Аяга цуурсан ч эвлэдэггүй, амьгүй учраас...

Аяга цуурсан ч эвлэдэггүй, амьгүй учраас...

Улс төрийн хүрээнд ахмад нам, өнөөгийн эрх баригч МАН-ын XXVIII Их хурал энэ долоо хоногийн сүүлээр болно. Тэдний энэ удаагийн хурлыг олон нийт чих тавин хүлээх нь тодорхой. Тэр дундаа сүүлийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд 32, 33-аараа хуваагдан, дотооддоо ч эв нэгдлээ ололцохоо байсан нь илэрхий болсон.

Түүнийг нь дагаад улс орны эдийн засаг хүнд байхад эрх баригчид нь эв зүйгээ олохгүй, төрийн ажил гацаалаа гэх шүүмжлэлийг ч хүртээд байгаа. Үнэхээр л "дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэгчлэн тэд учраа олохгүй бол дараагийн удаа Засгийн газар дэнжгэнэхгүй гэх баталгаа ч алга байна. 

Үүнийг шийдэх гарц, гаргалгаа нь энэ удаагийн Их хурал хэмээн тус намын гишүүд ч харж, хүлээлт үүсгээд байгаа. Хэдийгээр МАН-ын гишүүдэд хамаатай мэт боловч үнэндээ энэ нь цаашид 2020 он хүртэл Монгол Улс хэрхэн явахыг шийдэх чухал хурал ч гэж ойлгож болно. Тиймдээ ч XXVIII Их хурал зөвхөн МАН-ын гишүүдэд бус Монголын ард түмэнд хамаатай. МАН-ын талцал, хуваагдал нийгмийг ч талцуулах аюултай. Яагаад гэвэл тэндээс гарах шийдвэр тэднийг, үргэлжлээд Монголын төрд тусгалаа олно.

Төрийн эрхийг атгамагцаа дотооддоо хагаралдсан МАН-ынхныг өнөөг хүртэл цулбуурыг нь алдуулчихгүй, гал дээр тос нэмчихгүйнхэн Их хурлын хугацааг товлуулах нь одоогийн удирдлагуудын эвийг эрхэмлэх чадвар. Намын зарим гишүүний хэлж буйгаар эв нэгдлийг сахидаг М.Энхболд шиг хүн, ноён нуруутай хүн МАН-ыг удирдаж байгаа учраас хуралдах гэж байна хэмээх аж. Үнэхээр ч улсын төсөв батлахаас эхлээд олон ажилтай зэрэгцээд тэд учраа олно хэмээгээд талийж одсон бол бас л түвэгтэй. 

Энэ удаагийн хурлаар МАН шинэ даргатай болно. Одоогоор гурван ч хүний нэр яригдаж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын пиарчин Н.Дэмбэрэл. Тэд бүгд л шинэ бодлого боловсруулж, эрч, хүчтэйгээр намаа удирдана хэмээн мөрийн хөтөлбөрөө боловсруулж, ам гарна. Харин хэрхэн ажиллахыг цаг хугацаа харуулах биз. 

Юутай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өөрөө ажлаа өгөхөө нэгэнтээ хэлсэн одоогийн МАН-ын дарга М.Энхболд шиг төрийн ажилд ноён нуруутай хандаасай хэмээх нь олны амнаас сонстох болжээ. Учир нь намын ажил, төрийнхөөс өөр гэдэгт байгаа бололтой. Зарим хүн М.Энхболд намын даргаа өгч байгаа юм чинь их улс төрөөс явах бэлтгэлээ хангаж байна гэж хардах биз. 

Гэвч түүний хувьд 2007 онд намын даргын ажлаа өгсөн ч буцаж ирсэн. Ирэхдээ ялагдлаа хүлээгээд яах вэ гэдэг асуултын тэмдэгтэй байх үед нь "удирдлагаа ав” гэдэг даалгаврыг хүлээж авсан. Тэгж л өнөөдөр МАН УИХ-д 65 суудалтай болсон. Түүнийхээ үр шимийг хүртэнэ хэмээн намын даргаараа үлдэнэ гэж ч зүтгэсэнгүй. Яах вэ, зүтгээд үзэг, өөрсдөө удирдаад яваг гэх түүний хүлээцтэй зан ч байж мэдэх. 

Ямартай ч "цуурсан аяга эргэж нийлдэггүй” гэдэг. Мэдээж амьгүй учраас нийлэхгүй. Харин намынхаа Их хурлыг хийж буй МАН-ынхан зөв, буруугаа хэлэлцэн эе эвээ хичээх эсэх нь хариулт болон үлдлээ. Эвлэрэх байх тэд. Амьтай хүмүүс юм чинь.

Б.ТӨГӨЛДӨР

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen