Монгол дархлааны мөхөл буюу ураг холбох аюул

 
 Монгол дархлааны мөхөл буюу ураг холбох аюул

С.УЯНГА

Улс үндэстэн оршин тогтнох, хөгжиж дэвших тулгуур нь Монгол дархлаа юм. Мөнгө, эд баялгаар үнэлдэггүй зүйл гэж бий. Энэ үүд­нээс харахад манай ул­сад мөнгө байгаад ч хэрэг алга. Учир нь өнөөдөр монголчууд сандал суудлын "өндөр, нам”, баян, ядуу гэж ялгарах­гүйгээр улс үндэст­нээрээ уруудаж байна. Магадгүй мөнгө­тэй бол өр зээлээсээ салж, өнөөгийн эдийн засгийн хямралаас гарна. Улаанбаатар утаанаасаа сална. Иргэд боломжийн амьдарна гэж бодож болох. Гэвч биднийг дээр дооргүй мөнгө ярьж, албан тушаал булаацалдаж суух хооронд оюун ухаан, суу билгээрээ дэлхийд гайхагддаг Монгол дархлаа мөхөж байна. Өвчнөөр яривал бараг л эцсийн шатандаа орох дөхсөнийг хүн судлаач эрдэмтдийн 30 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн нотолчихлоо.

Хүн амын генетикийн шинжлэх ухааны тооцоол­лын аргаар овог төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэг­дэл буюу ураг хол­бох аюул болох цус ойртолтыг тодорхойлж  мон­голчуудын генийн сангийн дотоод тэнцвэр ноцтой алдагдаж байгааг хэлжээ. Бүр тодруулбал, цус ойртолтын эцсийн үр дүн улс үндэстнийг мөхөхөд хүргэдэг генетик үйл явц гэдгийг Анагаах ухааны доктор Э.Энхмаа хэлж байна.

Үе уламжилж ирсэн монгол ухаан бүдгэрч, балархайтаж, хүмүүсийн ухааны цар хүрээ улам хумигдаж, тэрүүхэндээ амиа хоохойлох сэтгэлгээ ноёлж байгаа тухай эрдэм­тэн судлаачид сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа юм.

Гагцхүү өдөр ирэх тусам хурдтайгаар "унаж” байгаа монгол дархлааг аварч үлдэх төрийн бодлого шийдвэр энэ хугацаанд нэг ч удаа яригдсангүй.

Улс орны хөгжин мандахын  суурь нь мэдлэг боловсролтой, оюунлаг ард түмэн. Тэр ч утгаараа  монгол залуус  авьяас чадвар, оюуны цар хүрээ, ой тогтоолт, сэтгэн бодох чадвараараа дэлхийн улс орнуудын өмнө тодоор гялалздагийг  нийтээрээ мэднэ. Бүр тархиныхаа 10 хүрэхгүй хувийг ажиллуулахад л дэлхийн энтэй сэтгэж чаддаг агуу мөртлөө "залхуу үндэстэн” гэх судалгаа ч бий. Гэтэл монголчуудын энэ шавхагдашгүй баялаг оюун ухаанд аюул учруулсан цус ойртолт аль хэдийнэ Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрснийг мэдэж, сэрэмжилж байгаа  сайд дарга алга. Уг нь үүнийг сүүлийн арав гаруй жил ярилаа. Бодлого боловсруулж, шийдвэр гаргаж байгаа хүмүүс мэдэж л баймаар. Тэр бүү хэл улс орны уураг тархи, хөдөлгөх хүч, ирээдүй хойч болсон залуучууд удам угсаа дотроо ураг холбох аюулаас болж оюун ухааны хомсдолтой, эрхтэн дутуу, давжаа биетэй болж байгаад анхаарал хандуулах төрийн тусгай нэгж ч алга. Цус ойртсоны хамгийн тод илрэл нь тархины тураал, аминчхан, амиа аргацаадаг сэтгэлгээтэй хүмүүс нийгэмд олшрох үзэгдэл юм.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН НУУЦ ТОГТООЛЫН УРШИГ

 

Өдгөө Монголыг мөхөл рүү хөтөлж буй цус ойртолтын аюулын эх сурвалж, үндэслэлийг нь ухаад үзвэл 1925 оны Засгийн газрын нууц тогтоолтой холбогдоно. Монголчууд эрт дээр үеэсээ засаг захиргааны бүтэц дөрвөн аймгийн тогтолцоотой. Хангай, говийн хооронд  отор нүүдэл хийдэг. Тэр явцад мал ахуй тарга тэвээрэг авч хүмүүс нь хоорондоо чөлөөтэй уулзаж, учирдаг нүүдлийн мал аж ахуйн соёлыг таширлуулан амьдардаг. Мөн айл бүр ургийн овог, угийн бичгээ хөтөлж ирсэн  соёл уламжлал бидэнд байв. Түүнчлэн ургийн овгоо мэддэг учраас овог дотроо гэрлэхгүй байх зарчим баримталдаг. Овог төрлийн нэг язгуурт хүмүүсийн нэгдэл буюу ураг холбохыг цээрлэж өөр овгоос бэр буулгадаг. Угийн бичгээ аман болон бичгийн хэлбэрээр хөтөлж үр хүүхдэд өвлүүлдэг зааж сургасаар ирсэн ард түмэн. Гэтэл 1925 онд Монгол хүн овгоо хэрэглэх, угийн бичгээ хөтлөхийг хориглосон нууц тогтоол гарсан нь одоогийн цус ойртолтын аюулын уршиг байж мэдэх юм. Чухам юунаас болж, ямар шалтгаанаар нууц тогтоол  гаргасныг мэдэхгүй ч түүнээс хойшх  92 жилийн хугацаанд  цус ойртолтын аюул Монгол үндэстний бүтэн дөрвөн үеийн турш чимээгүй тахал хэлбэрээр үргэлжилснийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх хүн судлалын эрдэмтэд тогтоожээ. Монгол хүний нэг үеийг 25 жил гэж тооцдог бол дөрвөн үе солигдох энэ хугацаанд ураг холбох аюул улс орныг бүхэлд нь хэрсэн харамсалтай дүр зураг бий. Хүн судлалын эрдэмтэд 21 аймаг, нийслэлийг бүхэлд нь хүний генетикийн түвшинд судлахад цус ойртолт илрээгүй нэг ч аймаг үлдээгүй гэнэ. Хамгийн гол нь  цус ойртолтыг сүүдэр мэт чимээгүй дагаж явдаг  аюул нус шүлсээ гоожуулсан, уруул сэтэрхий, тагнай цоорхой  зэргээр заавал нүдэнд ил харагдах байдлаар илрэх нь харьцангуй бага ч алсдаа оюуны дархлааг устгах аюултай юм байна. Тухайлбал, Монгол хүний аливааг богино хугацаанд хурц сэтгэдэг оюун ухааныг мохооно. Мөн сэтгэхүйн нарийн түвшний зүйл шаардахад ухаан хүрэхгүй, тархи ажиллахгүй байх хүртлээ доройтох заналхийлэлд өртжээ. Түүнчлэн амьгүй төрөлт, зулбалт их болж байгаа нь ч цус ойртолтын илрэл. Биеийн эсэргүүцэл дархлаа суларч, ямар нэгэн өвчнийг эсэргүүцэх хувь хүний чадавхи доройтдог байна.

 

ЕСӨН ҮЕИЙН ХАТУУ БОСГО

 

Монголчууд эрт үеэсээ цусан төрөлдөө ураг холбохыг цээрлэж  есөн үе дотроо хатуу босго тавьж амьдрал ахуйдаа мөрдөж ирсэн.  Өөрөөр хэлбэл, хүн хоёр талын өвөө, эмээгээсээ дээш дөрвөн баганаар есөн үеэ бүтэн  мэддэг байх ёстой юм. Энэ есөн үеийн дотор  цусныхаа тодорхой хувиар ижил байдаг учраас хоорондоо ураг холбохоор цус ойртож муу  дагавар нь үр хүүхэд дээр илэрч гарч ирдгийг  хүний генетикийн шинжлэх ухаан нотолсон юм. Энэ нь хүний нэг үе удмын хугацаагаар зузаарч байдаг аж. Ийнхүү үндэстнийг дотроос нь чимээгүй "идэж” байгаа цус ойртолтын үр дагаврын талаар анагаах ухааны доктор Э.Энхмаа "Манай хүн амд дунджаар өөрөөсөө дээш 3-4 дэхь үеийн ах дүү нар гэр бүл болоход илэрдэг тийм түвшний цус ойртолт илэрсэн. Өөрөөр хэлбэл, нэгдүгээр үе аав, ээж. Хоёр дахь үе буюу өвөө, эмээ. Гурав дахь үе буюу элэнц өвөө, эмээгийн түвшинд цус ойртолт их байна. Энэ бол асуудал аюултай хэмжээнд хүрсэний илрэл. Хүн болгоны генийн санд тодорхой нөхцөл нь бүрдвэл өвчин болдог багадаа 5-6 гень  байдаг. Тухайн хүн цус ойртож гэрлэхгүй бол өвчин үүсгэдэг гень нуугдмал далд хэлбэртэй. Харин цус ойртохоор нуугдмал генүүд хоорондоо ижилсээд гаднаа шинж тэмдэг нь илрэх нөхцөл нь бүрдчихдэг. Тэр илэрц нь үр хүүхэд дээр нь гарч ирдэг”  гэсэн юм.

Ихэнх хүмүүс тав, зургаа биш яагаад заавал есөн үеийн дотор ураг холбохыг хатуу цээрлэдэг юм бол гэж эргэлздэг. Тэгвэл эрдэмтдийн гаргасан шинжлэх ухааны үндэслэлээр хүн 46 хромосом, 32040 генийг  аав, ээжээсээ тэнцүү авч байж бүтэн хүн болдог байна. Өөрөөр хэлбэл, миний биеэр аав, ээжийн  цус 50, 50 хувиар эргэж байгаа гэсэн үг. Энэ харьцаа өвөө, эмээгийн түвшинд ирэхээр хоёр дахин буурч 25 хувь болдог. Элэнц, өвөг эмэгийн түвшинд ирэхээр дахиад хоёр дахин буурч 12.5 хувь болно. Хуланц өвөг,эмэгийн түвшинд 6.25, элэн хулан холбоо өндөр өвөг эмэг тэнгэр өвөг эмэг гэх зэргээр хоёр дахин буурсаар  ес дэхь үедээ  ирэхээр цусны хамаатал 0.19 хувь болж багасдаг байна.  Ингэснээр арав дахь үеэс хойш цусан төрлийн холбоогүй харь элгийн хүмүүс болдог гэж үздэг байжээ.Гэтэл энэ цусны хамаатал дахиад 25 үе хүртэл тооцоолсон ч тэг болдоггүйг эрдэмтэд тогтоосон байна.

 

ГУРВАН ҮЕЭ МЭДДЭГ ХҮН АЛГА

 

Өнөөгийн залуус битгий хэл  улс орон даяар хоёр өвөө, эмээгээсээ дээш  дөрвөн баганаар гурван үеэ бүтэн мэддэг хүн байхгүй байгааг хүн судлалын эрдэмтэд хэлж байна. Ихэнхдээ нэг талын аав, ээж юмуу ганц хоёрхон баганаар нэрлэснээ угийн бичиг хөтөллөө гэж андуурдаг гэнэ. Ялангуяа, идэр насныхан овог гэдгийг аавынхаа нэрээр л төсөөлж ирсэн гэхэд хилсдэхгүй. Тиймээс угийн бичгийг зөв хөтөлж мэдэхгүйгээс  Монгол Улс даяар  цус ойртолтын аюулын харанга дэлдэж байгаа аж.

Цус ойртолтыг шууд, алсуур гэж хуваадаг. Шууд цус ойртолт нь илэрхий цусан төрлийн холбоотой хүмүүс хоорондоо гэрлэхэд илэрдэг бол алсуур цус ойртолт нь нэг нутаг усныхан олон үе дамнан гол усны хараа бараагаар хоорондоо гэрлэхэд бий болдог байна. Генетикийн шинжлэх ухааны тооцооллоор нийт цус ойртолтыг F  нэрлэдэг. F тэгтэй тэнцүү байвал цус ойртолт байхгүй. Харин тэгээс их утгатай байвал цус ойртолттой гэсэн үг юм. Тэгвэл аймаг бүрийн хүн амд тооцоолоод үзэхээр тэгтэй тэнцэх буюу цус ойртолт илрэхгүй  аймаг гэж байхгүй байгаа аж. Нийт цус ойртолтын коэффициентийг нэгтэй тэнцүү гэж үзвэл түүний 97.24 хувийг шууд цус ойртолт, үлдсэн 2.76 хувийг алсуур цус ойртолт эзэлж байгаа юм байна.

Энэ талаар доктор Э.Энхмаа "Аймгууд хоорондоо бага зэрэг ялгаатай ч  их, бага гэх  талцаад маргаад байх шаардлагагүй түвшинд бий. Хүн амын тал хувь нь амьдарч байгаа нийслэлд ч гэсэн цус ойртолт байна. Учир нь хөдөө орон нутгаас хотод шилжиж ирэхдээ гэр бүл ах дүү, нутаг усныхнаа барааддаг. Цус ойртолтын улмаас төрөл бүрийн  төрөлхийн гажиг согогтой төрж байгаа хүүхдүүд олон болж байна. Хүн амын өвчлөл хэрээс хэтэрсэн нь цус ойртолт холбоотой нь судалгаагаар нотлогдсон. Мэдээж өвчлөлд нөлөөлдөг бус хүчин зүйлийг үгүйсгэхгүй” гэв. 2005 онд Эрүүл мэндийн сайдын тушаал  гарч улсын хэмжээнд шинээр төрж байгаа хүүхдүүдийн дунд төрөлхийн согог гажигтай хүүхдүүдийг бүртгэх нэгж байгуулж байжээ. Бүх аймагт төрөлхийн гажигтай хүүхэд төрсөн ч бүрэн бус мэдээллээр  2005-2009 онд төрөлхийн гажигтай 700-аад хүүхэд бүртгэгдсэн байна. Харин 2014-2015 онд 1,280 тохиолдол болж нэмэгдсэнийг Монголын ураг удмын  уламжлалын нэгдсэн холбооноос мэдээлж байв. Тухайлбал, уруул сэтэрхий, уруул тагнай хоёулаа сэтэрхий, хүүхэн хэл байхгүй зэрэг 10 төрлийн гажиг бүртгэгджээ.

Цус ойртолт улс үндэстнийг мөхөл рүү хөтөлдөгийн жишээ  нь  200 жил төрийн эрх барьсан Испанийн  Хабсбургийн хаан угсаа юм. Хаан  угсаа мөхөхөд цус ойртолт нөлөөлснийг эрдэмтэд судалж үр дүнг нь  дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн байдаг. Нэгдүгээр Филипп хааны үеэс Чарльз II хааны үед мөхсөн энэ удамд цус ойртсон 11 гэрлэлт байсны  найм нь үеэлүүдийнх байж. Энэ хугацаанд цус ойртолтын хувь арав дахин өссөн байдаг аж. Үүний уршгаар  Чарльз II хаан хоёр удаагийн гэрлэлтээс үр хүүхэдгүйн дээр удамшлын хоёр төрлийн эмгэгээр тарчилж зовж байгаад 39 насандаа өөд болжээ.

 

Үргэлжлэл бий

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen