Японы тагнуулд шургалж чадсан монгол тагнуулч
Японы цэргийн хүчин 1931 оноос Зүүн хойд Хятад, Дотоод Монголыг эзэлснээр Монгол Улсын хилийн дагуу, Замын-Үүдээс гурван улсын хилийн уулзвар Тарваган дахын овоо хүртэл 1000 орчим км газраар Японтой зах нийлэх болов. Мөн БНМАУ-ын хилээс 50 км-т орших Шилийн гол аймгийн Авга Да вангийн хошууны Дай ламын сүмд Японы тагнуулын салбар байрлан үйл ажиллагаагаа явуулж байв.
Улсын хилийг санаатай зөрчин, өдөөн хатгах ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, 1942-1945 онд улсын дорнод, зүүн өмнөд хил дээр гарсан 500 орчим хилийн зөрчил, өдөөн хатгалгыг 1940 оныхтой харьцуулбал 41 хувь, оролцогсдын тоо 2,2 дахин нэмэгджээ. Тэдгээрийн олонх нь тагнуулын даалгавартай байжээ. Японы тагнуулчид ганц нэгээр болон хэсэг бүлгээр, зарим үед чонын арьс нөмрөн хил нэвтрэх, тагнан туршихын зэрэгцээ, хилийн манааг хилийн цаанаас буудан хороох явдал ч гарч байжээ. Япон улсын зүгээс авч байсан энэхүү бодлогын эсрэг Дотоод Явдлын Яамнаас /ДЯЯ/ нэн түрүүнд авах арга хэмжээ бол Японы тагнуулын үйл ажиллагааг мэдэх, түүнийг саармагжуулах, хилийн чанад дахь нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдэх явдал байв. Энэ үүргийг гүйцэтгэхэд ДЯЯ-ны тагнуулчид ихээхэн хувь нэмэр оруулсан байдаг. Тэдгээр тагнуулчдын нэг нь Дотоод Монгол дахь Японы тагнуулын салбарт суурин нууцаар 1943-1945 онд ажиллаж байсан Намдагийн Малайхүү юм.
Уг шаардлагад Дорноговь аймгийн Өргөнцэцэрлэг сумын харъяат, 1932, 1933 онд мөн аймгийн Сайхандулаан сумын Чадарын Цэдэв хэмээгчтэй улсын хилийг хоёр удаа нэвтрэн Дөрвөдийн хошууны Гаанжуур хэмээх сүм хүртэл явж ирэхдээ хил дээр баригдаж, 1000 гаруй төгрөгөөр торгуулсан ба хоёр дахь явалтаараа гэртээ ирэн баригдаж, аймгийн шүүх таслах газар 6 сар хоригдох ял эдэлж, өршөөлөөр суллагдсан, Дотоод Монголын газар орныг сайн мэдэх Намдагийн Малайхүү нийцэж байв. Түүний хамт мөн аймгийн Дашгайн Бүлтгэрийг Дотоод Монголын Шилийн голын чуулганы Баруун Сөнөдийн хошууны Халхын дэнж хэмээх газар нутаглан суугаа төрөл садантайгаа уулзах гэж явна хэмээх халхавчаар явуулахаар төлөвлөн шаардлагатай арга хэмжээнүүдийг авчээ. 1942 оны 10 дугаар сард Дорноговь аймаг дахь ДЯЯ-ны хэлтсээс 9 дүгээр отрядын гүйцэтгэх тасагтай хамтран хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр Н.Малайхүү, Д.Бүлтгэр нарыг хил нэврүүлсэн боловч Японы тагнуулд баригдан Модонгийн сүмд хүргэгджээ. Энэ тухай ДЯЯ-ны Дорноговь хэлтсийн дарга ахлах майор Б.Дэнзэнваанжил ДЯЯ-нд: "... нууц нарын биес улсын хилээс 50 км газар хоёр хоног яваад Дөрвөдийн хошууны Алаг шанд хэмээх газар японы тагнуулын ажилтай, Монгол Зонрой хэмээх хүнд баригдаж, улмаар Японы тагнуулын газрын салбар болох Модонгийн сүмд хүргэгджээ ...” хэмээн мэдэгдсэн байна.ДЯЯ-ны Дорноговь аймаг дахь хэлтсээс 1941 онд "Заншир” хэмээх нууцыг хил нэвтрүүлэн Японы тагнуулын үйл ажиллагаа хийгээд Дотоод Монголын улс төр, эдийн засаг, цэрэг зэвсгийн тухай нөхцөл байдлын мэдээ олуулахаар явуулсан байна. Гэвч "Заншир” нь хилийн чанадад гарснаас хойш сураггүй алга болсон төдийгүй Японы тагнуулд уравсан тухай мэдээ авагдах болжээ. Ийнхүү ДЯЯ-ны Дорноговь аймаг дахь хэлтсээс Модонгийн сүмд буй Японы тагнуулын салбарын үйл ажиллагааг мэдэх, "Заншир”-ын уравсан эсэхийг шалгах, уравсан бол баривчлах төдийгүй хилийн чанадад суурин нууц бий болгох зорилгоор тусгай арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай болжээ. Гэвч Дотоод Монголд Япончууд Монгол улс, Зөвлөлтийн тагнуулчдыг илрүүлэх гэж оргодол-цагаач, урвагчдын дунд зохиох эсэргүүцэн тагнах ажлыг хүчтэй болгож, Дотоод Монголд очсон халхын оргодол, дүрвэгсдийг Шилийн голын чуулганы баруун Сөнөд хошууны нутагт цуглуулан "Дилав”-ын буюу "Шинэ хошуу”-г байгуулан Завсар, Бандид гэгээний хийд дэх тагнуулын салбарын хяналтад өгчээ. Ингэснээр энэ хошуу, сумдын оргодол, дүрвэгсдийг шалгаж, японы тагнуулын хүч сэлбэх нөөц болгож байсны дээр баривчлагдсан Монголын тагнуулчдыг таниулах, мэдүүлгийг шалгахад тэднийг ашиглаж байв. Энэ мэт хараа хяналт чанга үед хилийн чанадад ажиллаж чадахуйц чадвартай нууц ажилтан зайлшгүй шаардлагатай болжээ.
Н.Малайхүү, Д.Бүлтгэр нар Модонгийн сүм дэх тагнуулын салбарт хүргэгдэн очиж мэдүүлэхдээ "ДЯЯ-наас зааварласан ёсоор Сулинхээрийн отрядын дарга Цэдэвийн даалгавраар Занширтай холбоо барихаар явна” хэмээн мэдүүлжээ. Үүний дараагаар японоос нууц нарыг өөрийн тагнуулд элсүүлэн буцаажээ. Модонгийн сүм дэх Япон тагнуулын салбараас Н.Малайхүү, Д.Бүлтгэр нарт Сайншанд, Замын-Үүд зэрэг газруудад Зөвлөлт улсын цэрэг буй эсэх, түүнчлэн Монголын дотор ямар нэг сонин зүйлийн мэдээ материалыг мэдэж, 1942 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дөрвөдийн хошууны бөгөөд Монгол Улсын хилээс 50 гаруй км цааш Баян Номгон ууланд уулзахаар ирэхдээ хэлж мэдүүлэх хэрэгтэй хэмээн даалгаврыг өгчээ. Хилийн чанадад тусгай үүрэг гүйцэтгэхээр явуулсан Н.Малайхүү, Д.Бүлтгэр нар нь Японы тагнуулын салбарт давхар элсэж чадаад буцаж ирсэн нь УАХБ-д Дотоод Монголд суурин нууц нэгээр нэмэгдэх эх үүсвэрийг тавьж өгчээ.
1943 онд ДЯЯ-ны Дорноговь хэлтсээс Н.Малайхүүг хилийн чандад удаан хугацаагаар суулгах төлөвлөгөөг гаргасан байна. Уул төлөвлөгөөг сайтар зохион байгуулахын тулд ДЯЯ-ны Дорноговь аймаг дахь хэлтсээс Н.Малайхүүгийн хамт гадаадад явж байсан нууц Д.Бүлтгэрийг нийтийн өмнө дайчлан баривчилж, Н.Малайхүүг гэртээ байхгүй үеийг тохиолдуулан гэрт нь ирж гэр бүлийнхэнд нь түүнийг баривчлах тогтоолыг уншиж танилцуулжээ. Ийнхүү Н.Малайхүү япон тагнуулаар элссэн нь илчлэгдсэн, Д.Бүлтгэрийг ДЯЯ-наас баривчилсан бөгөөд би оргож ирсэн хэмээх халхавчаар хилийн чанадад гаргаж суурин нууцаар суулгах ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байна. Н.Малайхүү Дотоод Монголын Модонгийн сүм болон Баруун Сөнөд дэх Японы тагнуулын салбарт суурин нууцаар ажиллаж байгаад 1945 оны эхээр сураггүй алга болжээ.
Түүний тухай Японы тагнуулын салбарт ажиллаж байгаад 1945 оны 7 дугаар сард баригдаж ирсэн Ч.Пэрэнлэйжамцаас өгсөн мэдүүлэгт: "...Малай бол гуч гаруй насны цайвар шар царайтай, нуруугаар өндөр, буурал толгойтой байсан. Малай сүүлд Баруун Сөнөд хошууны төв дэх японы тагнуулын салбарт ажиллаж байгаад 1945 оны хавраас үзэгдэхгүй болсон, дам сонсвол Завсарын шоронд байгаа сураг байсан ...” хэмээсэн бол тагнуулын үүрэг гүйцэтгэж байгаад япончуудад баригдан Завсар дахь шоронд хоригдож байгаад 1945 оны 8 дугаар сард чөлөөлөгдсөн Гоогийн Түмэнжаргалын бичиж үлдээсэн дурдатгалд: "Миний бие Завсарын шоронд хоригдож байх үед Малайхүү гэдэг хүнийг япончууд буудаж алсан тухай яриа сонсогдож байсан. Хоригдож байсан хүмүүс чухал хүн алагдлаа гэлцэж байсныг бодоход нэлээд сайн хүн байсан болов уу гэж боддог ...” хэмээжээ.
1940 оны үед БНМАУ-аас Дотоод Монголд суулгасан суурин нууцууд нь ихэвчлэн эх орноосоо уравсан хийгээд хилийн чанадад оргон гарсан хүмүүсийн мэдүүлгээр илчлэгдэж байсан төдийгүй Н.Малайхүүг хэн илчилсэн, юуны учраас Завсарын шоронд хоригдох болсныг тодруулах архивын баримт сэлт байхгүй байна.
Суурин нууц Намдагийн Малайхүү гэж хэн байв?
Намдагийн /Дамбадаржаа/ Малайхүү нь 1908 онд Дорноговь аймгийн Өргөнцэцэрлэг сумын нутагт Баян хэмээх газар төрсөн. 1933 онд эцэг Дамбадаржаа /55 настай/, эх Сосорбурам /54 настай/, эрэгтэй дүү Ванчигжав /17 настай/ нарын хамт амьдарч байжээ. 1923-1929 онд мөн аймгийн Амгалантын хийдийн өндөр Дашдорж гэгч хүнд шавь орж лам болсон бөгөөд 1929 онд өөрийн сайн дураар хар болжээ. 1936-1938 он хүртэл Дорноговь аймгийн клубт жүжигчнээр ажиллаж байгаад 1938 оноос Улаанбаатар хотын соёлын ордонд тайзны эрхлэгчээр, Дорноговь аймгийн клубын дарга, 1939 оны 7 дугаар сараас 1940 оны 11 дүгээр сар хүртэл Улаанбаатар хотын төв театрын коминдант буюу мөнгөний нярвыг хавсран ажиллаж агаад ар гэрийн гачигдлаар халагдаж хөдөө орон нутагтаа буцжээ. 1941 оноос Дорноговь аймаг дахь ДЯЯ-ны хэлтэстэй хамтран ажиллаж, нууцаар хил зөрчих, дүрвэн нүүх, Японы тагнуулын хорлон сүйтгэх үйл ажиллагааг илчилсэн үнэтэй мэдээ мэдээллийг өгч байжээ. Тагнуулч Н.Малайхүүгийн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө амь, бие хайргүй зүтгэсэн юм.