Цагаадайн улсын төрийг барьж байсан эвт найрсаг Эргэнэ хатан

Цагаадайн улсын төрийг барьж байсан эвт найрсаг Эргэнэ хатан

 

Эргэнэ хатан нь ойрадын Иналчи хүргэн болон Чингис хааны охин Цэцээхэний хүү Барбөхийн охин буюу тэдний ач охин болой. Эргэнэ хатан 1251-1260 оны хооронд Цагаадайн улсын төрийг барьжээ. Энэ хатны нэрийг сурвалж бичгүүдэд Эргэнэ, Ургана, Уркена, Оркына зэргээр тэмдэглэсэн байна.

Тэрбээр Цагадайн ууган хүү Мүтүгэний хүү Хархүлэгийн эхнэр байжээ. Хархүлэг нь Цагаадайг нас барахад түүний гэрээслэл ёсоор 1242 онд Цагаадайн улсын эзэн суужээ. Эргэнэ хатны нөхөр Хархүлэг улсаа 1242-1246 он хүртэл захирч байв. Гүюг 1246 онд их хаан болохдоо: "Хүү нь байхад яахан ач нь захирч болох билээ" гээд Хархүлэгийг хаан ширээнээс нь зайлуулж, Цагаадайн хүү Есөнмөнхийг хаан болгосон байна. Тэрбээр 1251 он хүртэл төр барьжээ. Их Монгол Улсын хаан ширээ 1251 онд Өгэдэйн удмаас Тулуйн удамд шилжиж, Мөнх их хаан болсноор Цагаадайн улсын хаан бас солигдоход хүрчээ.

Мөнх хаан өөрийн ээлжинд дотны нөхөр Хархүлэгт хаан ширээг шилжүүлэн өгчээ. Хархүлэг Цагаадайн улсын эзэн суух гэрэгэ зарлигийг Мөнх хаанаас авч, Есөнмөнхийн ордны зүг явж байх замдаа Алтайн орчим таалал төгсчээ. Энэ байдалд Хархүлэгийн орыг Мөнх хааны зарлигаар түүний хүү Мубарак шахад шилжүүлжээ. Цагаадайн улсын шинэ хаан балчир байсан тул засгийн эрхийг энэ үед Хархүлэгийн бэлбэсэн эхнэр Эргэнэ авсан байна. Ийнхүү Эргэнэ хатан 1251 онд Цагадайн улсын төрийн эрхэнд анхлан гарчээ. Юуны өмнө Эргэнэ хатан нөхрийнхөө шадар ноён сайд Хабаш Амид болон бусад ноёд цэргийн хүчээр Есөнмөнхийг баривчлан, Бат руу явуулсан байна. Гэвч Бат хаан түүнийг хэсэг зуур байлгаж байгаад эргүүлэн нутаг руу нь буцаажээ. Гэвч Есөн мөнх удалгүй Эргэнэ хатны өш хонзонгийн золиос болон амиа алджээ. Эргэнэ хатан төр барьснаар Хабаш Амид болон түүний хүү Насир Адцины дэргэд шадар сайд болжээ. Есөнмөнхийн шадар сайд байсан Имам Беха Аддин Маргинанийг 1251 оны сүүлээр амийг нь хөнөөжээ. Эргэнэ хатан энэ үедээ Цагаадайн улсын нутаг дэвсгэрийг нийтэд нь захирч чадсангүй. Цагаадайн улсын зарим хэсэг, Өгэдэйн улсыг бараг бүхэлд нь Тулуй болон Зүчийн удмынхан хуваан авсан байна. Мөнхийг хаан суулгасан гол этгээд хийгээд алтан ургийнхны хамгийн ахмад нь болох Бат хаан Монголын Эзэнт Гүрний хэмжээнд онцгой байр суурьтай байв. Өгэдэй, Цагаадайн удмын насанд хүрсэн ихэнх төлөөлөгчид энэ үед бараг цөм хадагдсан ба аль эсвэл цөлөгдсөн байсан учир Мөнх хаан, Бат хоёр эзэнт гүрний газар нутгийн шинэ хувиарийг төвөггүй хийж чадсан байна. Харин энэ үед Цагаадайн удмын балчир хүүхдүүдийг хааны ордонд хүмүүжүүлж байсан учир тэд Хубилай хааны үед л өвөг эцгийнхээ эзэмшил нутагт ирж суух болсон ажээ.

Эргэнэ хатан Алмалиг хотноо төвлөн сууж байхдаа 1254 онд их хааны зарлигаар персийг дайлаар явж байсан Хүлэгүг хүлээн авчээ. Эргэнэ хатан түүнд зориулан их найр хийж, бэлэг сэлт өгсөн байна. Хүлэгүг ийнхүү ихэд хүндэтгэсэн явдал бол Эргэнэ хатан төрийн ёс үйлдсэн төдий хэрэг бус, харин Эргэнэ хатны төрсөн эгч Кубак болон түүний дүү Өлзий нар хоёул Хүлэгү хааны хатан байсан тул Эргэнэ хатан хүргэн ах, эгч дүү нартаа ийнхүү гүн хүндэтгэл үзүүлсэн хэрэг байжээ. Хүлэгүг Самаркандын орчим 1255 оны намар дөхөж очиход, Цагаадайн улсын захирагч Масуд бек Ялавич 40 хоногийн турш түүнийг мөн дайлсан байна. Эндээс үзэхэд Эргэнэ хатан Тулуйн удмынхан дунд нэлээд нэр хүндтэй байсан юм. Тиймээс Цагаадайн улсын түүхийн эмгэнэлтэй хүндхэн үед төр барьж байсан Эргэнэ хатан улс орныхоо гал голомтыг авч үлдэж чадсан байна. Цагаадайн удмынхан дунд ч түүний нэр хүнд ендер байсны баримт бол Цагаадай бүх бэрүүдээсээ түүнийг онцгойлон үзэж, Эргэнэ бэр хэмээн дотночлон дууддаг байжээ. Эргэнэ хатан өөрөө бурханы шашин шүтдэг байсан ч, лалын шашинтныг ихэд ивээдэг байв. Түүний хүү Мубарек шах алтан ургийнхнаас хамгийн түрүүнд лалын шашинд орсон юм. Мөнх хааны төр барьсан хугацаанд Эргэнэ хатан балчир хүүгийнхээ оронд Цагаадайн улсы, захирч байгаа. Их Монгол Улсад дэгдсэн хаан ширээний төлөө тэмцэлд Аригбөхийн талыг дэмжив. Аригбөхийг дэмжихэд хүргэсэн нэг шалтгаан бол мөн л худ ургийн хслбоо байжээ. Учир нь Эргэнэ хатны өөр нэг эгч Илчигмиш нь Аригбөхийн хайртай хатан нь байжээ. Хубилай Эргэнэ хатныг өөрийн талд татан авах зорилгоор дэргэдээ байсан Цагаадайн гуч хүү Абишкаг Цагаадайн улс руу илгээсэн боловч  тэрбээр тангудын нутагт Аригбөхийн талын ноёдын гарт орж, удалгүй Аригбөхийн тушаалаар хороогдсон байна.

Хубилайн жишгээр Аригбөх мөн Цагаадайн улс руу өөрийнхөө дэргэд алба хашиж байсан Цагаадайн отгон хүү Байдарын хүү Алгуйд гэрэгэ зарлиг өгч явуулсан байна. Алгуй өвөг эцгийнхэз хувь улсад очиж, улсаа бүрэн эрхтэйгээр захирч эхэлжээ. Эргэнэ хатан энэ үед захирагч Масуд бекийн хамт Аригбөхийн зүг явж очоод, Алгуйн талаар гомдол мэдүүлж, түүний халамжинд нэлээд хугацаагаар хажууд нь байжээ. Гэвч эцсийн бүлэгт Аригбөх Хубилай хаантай хийсэн тэмцэлд дийлдэн, бууж өгөхөөр одохдоо Эргэнэ хатан болон Масуд бекийг Алгуй руу илгээсэн байна. Энэ үеэс Алгуй Эргэнийг хатнаа болгож, Цагаадайн улсыг бүрэн эрхтэй захирч, Масуд бекийг Самарканд, Бухар хотын захирагчаар томилжээ. Цагадайн удмын төрийн залгамж холбоог алдагдуулахгүйн тулд Эргэнэ хатан ийнхүү Алгуйтай гэрлэсэн байна. Алгуй удаан төр барьж чадсангүй, 1265 оны сүүлээр нас баржээ. Энэ үед Эргэнэ хатан ноёд, түпгмэдийн дэмжлэгээр өөрийн хүү Мубарек шахыг хаан ширээнд өргөмжилжээ. Тэрбээр Их Монгол Улсын түүхэнд анх удаа их хааны зарлиггүй хаан болсон байна. Тиймээс лалын шашны нөлөө бүхий санваартан л ам нарын дэмжлэг олох үүднээс Мубарек шах өвөг дээдсийн сүсэг бишрэлийг орхиж, лалын шашинд орсон байна. Гэвч Цагадайн улсын шинэ эзнийг Хубилай хаан үл зөвшөөрөн, Цагадайн удмын Боракийг Мубарек шахтай хамтран төр бариулахаар зарлигджээ.

Борак нь Хубилай хааны дэргэд олон жил алба хааж, түүний итгэлийг олсон хүн байв. Цагадайн улсад очоод Борак байдлыг ажвал Мубарек  шах  болон Эргэнэ хатны байр суурь нэлээд бат бөх болохыг олж харжээ. Тиймээс хаан ширээг ов мэхээр эзлэн авахаар шийдэж, тэдэнд зарлигаа үзүүлээгүй байна. Улмаар Борак 1266 оны сүүлээр Мубарек шахыг зайлуулж, барсчин буюу ан авын ажил эрхэлсэн ноён болгожээ. Хагас жил хүрэхгүй хугацаанд Борак дан заль мэхээр хаан ширээг эзэлж чадсан нь Мубарек шахын гол түшиг тулгуур болж байсан эх Эргэнэ хатан нас барсантай холбоотой байжээ.

Ийнхүү Эргэнэ хатан 1251-1260 он хүртэл дангаар, 1260-1265 онд Алгуйтай, 1266 онд Мубарек шахын хамт 10 гаруй жил Цагаадайн улсын хүнд бэрх үед засгийн эрх барьсан, төр улсын гарамгай зүтгэлтэн байжээ. Тэрбээр хэзээ ямагт төрийн эрх ашгийг дээдлэн, ёс заншлаа эрхэмлэн, холч мэргэн ухаанаар улсаа захирч байжээ. Чингис хааны зээ охин, Цагаадай хааны хайртай бэр бөгөөд алтан ургийнхан дунд ихэд нэр хүндтэй, улс төрийн нөлөөтэй байсан Эргэнэ хатан Их Монгол Улсын түүхэнд чухал байр суурь эзэлсэн бөлгөө.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen