй, мал аж ахуйн орон гэхээс илүүтэй сүүлийн жилүүдэд агаарын бохирдол, хорт хавдрын өвчлөлөөр Азидаа дээгүүрт орж, нүүр улайх олон таагүй мэдээллээр дэлхийд танил болж байгаа. Шинэ зууны босгон дээр дэлхийн хүн ам олон шинэ өвчинтэй нүүр тулж явна. Тухайлбал, томуугийн цар тахал, эбола, зика вирусын халдвар, шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүд ДОХ, сүрьеэ гээд эдийн засаг, эрүүл мэндэд хохирол учруулж буй олон халдварт өвчинтэй тэмцэж яваа. Дэлхийн хүн ам гэж өөрсдөөсөө холдуулаад ч юу гэх вэ. Монголчууд ч гэсэн ДОХ, сүрьеэ, ХДХВ, улаанбурхны өвчлөлтэй тэмцэж, Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааныхаа хөтөлбөрт энэ асуудлыг тусгаад, хэдэн тэрбумыг төсөвлөөд, ард иргэдээ эрүүлжүүлэхийн төлөө явж байгааг бид мэднэ.

Энэ удаа жил бүрийн арванхоёрдугаар сарын 1 буюу "ДОХ-ын эсрэг олон нийтийн анхаарал хандуулах дэлхийн өдөр”-ийг угтан ДОХ-ын талаарх сүүлийн үеийн мэдээлэл рүү таныг хөтөлье.



ДУУСДАГГҮЙ ЯРИА БУЮУ ДОХ


Магадгүй, зарим хүнд энэ ярьж л байдаг хуучин сэдэв. Харин өөртөө санаа тавьдаг, эрүүл мэнддээ анхаарал хандуулдаг, хорвоогоос эрт явах дургүй хүнд бол шинэ сэдэв. Бас айдас, түгшүүрийг араасаа дагуулдаг, таних хэрнээ танихгүй нэр томъёо "ХДХВ/ДОХ”.  Учир мэдэх хүнд ДОХ-ын өвчлөл нь дэлхий нийтийг айлгаж буй эдгэж, эмчлэгддэггүй, эмээр торгоох төдий арга хэмжээг авсаар ирсэн аюултай өвчин. Хөрөнгө чинээтэй, хөгжилтэй орон энэ өвчинтэй эрчимтэй тэмцсэний үр дүнд халдвар тээгчдийнхээ тоог тогтоон барьж, урьдчилан сэргийлж чаддаг. Харин  хөнгөлөлттэй эмээ ч авч чадахгүй ядуу буурай оронд өвчилсөн нэг нь  үхэхээс өөр сонголтгүй үлддэг амаргүй өвчин. Үүнийг дэлхийн олон улсын өвчлөлийн түүхээс харж болно. Харин манай улсад жил бүр халдвар тээгчдийн нас залуужиж, өвчлөлийн тоо өсч  байна. Аав ээжийнхээ өврөөс дөнгөж гарсан, ахлах ангиа ч төгсч амжаагүй өсвөр насныхан буюу 15-19 насны хүүхэд, залуус руу энэ өвчин "довтолж” байна.  Монголчууд бид цөөхүүлээ. Бодлогогүй, болгоомжгүй явбал улс үндсээрээ ДОХ-ын довтолгоонд үрэгдэж мэдэх, ялагдаж дуусах цус, судсаар минь дамжиж, дэлхийн хэдэн сая хүний амийг авч оддог өвчин. Тиймээс та амьдралд хайртай л бол дахин сонсохоос өөр аргагүй сэдэв.

 

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРТӨӨ МЭДЛЭГИЙН ҮР СУУЛГАХ ТУХАЙ ДУРДЪЯ

 

Өнөөдөр 2017.11.24. Монголд ХДХВ/ДОХ-ын 249  тохиолдол бүртгэгдсэн байна. Он гарсаар шинээр 24 хүн оношлогджээ. Үүний 99.1  хувь нь бэлгийн замаар халдвар авсныг тогтоогоод байна. Харин бусад тохиолдол нь ямар замаар халдвар авсныг судалж байна. Ямартай ч одоогоор цус цусан бүтээгдэхүүн,  эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг ЭМЯ, ХӨСҮТ-өөс мэдээлж буй юм. Энэ өвчний халдварын анхны тохиолдол 1992 онд бүртгэгджээ. Харин энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 249 тохиолдлыг бүртгээд байна. Хамгийн аюултай нь ДОХ-ын халдвар тээгчдийн 39.6 хувийг 25-34 насны ид сурч хөдөлмөрлөх, бүтээн байгуулалтыг босгох залуус эзэлж байгаа нь өөрийн эрхгүй толгой сэгсрэхэд хүргэнэ. Хамгийн залуу халдвар тээгч нь 15-19 насныхан байна.

Хүйсийн хувьд 80 хувь нь эрэгтэйчүүд байна. Энэ мэдээллээс харахад жил бүр халдвар тээгчдийн нас залуужиж, жилд ойролцоогоор 10-15 тохиолдлоор халдвар тээгчдийн тоо өсч байна. Мөн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдлын 99 хувь нь бэлгийн замаар халдвар авч байгаа нь эмч мэргэжилтнүүд гэлтгүй эрүүл мэндээ боддог, өөртөө санаа тавьдаг хэний ч санааг зовоож, сэтгэлийг түгшээх  асуудал юм.

ДОХ бол хил хязаар дамжин халдварладаг холын өвчин биш. Хөнжлөөс хөнжил дамждаг, дэргэдэх хүнээс цус, бэлгийн замаар, зүү тариураар, эхийн сүүгээр дамжин халдварладаг өвчин.  ДОХ-ыг бид төгс эдгэдэггүй, эмчлэгддэггүй өвчин гэдгийг цээжлэх шахталаа ярьдаг хэрнээ амьдрал дээр айх, хяналттай, болгоомжтой хандахаа умартсан хэвээрээ л явна. Шуудхан хэлэхэд, мэдлэггүй сэтгэлгүй, болгоомжгүй яваагаасаа болж Монголд ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн тоо өсч үржихэд нөлөөлж байна.  Тиймээс бид ДОХ-оос айхаас илүүтэй эрүүл мэндийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй юм. Технологижсон эрин зуун, ардчилсан Монгол оронд гар утас, зурагт компьютерээсээ "зүүгдээд”, "унтахаа больсон” энэ цаг үед эрүүл мэндийн мэдлэг дархлаажуулалтын вакцин шиг хэрэгтэй байна.
 

НҮБ-ЫН МӨРӨӨДӨЛ-ДОХ-ЫН ТАРХАЛТЫГ ЗОГСООХ!

 

Дэлхий нийт ийм өөдрөг мөрөөдөлтэйгөөр ирээдүйг харж байна. Анагаахын шинжлэх ухаан олон туршилтыг хийж байна. ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан  гараагүй ч амжилт, ололт байсаар байна. "ДОХ-ын тархалтыг 2030 он гэхэд зогсооно” гэсэн гэрэл гэгээтэй таамаглалыг  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн илтгэлдээ дурдсан байдаг. Түүний дурдсан тоо баримт НҮБ-ын ДОХ/ХДХВ-тэй тэмцэх нэгдсэн хөтөлбөрийн тайланд ч тодорхой бий. Дэлхийг шинэ тахал нөмөрлөө хэмээн түгшиж, вирусын тархалтаас сэргийлэх асуудлыг Мянганы хөгжлийн зорилтод багтааснаас хойш 15 жилийн хугацаанд ХДХВ-ын шинэ тохиолдлын тоо 3.1 саяас хоёр сая хүртэл буюу 35 хувиар буурсан нь НҮБ-д "ДОХ-ын тархалтыг тогтоон барьж чадна” гэсэн итгэлийг бий болгосон байдаг. Тайланд дурдсанаар халдварын бууралт нь улс орнуудад явуулж буй хөтөлбөр, вирусын эсрэг эм, эмчилгээний хүртээмж өндөр болсонтой холбоотой.

Ялангуяа, эмийн хэрэглээ, түүний өртгийн асуудал үүнд илүү ач холбогдол өгчээ. Хэдэн жилийн өмнө ДОХ-ын эсрэг эмийн нэг жилийн хэрэглээний өртөг 14 мянган ам.доллар байснаас шалтгаалан дэлхийн хэмжээнд ердөө 700 мянган хүн хэрэглэдэг байсан. Харин одоо нэг жилийн тун багадаа 100 ам.долларын үнэ хүрч, ДОХ-ын өвчлөлд уудаг ретровирусын эсрэг эмийг 15 сая хүн хэрэглэдэг болсон байна."Cipla” компаниас 2001 онд 800 ам.долларын үнэ бүхий эм гаргаж байсан бол өнөөдөр эмийн үнэ 350 ам.доллар болтлоо буурчээ. НҮБ-ын баримталж буй бодлогод цаашид эмийн үнийг дахин бууруулах тухай хөтөлбөрийг баталсан байна.  Тиймээс эмийн үнийг бууруулан, олон хүнд хүргэснээр ойрын 15 жилд дэлхий нийт ДОХ-ын тархалтыг зогсоох боломжтой гэж үзжээ.



МОНГОЛД ӨВЧЛӨЛИЙН ГРАФИК ӨСЧ БАЙНА


Дэлхий нийтийн хэтийн зорилго ийм байна. Гэтэл манай улсад өвчлөлийн график өссөн үзүүлэлттэй явж  байна. Халдвар тээгчдийн эгнээнд шинэ гишүүд "элсэн” орсоор байна. Энэ нь биднийг  халдвар тээгчээр бүртгэгдсэн, эмчийн хяналтад байгаа халдваруудыг тогтоон барих, залуу, өсвөр үеийнхнийг "мэдлэгээр дархлаажуулах”, үзлэг шинжилгээнд тогтмол хамруулахад анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдгийг сануулж буй юм.

Монголд ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэлх ДОХ-ын вирусын халдвартай 13 эхээс 19 хүүхэд төржээ. Эдгээр хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээ авснаар бүгд эрүүл өсөн бойжиж байгааг эрүүл мэндийн байгууллагууд, ХӨСҮТ-ийн ДОХ /БЗДХ-ын тандалт судалгааны албанаас мэдээлсэн. Энэ бол амжилт юм. Эхээс урагт дамжих ДОХ-ын халдвар дэлхий дахины өсвөр  насныхны нас баралтын хоёр дахь гол шалтгаан болсныг олон улсын эрүүл мэндийн байгууллагууд онцолж байна. Мөн дэлхий даяар бэлгийн замын халдварын өвчтэй 16 сая эмэгтэй байдгаас жил бүр 1.4 сая нь жирэмсэлдэг. Зарим оронд  эхээс урагт дамжих бэлгийн замын халдварт өвчний халдварыг зогсоосон гэдэг ч албан ёсоор баталгаажсан улс одоогоор байдаггүй. Нөгөөтэйгүүр, манай орны хувьд халдвар авсан хүмүүсийн 80 гаруй  хувийг эрэгтэйчүүд. Түүний 70 гаруй  хувь нь эрчүүдтэй бэлгийн харилцаанд ордог эрчүүд байдаг талаар мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Өнөөдрийн байдлаар Монголд энэ өвчнөөр нас барсан 40 тохиолдол байна. Монголд жилд 5000 орчим хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж, үүнээс 3000 нь тухайн жилдээ нас бардаг гэсэн харамсалтай тоо баримт бий. Үүнтэй харьцуулахад 25  жилийн дотор 40 хүн нас барсан нь ДОХ/ХДХВ-ын халдварыг чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх шалтгаан болсон байж мэднэ. Харин халдвар тээгчдийн буюу  бүртгэлтэй өвчтөнүүдийн тоог нийт хүн амд хувааж үзвэл болгоомжлохоос өөр аргагүй. Төр, засгаас төсөв хөрөнгө зарж, анхаарахаас өөр аргагүй өвчин юм. Монгол Улс 2003 оноос хойш ДОХ, сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 11 удаа, нийт 50 сая ам.долларын төсөл батлуулан хэрэгжүүлснээс 16.5 сая ам.долларыг ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулсан байна.



"ЖОЛООНЫ ХИЧЭЭЛ” БУЮУ ЭРЧҮҮДЭД ОЛГОХ МЭДЛЭГИЙГ САЙЖРУУЛЪЯ


Энэ нийтлэлийг бэлтгэх явцдаа ДОХ/ХДХВ-ын халдвар тээгч 2-3 залуутай уулзаж, халдвар авсан шалтгааныг нь асууж, тодруулсан юм. Хэн ч харсан, үргэж цэрвэхээргүй 19-23 насны нүдэнд дулаахан, цэвэрхэн залуустай цаг товлон байж уулзсан. Нэр, зүс царайгаа нууцлан байж мэдээлэл дуулгасан залуус бүгд болгоомжгүй байдлаасаа болж алдсанаа хэлж байв. 30 настай гей залуу олон найзтай, олон удаагийн шинжилгээ нь асуудалгүй гарсан учраас энэ өвчнөөс айхгүй явж байгаад нэг өдөр өвдсөнөө мэдсэн.  "Үхэх л юм шиг бодогдож байсан. Одоо эмч нарын ачаар арай өөр бодолтой явдаг болсон, эмчилгээтэй байгаа” гэж байв. Мөн оюутны ширээнд дөнгөж суусан 19 настай залуу ДОХ-ыг өөрөөсөө дэндүү хол өвчин гэж бодож явсан. Нэг л өдөр эмчийн амнаас энэ хариуг сонссон. "Одоо хорих тэмдэгтэй  гортигон дотор амьдарч байна” гэв. Харин нөгөө нь "Би 35 настай. Гэр бүлтэй байсан ч гадуур зугаацаж яваад алдсан. Одоо ганцаараа амьдардаг” гэж байв.  Үүнээс улбаалан монголчуудын өвдөөд байгаа шалтгааныг судалж  үзэхэд яг л ийм хариуг ихэнх нь хэлдэг. Нийт өвчлөлийн 70-80 хувь нь эдгэрэх аргагүй болсон. Хүндэрсэн шатандаа эмнэлэгт ханддаг гэдгийг эмч нар ч бас хэлж байсан. Тиймээс энэ байдлыг өөрчлөхийн тулд ДОХ-оос айж, цэрвэхээс  илүүтэй  хүүхдэд багаас нь цэцэрлэгт явдаг үеэс нь эрүүл мэндийн боловсрол олгоё.  Өсвөр насанд нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга ухаанд суралцуулъя. Дунд, ахлах ангид нь эрүүл мэндийн хичээлээ эргээд ордог больё. Үеийнхэн дунд нь мэдлэг түгээх багш нарыг нь бэлтгэж, эмч нарынхаа ажлыг хөнгөвчилье гэсэн хэд хэдэн санааг "гараа өргөн байж” хэлмээр байна.

ДЭМБ-аас ХДХВ-ын халдварын тооцооллыг хийсэн байдаг. Энэ онд 575 хүн манай улсад ХДХВ-ын халдвартай гэсэн тооцооллыг гаргасан байна. Энэ тоон мэдээлэлтэй харьцуулахад бид халдвартай иргэдийн 50 хүрэхгүй хувийг оношилсон байна. Үүний цаана 50 орчим хувь нь оношлогдоогүй явж байх магадлалтай гэсэн үг. Тиймээс өөрсдийнхөө эрүүл мэндийг зөв жолоодьё. Аливаа өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг гэсэн муйхар үг ул болж, мэдлэгтэй л бол бүх өвчнөөс урьдчилан сэргийлж болдог болсон цаг. Монголчууд бид элэгний С вирусын халдвар, элэгний хорт хавдрын өвчлөлийг бүрэн зогсоохын төлөө тэмцэж байна. Төр, засгаас ч энэ асуудалд чамгүй анхаарч, багагүй хөрөнгө зарж байгаа. Үүнтэй харьцуулахад ДОХ-ын тоо нийгэмд задарчихаагүй байна. Тиймээс алхам тутамдаа мэдлэгтэй, мэдээлэлтэй явцгаая. Хүн бүр өөрсдийнхөө ирээдүй, эрүүл мэндээ хамгаалъя. ДОХ-ын эмчилгээ болон эмийн өртөг өндөр, өвдсөн тохиолдолд сүрьеэ, хорт хавдар,  харшил, БЗДХ,  ХДХВ гээд хавсарсан өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь их байдаг. Манай улс 2003 оноос "Глобаль” сангийн дэмжлэгээр  олон сая ам.долларын санхүүжилттэй төслийг ДОХ/ХДХВ-тэй тэмцэхэд зарцуулж байгаа. Мөн Монгол Улсыг хөгжиж буй орны тоонд тооцох болсон учраас жил бүр "Глобаль” сангийн  сан­хүү­жилт буурч байгааг санах хэрэгтэй. Хэрэв энэ сангийн төсөл зогсвол монголчууд бид ДОХ-ын өмнө хүчин мөхөсдөнө. Тиймээс өвдсөн хойно нь эмчлэх гэж байдгаа барж байснаас өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлье.

 

БУСДЫН ОЮУН САНААГ ЭМЧИЛЬЕ

 

20 жилийн өмнө зүү тариурыг буцалгаж хэрэглэдэг байснаа бодвол өнөөдөр монгол­чууд соёлжсон эринд амь­дарч байна. Аль ч эмнэл­гээр  үйлчлүүлсэн эрүүл ахуйн шаардлага хангасан багаж хэрэгсэл, зүү тариур хэрэглэдэг болсон. Тиймээс ирээдүй, хойч үеэ, хүүхэд залуусаа  багаас нь  эрүүл мэндийн мэдлэгээр цэнэглэж чадвал ДОХ-ын тархалтыг тог­тоон барих боломжтой. Яг л эрчүүд машины жо­лоо амархан барьж сурдаг шиг, машинаа хэнээс ч илүү мэддэг шиг эрүүл мэндээ хэрхэн жолоодох аргыг хүн бүрийн тархинд, хүүхэд бүрийн  ухаанд  нас, насанд нь тохирсон аргаар суулгаж өгье. ХДХВ-ын халдвар бусад өвчин шиг амьсгалын зам, агаар дуслаар халдварладаггүй.Халдвартай хүний хэрэг­лэ­сэн зүү тариураар дамжих,  халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд, цусан бүтээг­дэхүүнээр, эхийн сүүгээр дамжин  халдварладаг.  Тий­мээс  хоромхон зуу­рын жаргал, хүсэл сонирх­лоосоо болж  насан тур­шийн амьдралдаа зов­лон тээх, өөрийнхөө ирээ­дүй­г баллахгүй байх болом­жийг хүүхэд, залуустаа бүрдүүлж өгье. Ингэж чадвал Монгол Улс эрүүл монгол иргэнтэй болж чадна. Монголын ирээдүй ДОХ-гүй амьдарч чадна. Мэдлэг бол дархлаа­жуулалтын вакцин юм.

Зууны мэдээ
Б.Энхтуул

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen