Найман настай охин хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болжээ
1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод Монголын талаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Алтайн өвөр говиор 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.
Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 5-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 5-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
2.Объектын түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд иргэн Ц-гийн 21-93 УБЕ улсын дугаартай ’’Приус-20’’ загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.02-ны өдрийн 21:56 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 22:05 цагт хүрэлцэн очиж 00:10 цаг ажиллаж, унтраасан. Иргэн Ц-гийн нүүр, 2 гарын алганы хэсэг нь гал түймэрт түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-103-т хүлээлгэн өгсөн.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт иргэн С /8 настай, эмэгтэй/ 11.02-ны өдрийн 13:00 цагт хичээлдээ явна гэж гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 21:41 цагт хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 8 алба хаагч, Цагдаагийн хэлтсийн 28 алба хаагч, ЕБСургуулийн 40 ажилтан, орон нутгийн 35 иргэн, ар гэрийн 5 хүн, нийт 116 хүн, 16 автамашинтай эрэн хайх ажиллагааг 11.02-ны өдрийн 17:50 цагаас зохион байгуулж, 09:20 цаг ажиллаж, 11.03-ны өдрийн 02:30 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР