Тосонбумбын эмгэнэлт хувь заяа Баянхонгорт давтагдах уу!!!

Тосонбумбын эмгэнэлт хувь заяа Баянхонгорт давтагдах уу!!!

 

Монголд төдийгүй дэлхийд нэн ховор цоохор ирвэсний өлгий нутаг Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудал нэлээд хэл ам дагуулсан. Тэр цаг дор нутгийн иргэд төдийгүй монголчууд удаа дараа эсэргүүцлээ илэрхийлсээр байсныг та бүхэн санаж байгаа.

Улмаар тухайн үеийн УИХ-ын нэр бүхий гишүүдийг багтаасан ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдалтай танилцаж, УИХ-аас хамгаалатад авахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу 2016 оны дөрөвдүгээр сард Тосон бумын нурууг бүхэлд нь буюу 896 мянган га-аар Улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэвч өдгөө 153 мянган га газрыг хасч хилийн заагийг тогтоосон гашуун түүхтэй. Өөрөөр хэлбэл уул уурхайн лиценз эзэмшигч гэх компаний газрыг тусгай хамгаалалтаас гаргаж, бүс нутгийн амьд бүхнийг мөхөх аюулд хүргээд буй юм. Олз ашигт шунасан уурхайн эзэд ийм л арга зальтай, бас аюултай.

Тэгвэл Тост, тосонбумбын эмгэнэлт хувь заяа давтагдаж болзошгүй нөхцөл байдал Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт үүслээ.

Тодруулбал, "Галуутын хавцал”-ын залгаа уул ус, ургамал, нэн ховор ан амьтад бүхий газар нутагт уул уурхайн компани хууль бусаар алт олборлохоор ажлаа зэхэж байна.

"Галуутын хавцал”-ын ойролцоох "Их дугуй” хэмээх газарт "А лиценз”-тэй гэх "Тулга Жаргалант” компани олборлолт явуулахаар 2017 оны долоодугаар сарын сүүлээс  техник тоног төхөөрөмжөө татаж, ажлын кемпээ байрлуулжээ. Малчид газар нутгаа сийчүүлж, алт олборлуулахгүй хэмээн хүчтэй эсэргүүцэж, нүүхийг шаардсан ч үл тоосон байна.

Дээрх асуудал хүндэрсний улмаас сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нар газар дээр нь очиж,ашиглалт явуулахад шаардагдах бичиг баримтыг шалгахад шаардлага хангаагүй байжээ. Иймд хууль бүс үйл ажиллагааг таслан зогсоох үүднээс тоног төхөөрөмжүүдийг лацадсан боловч дахин техникүүд нэмж авчирсан аж.

Тухайн нутагт олборлолт эхэлбэл хүн, малыг жилийн дөрвөн улиралд ундаалдаг хоёр амьд харз ус нь үгүй болох юм. Ингэснээр тухайн сумын II, III багийн айл өрхүүд хохироод зогсохгүй ойролцоох зургаан сумын хүн, мал ундны усгүй болж амьтад устах эрсдэл үүснэгэдгийг малчид учирлаж буй.

Түүнчлэн уг газар нутагт энэ оны тавдугаар сард дэлхийд нэн ховордсон ирвэс байсныг байгаль хамгаалагч болон нутгийн иргэд харж, камерын дуранд буулгажээ.

Нутгийн иргэдийн зүгээс тус сумын Далт, Дөвөнтийн нуруу уул уурхайн компаниудад идэгдэж маш хүнд байдалтай болсон. Одоо нэмж эрүүл байгаа бэлчээр нутгаа ухуулахгүй байхыг хүсэж байна. Улмаар тус компанийн үйл ажиллагааг зогсоож лицензийг цуцлуулж өгөхийг бүх шатны албан тушаалтнуудаас хүсчээ. Гэвч дорвитой үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Иймд Галуут сумын иргэдийн ундны эх үүсвэр булаг шанд, ургамал амьтан, газар нутгаа хамгаалахад Хонгор нутгаас сонгогдсон төрийн түшээд анхаарлаа хандуулна уу.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen