Хойд Солонгосыг буруутгав
Х.ОЮУНБОЛД
НҮБ-ын Ерөнхий чуулганы Хүний эрхийн хороо Хойд Солонгосыг ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдсэн цаг үед цөмийн зэвсгийн болон баллистик пуужингийн туршилт хийсэн гэж буруутгажээ. Учир нь Хойд Солонгосын ард түмний 70 хувь буюу 18 сая иргэн хоол хүнсний хомсдолд өртөөд байгаа энэ үед зургаан удаа цөмийн зэвсгийн болон тив хоорондын пуужингийн туршилтыг хийсэн билээ.
НҮБ-аас гаргасан "Пхеньяныг улсынхаа төсөв хөрөнгийг ард түмнийхээ төлөө биш цөмийн зэвсэг болон баллистик пуужин бүтээхэд ашиглаж байна” гэсэн тогтоолыг дэлхийн 61 улс дэмжжээ. Мөн тус улсын иргэний тэн хагасаас илүү нь хоол ундны хомсдолд, харин дөрвөн хувь нь хоол хүнсний ноцтой хомсдолд өртөөд байна хэмээн дурдсан байна. Хүний эрхийг удаан хугацаагаар,санаатай зөрчиж байна гэж буруушаажээ. Түүнчлэн НҮБ Пхеньян эрүүдэн шүүх, цаазаар авах, дур мэдэн баривчлах, түүний нутаг дэвсгэрийн дотор болон гадна байгаад гадаадын иргэнийг хулгайлж байгаа нь тус байгууллагынхан санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. НҮБ энэ тогтоолоор Хойд Солонгост хоригдож байгаа гадаадын иргэнд харьяа улсынхаа консулын газар болон гэр бүлийнхэнтэйгээ харилцахыг зөвшөөрөхийг шаарджээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин